2024 оны дөрөвдүгээр сарын 4-н “SAMSUNGFANS” нэртэй фейсбүүк хуудсанд “@SAMSUNG-н 36 насны төрсөн өдрийг тохиолдуулан бүрхүүлд нь бага зэргийн зураас гарсан тул худалдаанд гарах боломжгүй 375 ширхэг утсыг санамсаргүй байдлаар тарааж байгааг дуулгахад таатай байна. Хүссэн өнгөө оруулна уу, жишээ нь “Цэнхэр”” гэх мэдээлэл түгээсэн нь 338 реакц, 3800 гаруй сэтгэгдэл авч, 6900 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид ийм төрлийн баримт шалгалт өмнө хийж байсныг энд, энд мөн эндээс харж болно. Бид хуурамч хуудсын оруулсан зааврын дагуу комментоор “хар” өнгө хэмээн бичихэд хормын төдийд “мессежээ шалгаарай” хэмээн хариу өглөө. Гэвч ямар ч мессеж ирээгүй бөгөөд энэ талаар бичихэд мөн л өмнөх хариугаа хормын зуур өгсөн нь автоматжуулсан мессеж гэдэг нь харагдаж байна.
Эдгээр хуурамч хуудас нь голдуу олны танил хүмүүс, компани болон байгууллагын нэрийг барьдаг бөгөөд шагнал урамшуулал, бэлэг тараах нэрийдлээр хандалтаа ихэсгэх “clickbait” төрлийн аргыг хэрэгжүүлдэг аж.
“Clickbait” гэж юу вэ?
“Clickbait” нь “click” дарах, “bait” өгөөш гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Ерөнхийдөө ямар нэг анхаарал татахуйц шагнал урамшуулал амласан, хүмүүсийн сэтгэлийг татсан эсвэл бүр дургүйг нь хүргэсэн төөрөгдүүлсэн гарчиг, агуулгатай мэдээ, мэдээлэл дээр даруулах гэж оролдохыг хэлнэ. Ингэж хууран даруулснаар фейсбүүк хуудсынхаа лайк, дагагчдын тоогоо нэмэх зэрэг өөрт ашигтай байдлыг үүсгэдэг. Бид “юмыг яаж мэдэх вэ”, “үнэн ч юм бил үү”, “надаас унах юм байхгүй шүү дээ, ганц лайк, ганц шэйр” гэх зэргээр лайк дарж, түгээснээр ийм төрлийн хуурамч хуудсын хохирогч болох эрсдэлтэй.
Иймд хуурамч хуудсын пост дээр ямар нэг реакц дарж, түгээхгүйгээр репорт хийж байхыг зөвлөе. Репорт хийхдээ тухайн постын баруун дээд буланд байх гурван цэг (…) дээр дарж “Report post” гэснийг сонгоорой. Гарч ирсэн сонголтуудаас “spam” эсвэл “false information” гэдгийг сонгож дарснаар танд дахин энэ төрлийн мэдээлэл харагдахгүй байх эхний алхам болно. Улмаар олон хүн ойролцоо цаг хугацаанд репорт хийхэд тухайн постыг анхаарч, устгах алгоритм ажилладаг байна.
Хуурамч хуудсыг хэрхэн таньж, сэргийлэх вэ гэдгийг дараах баримт шалгалтаас дэлгэрэнгүй үзнэ үү.