ЗАЛРУУЛГА: Шалгаж буй мэдээлэлд “… хууль өргөн барих гэж байсан” гэх агуулгыг шалгахдаа УИХ-ын тухай хуульд заасанчлан өргөн барих субьектыг гаргаж өгсөн. Ингэхдээ гарчигт “санаачлах” гэдэг үг ашигласан нь төөрөгдүүлэх найруулга болсон тул “өргөн барих” гэж өөрчиллөө. Энэ нь баримт шалгалтын агуулгад хамааралгүй болно.
2024 оны 04 дүгээр сарын 30-нд Monnews нэртэй пэйжид “Талийгч нас барахын өмнө Монгол улсын газрыг 100 жилээр Хятадууд болон гадныханд өгөх гэж хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барих гэж байж…” гэсэн тайлбартай, харамсалтайгаар амь насаа алдсан өмгөөлөгч Г.Батбаяр, мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тамгаа гардаж байгаа мэтээр эвлүүлсэн зургийн хамт нийтэлжээ.
04 дүгээр сарын 26-нд ЦЕГ-ын ХМТ-ийн пэйжид “Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 20 минутын үед иргэн “Н”-аас өөрийн төрсөн ах “Б”-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэх мэдээлэл гаргаснаар сураггүй алга болоод байсан өмгөөлөгчийн амь хохирсныг мэдээлсэн.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд “иргэн Б. өөрийн автомашины арын суудалд нас барсан байдалтай олдсон”, “хэргийн газраас гэрээслэл бичиг олдоогүй” гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад худал мэдээлэл тараахгүй байхыг хүссэн. Шалгаж буй мэдээлэлд “хуулийн төсөл өргөн барих гэж байсан” гэсэн байна.
Хууль өргөн барих эрх байхгүй, харин хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах боломжтой
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан.
Энэ гурван субьекээс өөрөөр хууль өргөн барих эрх өмгөөлөгч, хуульчдад байхгүй бөгөөд харин хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах боломж нээлттэй байдаг.
Мөн УИХ-ын тухай хуульд 2022 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн саналыг бодлого шийдвэртээ тусгах зохицуулалт нэмж өгсөн. Цахим платформоор дамжуулж тухайн асуудлыг зуун мянгаас дээш иргэн дэмжсэн бол хэлэлцэх талаар тусгаж өгсөн. Гэхдээ энэ нь иргэний гаргасан санал бүхэн хууль болж батлагдана гэсэн үг биш юм.
Тиймээс нийгэмд үүссэн онц ноцтой хэрэг, түүнийг дагаж дэгддэг хуурамч, ташаа мэдээлэлд хэрсүү хандаарай.