Search

Хөшөөний тухай ЕГӨӨДӨЛ хуурамч мэдээлэл болсон нь

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 972

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2015 оны статистикаар Монгол Улсад 2102 хөшөөг босгон үүнд 5 том пуужин, 2 атомын цахилгаан станц, 4000 цэцэрлэг, 2500 сургууль, 6000 эмнэлэг барих мөнгөөр хөшөө босгосон гэх статистик Эмнести Интернэшнл танилцуулсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эмнести Интернэшнл дээрх мэдээллийг няцаасан бөгөөд хөшөөний тухай ёж нийтлэл нь үнэн бодит мэт тайлбарлагдан түгээгджээ. Мөн 2015 оны байдлаар Монгол улсад 2,102 хөшөө боссон гэх мэдээлэл нь түүхэн хөшөө дурсгалын судалгааг гуйвуулжээ.

2024 оны тавдугаар сарын 14-нд Tsagaan-Uvgun Jadambaa хаягаас “Мөнхийн бус амьтад, Мөнхрөх гээд зовох. Мунхгуудын салаавчаар, Монгол түмэн зовох” гэх тайлбартайгаар хөшөө дурсгалын тоо хэмжээг дурдсан богино хэмжээний бичлэгийг түгээжээ.

Тус богино хэмжээний бичлэгт Ц.Жадамбаа нь “2015 оны статистикаар Монгол Улсад 2102 хөшөөг босгожээ”, “2016 оны Amnesty International гаргасан статистикаар нийт хашаанд зарсан мөнгийг тооцоод үзвэл 5 том пуужин, 2 атомын цахилгаан станц, 4000 цэцэрлэг, 2500 сургууль, 6000 эмнэлэг барих мөнгөөр хөшөө босгожээ” гэж банхар нохойн хөшөөний дэргэд зогсон мэдэгдэж буй гарах бөгөөд тус бичлэг нь өндөр хандалт авч нийт 12.4 мянга гаруй реакц, 611 сэтгэгдэл авч, 13.2 мянга гаруй удаа цааш түгээж, 1.7 сая хэрэглэгч үзжээ.

Олон улсын хүний эрхийн байгууллага хөшөөг тоолж, төсвийн судалгаа хийхгүй

Бид олон мэдээ, нийтлэл дээрх мэдээллийг эшилсэн байсныг олсон (энд, энд бас энд) ба энэхүү мэдээлэл нь 2018 оноос хойш интернэт орчинд тархаж байгааг тогтоосон. Гэхдээ мэдээлэлд эшлэгдсэн Монголын Эмнести Интернэшнл (Amnesty International Mongolia) байгууллага 2021 оны 03-р сарын 24-нд дээрх мэдээллийг няцаан албан ёсны фейсбүүк хуудастаа залруулга нийтэлжээ. Тус залруулгад “Бид хөшөө дурсгалтай холбоотой ямар нэг тайлан, мэдээ, судалгааны ажил хийж байгаагүй тул цахим орчинд тархсан тус мэдээлэл нь худал болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн дурдсан байна.

Мөн тус байгууллагын сайтад орсон судалгааны ажил хөшөөнд зарцуулсан мөнгө, хөшөөний тухай мэдээлэл огт байхгүй байна.

Бид тус байгууллагатай имэйлээр холбогдон дээрх няцаалт мэдэгдлийг баталгаажуулсан бөгөөд “хөшөөний тухай судалгаа” гэх мэдээлэл олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж буйд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Эмнести Интернэшнл нь хүний эрхийг хамгаалах зорилготой байгууллагын хувьд хөшөө судалсан гэх нь итгэмээргүй, хачирхалтай гэдэг нь ойлгомжтой.

Тус байгууллага 2024 оны 05 дугаар сарын 16-нд дээрхтэй утга нэг залруулгыг албан ёсны хуудсаараа дахин гаргасан байна.

2018 онд фельетон бичихдээ “пуужин, атомын цахилгаан станц” гэх мэтийг дурдаж егөөдсөн байна

Цааш үргэлжлүүлэн бид Монгол Улс дахь хөшөөний тоог судалсан гэх мэдээллийн эх сурвалжийг хайхад 2018 оны 04-р сарын 20-нд “zindaa.mn” вэбсайтад улс төрийн шог бичвэр буюу фельетон хэлбэрээр бичигдсэн нийтлэлд энэ мэдээлэл анх дурдагдсан байсныг тогтоосон.

Шалгасан бичлэгт дурдагдсан “5 том пуужин, 2 атомын цахилгаан станц, 4000 цэцэрлэг, 2500 сургууль, 6000 эмнэлэг барих мөнгөөр хөшөө босгожээ” гэх мэдээлэл нь “zindaa.mn”-ий фельетонд “Эмнести Интернэшнл дүгнэлт гаргасан” гэж егөөдөлдөө хүч нэмэн оруулсан байна. Гэхдээ фельетон бичлэгийн төрөл нь нь улс төрийн шог бөгөөд егөөдсөн хэв маягтайгаар байгаа байдлаас нь хэтрүүлэн бичдэг онцлогтой.

Фельетоны автор хэсэгт “Хөшөө судлаач Цэрэнтогтох” гэсэн нь шоглол оруулсныг илтгэж байна.

2018 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймагт баригдсан бөхийн хөшөөний тухай нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнөж байсан (энд, энд бас энд ) ба үүнтэй холбогдуулан zindaa.mn-д тус бичвэр нийтлэгдэж байсан юм.

Мөн тус хөшөөний зураг zindaa.mn сайтын нүүр зурагт ашиглагдсан нь тухайн үед олны анхаарлыг татсан Хөвсгөл аймаг дахь бөхийн хөшөөг шүүмжилж улс төрийн шог нийтлэл түгээж байсныг илгэнэ.

Гэтэл энэ егөөдлийг зургаан жилийн дараа дахин түгээхдээ бодит байдал мэт ойлгогдохоор хэлбэрийг нь өөрчилжээ.

Бичлэгт дурдсан бусад тоо баримтын тухайд:

Бидний шалгасан бичлэгт мөн “Баянзүрх дүүрэг дэх банхар нохойн хөшөөг 750 сая төгрөгөөр барьсан” тухай ярьсан. Гэхдээ энэ хөшөөг барих ажлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн асан Б.Батзориг хөшөөг бүтээхэд 280 сая төгрөг зарцуулсан гэж 2016 онд мэдэгдэж байжээ. Бид дээрх мэдэгдлүүдийн аль алиныг хараахан баталгаажуулаагүй байна.

Харин “2015 оны статитискаар Монгол улсад 2,102 хөшөөг босгожээ” гэсэн нь батлагдаагүй худал мэдээлэл бөгөөд энэхүү мэдэгдлээ түүхэн хөшөө дурсгалын судалгааг гуйвуулсан байхаар байна. Тодруулбал, ikon.mn 2020 онд түүх соёлын үл хөдлөх дурсгалын тухай мэдээлэлдээ 2015 оны судалгаагаар “Улсын хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх 2,102 хөшөө дурсгал бүртгэлтэй” тухай мэдээлж байсан.

Эх сурвалж: ikon.mn

Хөшөө дурсгал гэдэгт буган чулуу хөшөө, гэрэлт хөшөө, хүн чулуу хөшөө гэх мэт түүхэн хөшөө дурсгалууд багтах бөгөөд 2020 онд нийтлэгдсэн судлаач, доктор Г.Энхбат, Ж.Батсуурь нарын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд сөрөг нөлөөт хүчин зүйлсийн учруулах эрсдэлийн үнэлгээний судалгаа“-нд эшлэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл 2,102 хөшөө нь орчин үед баригдсан хөшөөний тоо бус эртний түүхэн хөшөөний тооллого, судалгааны мэдээлэл юм.

Энэ нь ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Сэтгүүл зүй, худал мэдээ ба хуурамч мэдээлэл” номонд дурдсанчлан ЕГӨӨДӨЛ олон дахин цааш түгээгдэхдээ хуурамч мэдээлэл болдог үзэгдлийн нэг жишээ болжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document