2024 оны тавдугаар сарын 13-нд Монголын уулчид Эверестийн оргилд хүрч зорьсон зорилгоо биелүүлээд тэнгэрт одсон харамсалтай явдал болсон. Уг үйл явдлын талаар гадна, дотны хэвлэл мэдээллийн сувгаар мэдээлэл хүргэсээр байна. Харамсалтай нь энэ үед нэгэн таагүй үзэгдэл гарч байгаа нь ажиглагдлаа. Юу гэвэл олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдвээр хуурамч тайлбар хийж хамааралгүй бичлэг түгээж хандалт цугглуулж байна. Аливаа хуурамч мэдээлэл хүний сэтгэлийг догдлуулж, богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэхүйц бүтээгддэг. Энэ нь тухайн үйл явдлын биш, өөр бичлэг олж буруу тайлбар өгч, зохион байгуулалттайгаар түгээгчдээс илүүтэй энгийн хэрэглэгчдийн хариу үйдлдийг татаж, цуглуулж чаддагаараа онцлог. Энэ нь ялангуяа сонгуулийн өмнө бодит сонгогчдын анхаарлыг татах, алгоритмоор хамаатуулах гол арга хэрэгсэл болж өгдөг.
Иймд эдгээр мэдээлэлд баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Аврагчид уулчдын цогцсыг 8600, 8400 метрийн өндрөөс олжээ
2024 оны тавдугаар сарын 19-нд The Himalayan мэдээллийн сайтад гарсан “Монгол хоёр уулчин Эверестийн оргилд гарч, буухдаа нас барсан” гэх мэдээлэлд “8K Expeditions компанийн захирал Пэмба Шерпа тэдний гар утсыг шалгаж үзэхэд Цэдэндамбын Өсөхжаргал, Лхагважавын Пүрэвсүрэн нар 5-р сарын 13-ны өглөөний 11:57 цагт оргилын гэрэл зургийг авчээ. Аврагчид тавдугаар сарын 17-ны өдөр Эверестийн өмнөд оргилоос Өсөхжаргалын цогцсыг гаргаж авсан бол Пүрэвсүрэнг тагтны (South Summit Ridge Balcony) ойролцоо нас барсан байдалтай олжээ…Тэд 5-р сарын 12-нд хувийн хөтөчгүйгээр оргилд гарахаар яваад ор сураггүй алга болжээ. 8K Expedition-ийн аврагчид тэдний цогцсыг 8600, 8400 метрийн өндрөөс олж илрүүлсэн” хэмээжээ.
Эх сурвалж: @everesttoday X (хуучнаар Твиттер) хаяг
Эх сурвалж: @everesttoday X(хуучнаар Твиттер) хаяг
Дээрх мэдээлэлд дурдсан тагт (Balcony)-г энэ зургаас харах боломжтой
Өмнөд Колоос өмнөд оргил хүртэлх зам. Эх сурвалж: alanarnette.com
Дээрх мэдээлэлд дурдсан тагт (Balcony)-г энэ зураг дээрээс харах боломжтой.
Эх сурвалж: alanarnette.com (Зургийг Simon Arnsby )
- Мөн Reuters агентлаг, NDTV телевизийн мэдээллийн сайт, News.mn мэдээллийн сайт болон Explorersweb сайтад уулчдын тухай мэдээллийг оруулжээ.
- @Everesttoday X (хуучнаар Твиттер) хаягт “Монголын уулчид хоёулаа Эверестийн оргилд (8848.86 м) шерпагийн дэмжлэггүйгээр авирсан зорилгодоо хүрсэн байна, 2024.05.13, 11:57 NPT. Баяр хүргэе!” хэмээн нийтэлжээ.
ӨӨР ҮЙЛ ЯВДЛЫН БИЧЛЭГЭЭР ХАНДАЛТ ТАТАЖ БАЙГАА НЬ:
- Б. Заанаа хаягаас “Mongolian Mountaineers” гэх тайлбартайгаар түгээсэн нь 724 реакц, 102 сэтгэгэл авч, 32 удаа цааш түгээжээ.
Тэгвэл энэ бичлэг нь Монгол уулчидтай холбоогүй бөгөөд бичлэгийн эх хувилбар нь @ifmga_guide_gurung_ashish гэх instagram хаягт 2023 оны есдүгээр сарын 18-нд “Mountain life” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн бичлэг ажээ.
- Мөн тавдугаар сарын 17-нд Zarig Unuruu хуудаснаас “Эрлийн баг энд хүрээд түр зогсжээ” гэх тайлбартайгаар уул өөд авирч буй хүмүүсийн бичлэгийг түгээж, 3.5 мянган реакц, 277 сэтгэгдэл, 118 удаа шэйрлүүлж хандалт цуглуулжээ.
Тэгвэл тус бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр хайхад 2023 оны наймдугаар сарын 10-12-ны хооронд “New York Post“, “Mirror” болон “Daily Mail” мэдээллийн сайтад нийтлэгдсэн мэдээллүүдэд хавсаргасан зураг байна. Эдгээр мэдээллийн сайтын дурдсан эх сурвалж болох @northerner_the гэх X платформын хаягт 2023 оны наймдугаар сарын 05-нд шалгаж буй бичлэгийг “К2 уулын хамгийн аюултай хэсгийг гаталж буй уулчид; 130 уулчин өгсөж уруудахдаа нас барсан Тиссар Скардугийн Мухаммед Хассаны хажуугаар өнгөрсөн” гэх тайлбартайгаар оруулжээ. Мөн 2023 оны наймдугаар сарын 05-нд @lakpa_mountaineering instagram хаяг шалгаж буй бичлэгийг оруулахдаа бичлэгийг эх хувилбарыг нийтэлсэн Непалын уулчин Mingma Dorchi Sherpa-гийн @climber_mingma_dorchi_sherpa хаягийг дурдсан боловч тус хаяг идэвхгүй болжээ.
Тус бичлэгийн эх хувилбар нь 2022 оны тавдугаар сарын 22-нд @jackson.groves instagram хаягт “Макалугийн оргил (8463 м)…” гэсэн тайлбартай нийтлэгджээ. Макалу нь Эверестээс зүүн өмнө зүгт 19 км-ийн зайд орших Махалангур Гималайн нуруунд, Хятад, Балбын хил дээр байрладаг бөгөөд дэлхийн 5 дахь өндөр уул юм.
- 2024 оны тавдугаар сарын 19-нд Амьдрах Урлаг хуудаснаас “Манай хоёр дэлхийн ноён оргилд гарч чаджээ. Гайхалтай: Манай хоёр уулчин дэлхийн дээвэрт хүчилтөрөгчгүй хөтөчгүйгээр гарсан анхны уулчид болж, Монголынхоо далбааг мандуулжээ…” гэх тайлбартайгаар уулын оргилд гарч тугаа харуулж буй хүний бичлэгийг постолсон нь 43 мянга гаруй реакц, 1.2 мянган сэтгэгдэл авч 2.8 мянган удаа шэйрлүүлж хандалтаа өсгөжээ.
Тус бичлэгт гарч буй хүн Непал улсын тугийг өргөн харуулж байна. Мөн бичлэг хийж буй хүний өмссөн хувцас Монгол уулчдын өмссөн хувцаснаас өөр өнгөтэй байгааг харж болох юм.