Хуурамч пэйжийн азтан шалгаруулж шагнал, мөнгө, бэлэг өгнө гэх урхинаас болгоомжилно уу

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #899

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зурагт харагдаж буй тоонуудаас 237-оос өөр тоо олоод бэлэг аваарай гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Албан бус дуураймал хаягаар бэлэг тараах хуурамч зарлал түгээжээ.

2024 оны 3 дугаар сарын 10-нд DAISO Fans нэртэй пэйжид “Хэрэв та {237}-с өөр дугаар олвол 𝘿𝘼𝙄𝙎𝙊-аас гайхалтай бэлэг авах болно. Жич: Манайхаас бэлэг авч үзээгүй хүмүүст зориулсан үйлчилгээ. Амжилт хүсье” гэх мэдээлэл түгээсэн нь 1300 гаруй реакц, 11 мянга гаруй сэтгэгдэл авч, 5600 гаруй удаа цааш түгээгджээ. Мөн яг ижил утга бүхий постыг 2024 оны 3 сарын 10-нд нээгдсэн DAISO Fans, нэртэй шинэ пэйжээс түгээсэн нь 300 гаруй реакц, 2500 гаруй сэтгэгдэл авч, 1200 гаруй удаа цааш түгээгджээ.

Фейсбүүк пэйжийн ил тод байдал хэсгийг шалгаж байх (Page transparency)

Фейсбүүк пэйжийн “тухай/about” дарж орон “page transparency” буюу пэйжийн ил тод байдал хэсэг рүү орж дараах мэдээллийг харах боломжтой.

  • Өмнө нь нэрээ сольж байсан эсэх
  • Нээгдэж байсан огноо
  • Хэдэн админтай болон тэдгээр нь аль улсаас хандаж байгаа
  • Төлбөртэй суртчилгаа явуулж байгаа эсэх

Дээрх мэдээллүүдийг харснаар хуурамч эсвэл албан ёсны пэйж болохыг ялгах боломжтой болно. DAISO Fans гэх пэйжийн ил тод байдлыг харахад 2022 оны 9 сарын 18 онд нээгдсэн, нэрээ сольж байгаагүй, Индонез улсаас хандаж байгаа нэг админтай, төлбөртэй сурталчилгаа явуулаагүй гэсэн мэдээллүүд гарч ирлээ. Мөн пэйжийн танилцуулга хэсэг нь хоосон, өмнө нь ямар нэг пост оруулж байгаагүй зэргээс харвал хуурамч гэдэг нь харагдаж байна.

Мэдээллийн агуулга, өгүүлбэр болон утга зүйг шалгаж нь

Шалгасан мэдээллийн агуулгын дараах шинжүүдийг харвал

  • Пэйжийн админ гаднын улсаас хандаж байгаа бол Google translate зэрэг ямар нэг орчуулгын хэрэгсэл ашигласан байх магадлалтай
  • Хүмүүст бэлэг өгөх үйл явцаа “үйлчилгээ” гэж нэрлэсэн
  • @pengikut гэдэг нь Индонез хэлээр @followers гэсэн утгатай
  • Бэлэг тарааж байгаа үйл ажиллагаа нь олон шалгуургүй, хялбараар олон хүн оролцох боломжтой байна.

Мөн комментын хариултад автоматжуулалт ашигласан байдгийг анзаарах хэрэгтэй. Хүмүүс юу гэж ч бичсэн нэг л төрлийн хариулт автоматаар өгдөг байна.

Албан ёсны пэйж болон вэбсайтыг олж танилцах

Аливаа байгууллага болон компанийн албан ёсны Facebook пэйж болон вэбсайтыг хайхдаа нэрээр нь Google хайлтын систем дээр хайхад хандалтаасаа шалтгаалан ихэвчлэн хамгийн эхний илэрц нь албан ёсных байдаг. Ингээд Daiso Mongolia-гийн албан ёсны вэбсайт руу нь орж танилцахад, Daiso бол Япон улсын гэр ахуйн франчайз дэлгүүр бөгөөд Монгол дахь албан ёсны салбарыг “Монова Трейд” ХХК оруулж ирсэн хэмээжээ. Харин Daiso Mongolia-ийн Facebook пэйж одоогийн байдлаар түр хаагдсан байна.

Дүгнээд хэлбэл, ямар нэг сэжигтэй хуудсын ил тод байдлыг шалгах, өмнө нь ямар постууд оруулж байсан, өөр албан ёсны пэйж, вэбсайттай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хуурамч пэйжүүд хүмүүсийг азтан шалгаруулах нэрийдлээр шагнал, мөнгө, бэлэг зэргээр урхидаж лайк, дагагчдын тоогоо өсгөдөг. Цаашлаад дагагчдаа улс төр болон өөр ашиг сонирхлын зорилгоор ашиглах эсвэл залилан үйлдэх зорилготой байдаг.

DAISO Fans гэх хуудас нь бэлэг тараах зорилготой бус дуураймал хаягаар бэлэг тараах хуурамч зарлал түгээн хандалт цуглуулах зорилготой байхаар харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document