ДЭМБ: Согтууруулах ундааны хэрэглээгээр 185 улсаас Монголын эрэгтэйчүүд 89-д, эмэгтэйчүүд 81-т жагсаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 964

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монгол эмэгтэйчүүд архины хэрэглээгээр 3-т оржээ” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол эмэгтэйчүүд согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд 3-т биш харин 2019 онд ДЭМБ-аас танилцуулсан статистикт 185 улсаас 81-р байрт жагсжээ.

Монгол эмэгтэйчүүд архины хэрэглээгээр 3-т оржээ” гэх гарчигтай, зурагтай мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 3-нд Medee.mn Фейсбүүк пэйж түгээсэн нь 1600 гаруй реакц, 493 сэтгэгдэл авч, 716 удаа цааш түгээгджээ. Мөн ижил мэдээлэлтэй энэ жагсаалт нь өөр хэд хэдэн хуудсуудад түгж байжээ.

Шалгасан мэдээлэл нь ДЭМБ-аас эх сурвалж авсан гэх “World Life Expectancy” вэбсайт дээрх 2020 оны жагсаалтыг харуулжээ. Энэхүү жагсаалт нь 100 мянган хүн тутамд согтууруулах ундаанаас үүдэж нас барсан хүний тоогоороо тэргүүлж байгаа орнуудыг харуулсан. Тус мэдээлэлд Монголын 100 мянган эмэгтэй тутамд 4.58 хүн, 100 мянган эрэгтэй тутамд 32.68 хүн жил бүр согтууруулах ундаанаас үүдэж нас бардаг хэмээсэн ба дата мэдээллийг баталгаатай биш болохыг тус вэбсайтад анхааруулсан байна. Үүнд согтууруулах ундаанаас үүдэж бусдыг хөнөөх, амиа хорлох, өвчин, аваар осол зэргээр нас барах багтана. Иймд, энэ үзүүлэлт нь согтууруулах ундааны хэрэглээнээс өөр ойлголт юм.

Эмэгтэй

Эрэгтэй

(Эмэгтэй+эрэгтэй)

Согтууруулах ундааны хэрэглээ гэж юу вэ?

Согтууруулах ундааны хэрэглээ гэдэг нь нийт хүн амын тоог нэг жилд хэрэглэсэн нийт согтууруулах ундааны хэмжээнд хуваагаад гарах тоог хэлнэ. 2019 оны ДЭМБ-аас гаргасан тоо баримтаар 15-аас дээш насныхны согтууруулах ундааны хэрэглээгээр Монгол улсын эрэгтэйчүүдийн нэг хүнд ногдох хэрэглээ 9.23 литр, эмэгтэйчүүдийнх 2.72 литр байгаа нь 185 улсаас эрэгтэйчүүд 89-р байрт, эмэгтэйчүүд 81-р байрт жагсаж байна. Монгол улсын нийт хүн амын нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ нэг жилийн 5.9 литр буюу энэ нь дэлхийд 88-р байрт бичигджээ.

Дүгнээд хэлбэл, цахим орчинд аливаа тоо баримттай мэдээллийг хүмүүсийн анхаарлыг татахуйц болгож гуйвуулах явдал түгээмэл байдаг тул уг тоо баримтыг анх гаргасан эх сурвалжийг нь олж, давхар хянаж байхыг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document