Техник, технологи, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй энэ эрин үед бүхий л үйл ажиллагааг хялбарлах боломж олгож буй нь сайн талтай ч үүнтэй зэрэгцээд хуурамч мэдээлэл түгээхэд ашиглаж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай. Тэр дундаа ингэж хиймэл оюун ашиглан бүтээж буй хуурамч мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн сувгаар түгээж буй нь илүү хөнөөлтэй байна. Тухайлбал хиймэл дүр бүтээж, түүнийгээ мэргэжлийн эксперт мэтээр нэрлэж, хүссэн агуулгаа түгээж, манипуляц хийж байгааг дараах хоёр жишээгээр харуулъя.
Кэйс №1 “Эдийн засагч Т.Дөлгөөн” гэх нэрээр гаргасан ярилцлагыг шалгах нь
Зургаар хайж мэдээлэлд дурдсан хүн мөн эсэхийг олох нь:
2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Өдрийн сонинд “Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхэж байна гэсэн үг” гэх гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Ярилцлагад нийтлэгдсэн Т.Дөлгөөн гэх хүний зургийг Гүүгл хайлтын системд хайж үзэхэд Shutterstock-оос татаж авсан зураг болох нь харагдлаа. Үүнээс үзвэл эдийн засагч Т.Дөлгөөн гэх хүн нь зохиомол байж болзошгүй байна.
Өдрийн сонинд нийтлэгдсэн ярилцлагын хэсгээс
“Shutterstock” гэх АНУ-ын 400 гаруй сая зургийн сантай вэбсайтаас “Залуу Ази бизнесмен оффисдоо ажиллаж байна” тайлбартай энэ зургийг төлбөр төлөн татаж авч болно.
Агуулгаар хайж бодит мэдээллийг олох нь:
Гүүгл хайлтын системд ярилцлагын нэг хэсэг болох “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр” гэх түлхүүр үгээр хайхад эдийн засагч Д.Амгалангийн UBN (Улаанбаатар Ньюс) вэбсайтад 2022 оны 9 дүгээр сарын 15-нд нийтлэгдсэн “Д.Амгалан: Цементийн импортын татварыг тэглэж Хятадын үйлдвэрүүдээс хараат болох зам руу түлхлээ” гарчигтай ярилцлцага илэрцээр гарлаа.
Доорх зургуудаас Улаанбаатар ньюсд (UBN.mn) нийтлэгдсэн эдийн засагч Д.Амгалан болон Өдрийн сонинд (DNN.mn) нийтлэгдсэн эдийн засагч Т.Дөлгөөн нарын ярилцлагыг харьцуулсныг үзнэ үү.
Өнгөөр ялгасан тайлбар: Эдийн засагч Д.Амгалангийн цементийн талаар байр сууриа илэрхийлсэн ярилцлагаас өөрчлөөгүй хэсгийг ногоон өнгөөр, өөрчилсөн хэсгийг цэнхэрээр ялгаж, шинээр нэмсэн агуулгыг улаанаар тэмдэглэлээ.
Дүгнээд хэлбэл, эдийн засагч Д.Амгалангийн ubn.mn-д өгсөн ярилцлагын цемент, цементийн үйлдвэр, Хятадын үйлдвэрүүд гэх үгсийг гурил, гурилын үйлдвэр, Оросын үйлдвэрүүд зэрэг үгээр сольж Т.Дөлгөөн гэх зохиомол эдийн засагчийн ярилцлага болгон оруулсан нь харагдаж байна.
Кэйс №2 Судлаач Майкл О’Коннор
2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “60 тэрбум” нэртэй Фейсбүүк пэйж “Ц.Элбэгдоржийн бүтээсэн СИСТЕМИЙН АВИЛГАЛ, түүхэн он дараалал” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг МҮОНТ-ийн эфирээр мөн гаргасан юм.
Бичлэгийн 00:45-00:57 секундын хооронд “Майкл О’Коннер судлаач” гэх танилцуулга тавьсан гадаад эрийн дүрсэнд хиймэл оюунаар дуу оруулсан байхаар бичлэг оруулжээ.
Тус бичлэгт “Хэрэв албан тушаалын гэмт хэргийн эсрэг төрийн тогтолцоо нь авлигын эсрэг дорвитой тэмцэхгүй удаж байгаа бол энэ нь тухайн улсад системийн авлигал тогтсоныг илэрхийлж байгаа юм. Нэгэнт ийм байдалд орсон бол авлигын хэрэг илэрсэн ч авлигыг үүсгэгч соёл, сүлжээ нь хэвээр үлдэж, ажлаа үргэлжлүүлсээр байх болно” гэж ярьсан байна.
Бид уг ярианы АГУУЛГАД БИШ, дүрс ашигласан байдалд баримт шалгалт хийж, цаашид ийм төрлийн төөрөгдүүлсэн мэдээлэл гарах үед шалгах аргаас хуваалцаж байна.
Зургаар хайж мэдээлэлд дурдсан хүн мөн эсэхийг олох нь:
Юун түрүүнд Гүүгл хайлтын системээс “Michael O’Connor” хэмээн хайхад бичлэгт гарсан судлаач олдсонгүй.
Харин зургаар хайхад бодит хүн биш болох нь харагдлаа. Юу гэсэн үг вэ гэвэл, “Veed.io” гэх зураг болон бичлэгийг хиймэл оюун ухаан ашиглаж засаж, сайжруулах үйлчилгээ үзүүлдэг вэбсайтын “Devon” гэх нэртэй хиймэл оюун ухаанаар бүтсэн дүр аж.
Гүүгл хайлтын системээс зургаар хайхад:
“Devon“-ыг ашигласан олон бичлэг цахим орчинд тархсан нь Гүүгл хайлтын илэрцээс харж болно. Иймд бичлэгт гарсан Майкл О’Коннор гэж судлаач байхгүй бөгөөд Veed.io-аас гаргасан “Devon” гэх дүрийг ашиглан бүтээжээ.
Veed.io-оос санал болгож буй хиймэл дүрүүд
Цахимаар тэр дундаа нийгмийн сүлжээнээс мэдээ, мэдээлэл авдаг болсон энэ үед иргэн бүр баримт шалгагч байх хэрэгтэй болжээ. Эргэлзээтэй, огт дуулдаж байгаагүй хүний ярилцлага, бичлэгийг та зургаар Google, Yandex, Baidu зэрэг хайлтын системд хайж үзээрэй. Хэрхэн зургаар хайх зааврыг манай баримт шалгалтаас орж үзнэ үү.