2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд Унэн гэх хуудаснаас “Монгол улс вейпыг хуульчлах санал тавьж байгаа ч энэ нь манай улсын ирээдүйд шууд цохилт болж байна. Хортой бүтээгдэхүүнийг бүрэн хориглохыг уриалж байна” тайлбартайгаар 2 минут 47 секундийн бичлэгийг түгээжээ. Тус бичлэгт электрон тамхи янжуур тамхинаас гарахад нөлөөгүй, ДЭМБ-аас электрон тамхины тархалтын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардсан, электрон тамхи уушгинд шинэ химийн нэгдэл үүсгэдэг, хүний ДНХ-г өөрчилдөг гэх мэдээллүүдийг багтаасан. Бичлэг нийт 1,400 гаруй реакц, 351 сэтгэгдэл авч, 1,200 гаруй удаа цааш түгээгдэж, 369 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
Энэхүү бичлэгийн гол агуулга нь тамхийг эсэргүүцэж, өсвөр насныхныг хамгаалах зорилготой байгаа нь сайн боловч буруу ташаа мэдээлэл түгээх замаар олон нийтийг төөрөгдүүлсэн нь харамсалтай. Үүнд электрон тамхины хор хөнөөлийг хэтрүүлэн мэдээлж, хориглохыг шаардсан агуулга бэлтгэхдээ Эрүүл мэндийн сайд руу чиглүүлж, яриаг нь буруугаар ойлгуулах зорилгоор богино хэсгийг таслан оруулж ашиглажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийн эхлэл хэсэгт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Электрон тамхи Монголын зах зээлд дээр нэлээн хэрэглэгчтэй болсон байна” гэж хэлж буй богино бичлэгийг оруулжээ.
- Харин тус бичлэгийн эх хувилбар нь “С.Чинзориг: Утаат тамхи, электрон тамхины аль нь илүү хоруу чанартай байгааг дахин судалж байж, хуулийг хаврын чуулганаар оруулна” гэх тайлбартайгаар Tsahiur.mn сайтын албан ёсны фейсбүүк хуудаст 2023 оны нэгдүгээр сарын 19-нд орсон 8 минут 42 секундын урттай бичлэг бөгөөд эндээс “Электрон тамхи Монголын зах зээлд нэлээд олон хэрэглэгчтэй болчихсон юм байна” гэж хэлж буй 7 секундийг л авч оруулжээ. Бичлэгийн эх хувилбарт “тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж, электрон тамхины хяналтыг сайжруулах төслийг өргөн барина” гэх агуулгаар ярилцлага өгсөн байна.
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сарын 06-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ч нэмэлт, энд электрон тамхийг зүйлчилсэн ямар нэг заалт байхгүй.
Харин 2023 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон.
Шалгаж буй бичлэгт “ДЭМБ-аас Монголд ийм хуулийг эсэргүүцэж байгаа” гэсэн тайлбартайгаар ДЭМБ-ын сайтын зургийг оруулжээ. Тус мэдээлэл нь ДЭМБ-ын сайтад 2023 оны есдүгээр сарын 26-нд нийтлэгдсэн бөгөөд дэлхий дахинаа сургуулийн орчин дахь электрон тамхи болон тамхины хэрэглээг хориглохыг уриалсан мэдээлэл ажээ. Тамхи, никотиноос ангид байх сургуулиудад зориулсан 2 гарын авлагыг тус мэдээлэлд оруулсан байна. (энд бас энд )
Мөн шалгаж буй бичлэгийн “электрон тамхи гоёмсог сав баглаа боодолтой тул өсвөр насныхны анхаарлыг татдаг” гэх хэсэгт ашигласан эмнэлэгт хэвтэж буй өвчтөний бичлэг нь АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны youtube сувагт 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нийтлэгдсэн бичлэг байна.
Шалгаж буй бичлэгт оруулсан хэсэг
Тус бичлэг нь янжуур тамхи хэрэглэдэг байсан Terrie H гэх эмэгтэйн тухай цуврал контентын нэг юм.
Электрон тамхи хэдийнээ 88 улсад хориотой гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
ДЭМБ-аас 2023 онд гаргасан тамхины тайланд:
- 34 улс электрон тамхины борлуулалтыг хориглосон,
- 87 улс хууль, тогтоомжоор зохицуулалт хийсэн бол
- 74 улс хориг зохицуулалт хийгээгүй хэмээн дурджээ.
Иймд 88 улсад хориотой гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна.
“Электрон тамхи хэрэглэдэг залуус янжуур тамхинд орох нь тамхи татдаггүй хэсгээс 3-5 дахин их байдаг” гэх судалгаа байна
Ирландын “Эрүүл мэндийн судалгааны зөвлөл”-өөс гаргасан судалгаагаар өмнө нь тамхи татаж байгаагүй, электрон тамхи хэрэглэдэг залуучууд утаат тамхи татаж эхлэх нь электрон тамхи огт хэрэглэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад 3-5 дахин их байдаг хэмээжээ.
- Харин, утаат тамхинаас гарахын тулд электрон тамхинд шилжиж, улмаар тамхинаас гарсан тохиолдол бусад арга хэрэглэсэн хүмүүсээс 2 дахин илүү байжээ.
Английн үндэсний эрүүл мэндийн албаны албан ёсны сайтад “2021 онд хийгдсэн судалгаагаар тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авдаг хүмүүс никитоны наалт, бохь зэрэг бусад төрлийн никотин орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсээс 2 дахин их амжилтад хүрсэн болохыг тогтоосон” хэмээн дурджээ. Электрон тамхи нь утаат тамхинд агуулагдах 7000 химийн бодисоос бага хэмжээний бодис агуулдаг. Гэсэн хэдий ч хор хөнөөлгүй биш юм.
“Шингэн вейп уушгинд сорви, үрэвсэл үүсгэж, гуурсан хоолойн амьсгалын замыг нарийсгадаг” гэх мэдээлэл үнэн
Монголын баримт шалгах төв электрон тамхины хүний биед үзүүлэх нөлөө, учруулж болзошгүй аюул, эрсдэлийн талаар шалгаж 2023 оны 10 дугаар сарын 29-нд тайлагнажээ.
- АНУ-ын насанд хүрэгчдийн дунд буй амьсгалын замын өвчлөл ба электрон тамхины хоорондын хамаарлыг 2013-2018 онд судалжээ. Уг судалгаагаар, электрон тамхи татдаг хүмүүс тамхи огт татдаггүй хүмүүстэй харьцуулахад амьсгалын замын өвчин тусах магадлал 40 орчим хувиар илүү гарсан байна. Харин 2019 онд хийсэн ижил төрлийн судалгааны дүнгээр, электрон тамхи болон утаат тамхины зөвхөн аль нэгийг хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хоёуланг нь хэрэглэдэг хүмүүст амьсгалын замын өвчин тусах эрсдэл илүү өндөр байгааг тогтоожээ. Зарим тамхи үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодисыг ашигладаг байна. Энэхүү химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.
- Урт хугацаанд диацетилоор амьсгалах нь үрэвсэл, сорви үүсгэж, амьсгалын замыг нарийсгаж, амьсгалахад хэцүү болгодог. (энд бас энд)
2020 оны байдлаар АНУ-д EVALI өвчний 2,807 тохиолдол бүртгэгдсэнээс 68 нь нас баржээ
EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) буюу электрон тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушгины гэмтэл нь хүний уушги электрон, тамхины төрлийн бүтээгдэхүүний агуулагдах бодисоос болж гэмтэх ноцтой эмгэг юм.
- 2020 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-д EVALI бүртгэгдсэн нийт 2,807 тохиолдол, нас барсан хүний тоо 68 хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Судлаачид THC (марихуаны үндсэн химийн бодис) агуулсан электрон тамхины шингэнд ордог өтгөрүүлэгч Витамин Е ацетат (Витамин Е-ийн нийлэгжсэн хувилбар) бодис EVALI-тай холбоотой гэж үзсэн байна.
- 2019 онд хийсэн судалгаагаар АНУ-ын 16 мужаас дээж авсан EVFLI-тай 51 өвчтөний 48-ынх нь уушгины шингэнд витамин Е ацетат илэрсэн. Харин эрүүл хүмүүсээс авсан уушгины шингэний дээжид витамин Е ацетат агуулаагүй байна.
Электрон болон утаат тамхи хоёулаа эсийн ДНХ-д ижил төстэй гэмтэл учруулдаг
- Лондоны их сургуулийн коллежийн судлаачид утаат тамхи болон электрон тамхи татдаг хүмүүсийн амны хөндийн эсийн ДНХ-д ижил төстэй өөрчлөлтүүд байгааг тогтоожээ. Эдгээр өөрчлөлтүүд нь утаат тамхи татдаг хүмүүст ирээдүйд уушгины хорт хавдар үүсэхтэй холбоотой болохыг тогтоосон.
- Мөн Оксфордын Их сургуулийн хэвлэлийн сайт болох Oxford Academic сайтад “Никотин ба Тамхины судалгаа”-ны сэтгүүлд нийтлэгдсэн “Электрон тамхины тун, төхөөрөмжийн төрөл, электрон шингэний амт нь электрон тамхи хэрэглэгчдийн ДНХ-ийн гэмтлийг тодорхойлогч хүчин зүйлүүд” гэх судалгааг оруулжээ. Тус судалгаагаар тамхи хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад утаат тамхи болон электрон тамхи татдаг хүмүүсийн ДНХ-ийн гэмтлийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэнийг харуулжээ.