2024 оны тавдугаар сарын 04-нд News мэдээлэл гэх Фейсбүүк хуудаст “Өнөөдөр Монгол Улсад нэг эмэгтэйд 20 эр ногдож байна” гэх мэдээллийг түгээжээ. Бид энэхүү мэдээллийг хүн ам тооллогын албан эх сурвалжтай харьцуулахад худал мэдээлэл болохыг харууллаа.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Үндэсний Статистикийн хорооноос хамгийн сүүлд буюу 2024 оны гуравдугаар сарын 13-нд шинэчилсэн хүн амын тоон мэдээлэлд 2023 оны байдлаар 1,718,275 эрэгтэй бүртгэгдсэн бол 1,786,466 эмэгтэй бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна. Тус мэдээллийг бүх насны бүлгээр авч, эрэгтэй эмэгтэй хүйсээр ялган харуулсныг доорх зургаас харах боломжтой.
Уг статистикийн мета мэдээлэлд “Монгол улсын хүн ам гэж МУ-ын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа МУ-ын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа МУ-ыг харьяат иргэдийг хэлнэ” гэж тодорхойлсон ба нийт Монгол улсад бүртгэлтэй иргэдийн тоог эрэгтэй, эмэгтэй хүйсээр харгалзуулахад ойролцоо тоо гарч байна. Хэдийгээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага зэрэг илүү буюу 68,191 хүнээр илүү боловч нэг эмэгтэйд 20 эрэгтэй ноогдоогүй байна.