Хандалтаа өсгөх зорилготой хуурамч урамшууллыг цааш нь бүү түгээгээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #527

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

IKEA брэнд сэв зураастай тавилгуудыг үнэгүй тараана гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээлэл нь бусад оронд ч түгсэн худал мэдээлэл бөгөөд хуурамч гэдэг нь илт байх тул хэрэглэгч та хэрсүү байж, хандалтыг нь бүү өсгөөрэй.

2023 оны 05 дугаар сарын 06-нд Ikea Fans нэртэй пэйжид “Сайн байцгаана уу. Бид бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй, бүрэн бүтэн байдал сайтай буйдангаа “Бэлэн” гэж бичсэн хүнд тарааж, санамсаргүй байдлаар илгээх болсноо дуулгахад таатай байна. 5-р сарын 10 хүртэл. Шагналын ялагчдын жагсаалтад өөрийн нэр байгаа гэдгийг битгий мартаарай, энд дарж бүртгүүлээрэй” гээд товчилсон холбоос хавсаргаж, буйдангийн зургуудыг хавсаргасан пост оруулсан нь 05 дугаар сарын 08-ны байдлаар 431 реакц, 2.2 мянган сэтгэгдэл авч, 4.3 мянган удаа цааш түгээсэн байна.

Хэрэв азтан болохыг хүсэж, холбоосоор орж бүртгэлээ хийвэл хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй тул ямар нэг үйлдэл хийхээс өмнө хаягийг дарж ороод, пэйжийн мэдээллийг үзээрэй.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Эх сурвалжийг нягтлах

Бидний шалгаж буй пэйж нэрийн хувьд IKEA Fans буюу IKEA дэмжигчид гэсэн утгатай нэртэй байна. Ikea брэндийн хэрэглэгчдэд олгож буй урамшуулал албан ёсны пэйжээр явах нь ойлгомжтой. Аливаа нэр бүхий брэндийн пэйж хуудас ихэнх тохиолдолд баталгаажсан цэнхэр тэмдэгтэй байна. Харин уг пэйж цэнхэр тэмдэггүй байгаад зогсохгүй холбогдох ямар ч мэдээлэл байхгүй байна.

Page Transperancy буюу нийтэд ил мэдээлэх хэсгээс нь харахад тус пэйжийг 05 дугаар сарын 06-нд буюу мэдээллийг анх байршуулсан өдөр нээжээ. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түүхгүй, үл мэдэх эх сурвалжид итгэн түүний мэдээллийг хуваалцаж, тавьсан шаардлагыг биелүүлнэ гэдэг маш болгоомжгүй үйлдэл.

Мөн Facebook хайлтын системээс IKEA гэх түлхүүр үгээр хайхад гарч ирэх хамгийн эхний илэрц болох IKEA брэндийн вэбсайтад ямар нэг урамшуулалтай холбоотой мэдээлэл байхгүй байна.

2. Олон улсад ч гэсэн ижил төрлийн мэдээлэл тархаж, түүнийг нь бусад орны баримт шалгагчид шалгасан байна

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Филиппиний VERA Files баримт шалгах төв яг ижил агуулгатай бичвэр, зураг агуулсан мэдээллийг шалгаж, тайланг 2022 оны 11 дүгээр сарын 28-нд вэбсайтдаа байршуулжээ. Тайланд:

“Уг төрлийн мэдээлэл их түгэлттэй байгаа тул IKEA Сингапур болон IKEA Филиппин зэрэг салбарууд анхааруулга гаргажээ. Олонд танигдсан нэрийг нь ашиглан хэрэглэгчдийг мэхлэх үйлдэл их гарах болсон тул цахим хэрэглэгчдийг болгоомжтой байхыг сануулсан байна.

Мэдээлэлд ашигласан зургууд нь ч IKEA брэндийн зургууд биш ажээ. Тухайлбал ашигласан зургууд нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг тавилгын дэлгүүрүүдийн зураг юм байна. Иймд хэрэглэгчид та бүхэн уг мэдээллээс болгоомжилно уу” гэсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг хайж үзэхэд АНУ-ын The Roanoke Times сайтад 2021 оны 07 дугаар сарын 31-нд байршуулсан American Freight хямдарсан бараа зардаг тавилгын дэлгүүрийн зургийг ашиглажээ.

Баримт шалгалтын үр дүн уг мэдээллийг худал гэдгийг илтгэж байна. Ихэнх тохиолдолд хуурамч урамшуулал зарлах нь шинэ хаягуудын хандалтыг нэмэгдүүлдэг бөгөөд дараагийн худал мэдээллийнх нь нөлөөлөх цар хүрээг тэлдэг тул худал мэдээлэл түгээгчид энэ төрлийн арга ашиглах нь маш их. Иймд сэжигтэй санагдсан мэдээллүүддээ баримт шалгалт хийж, худал тохиолдолд тэднийг репортлох мөн манай төв лүү илгээх боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document