2024 оны 04 дүгээр сарын 01-нд “Билли Жоанна” нэртэй Фейсбүүк хэрэглэгч “(43)-аас өөр тоог олсон эхний 50 хүн хожих болно (90,000,000₮) амжилт хүсье” гэх тайлбартай пост оруулсан байна. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний байдлаар тус пост нь 75 реакц, 670 гаруй сэтгэгдэл авсан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримтыг шалгалаа
“Билли Жоанна” хаяг нь зураг оруулснаас өөр нээлттэй тохиргоотой пост оруулаагүй ба 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр уг зургуудаа нийтэлсэн байна.


Хавтасны зурагтаа ашигласан зургийн эх сурвалжийг Google lens-ээр хайхад Foursquare.com гэх аяллын хөтчийн вэбсайтад “Ulã Bator, Ulaanbaatar” гэх үгээр хайлт хийхэд гарч ирсэн илэрц болохыг харж болно.
Энэхүү сайт нь интернэт орчноос тухайн байршилтай холбоотой оруулсан датануудыг нэгтгэн харуулдаг ба шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг 2017 онд нэгтгэж байжээ.
Харин группүүдэд энэ төрлийн, хялбар аргаар мөнгөтэй болох боломжтой гэх ойлголт төрүүлсэн зар, мэдээллийг тухайн хаягийн постуудаас харж болохоор байна.
Түүнчлэн 43 гэсэн тоотой зургаас хоёр ширхэг 48 тоо харагдаж буй бөгөөд мэдээллийн дагуу коммент тоог онцлон коммент бичихэд “Та биднийг нэмээд мессенжерээр шууд мессеж илгээгээрэй” хэмээн комментуудад хариулжээ.

Зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан бол залилангийн зорилготой мэдээлэл гэж ойлгоорой.
Ийм төрлийн хуурамч зарууд нь жинхэнэ хонжворгүй, хүмүүсийн хувийн мэдээллийн чатаар холбогдон авах цаашлаад санхүүгийн залилан үйлдэх эрсдэлтэй байдаг тул нийгмийн сүлжээнд ийм төрлийн баталгаагүй заруудаас зайлсхийх нь зүйтэй юм. Бид өмнө нь ижил төрлийн хуурамч зар, хонжвортой мэдээллүүдийг шалгаж байсан (энд, энд бас энд) ба ийм төрлийн зар түгээгчид нь дуураймал хаяг үүсгэн зартай огт холбогдолгүй зургуудыг ашигладаг байна.
Агуулгыг нягтлах ба алгоритмын ажиллагаа
Тоо таагаад 90 сая төгрөгтэй болно гэдэг мэдээлэлд итгэх бодит хэрэглэгч ховор. Харин бүрэн итгээгүй ч сэтгэгдэл бичиж идэвхжүүлж, сонирхсон хүмүүст энэ төрлийн мэдээллийг алгоритмоор харуулж, улмаар хуурамч мэдээллээр залилах оролдлоготой мэдээллүүд байнга харагдаж, хохирогч болох эрсдэлтэй.
Иймд бусдыг залилах оролдлоготой энэ мэт мэдээллийг таньж мэддэг байж, цаашлаад Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн мэдээг репорт хийж заншаарай.