2023 оны 06 дугаар сарын 29-нд “Цалинтай ээж, хүүхдийн мөнгө, халамж✔” нэртэй группэд “Над руу мессеж илгээсэн эхний 20 монгол хүнд тус бүр 10,000,000 төгрөг өгч байна” гэсэн тайлбартай мөнгөн дэвсгэртийн зурагтай пост оруулсан нь 48 реакц, 113 сэтгэгдлээр идэвхжүүлж, 5 удаа цааш түгээгдсэн байна.
Мэдээллийн бодит байдлыг мэдэх анхан шатны аргуудаа ашиглан энэ төрлийн мэдээллийг дараах байдлаар шалгаж сураарай.
Агуулгыг нягтлах
Эхний хүмүүст өгнө, хямдрал хоёрхон цаг гэх мэтээр яаруулж, хүнийг бодох завдалгүй үйлдэл хийлгэхийг санаархсан нь хуурамч мэдээллийн нэг шинж чанар юм. Шалгаж буй мэдээлэлд ямар нэг нөхцөл тавьж, барьцаа шаардаагүй, зээл бус, зүгээр л эхний 20 хүнд нь 10 сая төгрөг тус бүрд нь олгоно гэсэнд шууд итгэх хүн ховор байх. Гэвч “юмыг яаж мэдэх вэ” гэсэн сэтгэхүйгээр реакц дарж, сэтгэгдэл үлдээж, чатаар харилцах хүн зөвхөн нэг постод нь 150 гаруй байна. Энэ хэмжээгээр тухайн хаягаас дараа дараагийн удаад оруулах мэдээлэл харагддаг болж, мөн таны хуваалцсан, идэхжүүлсэн нь таны хаягийг дагадаг, найз болсон хэрэглэгчдэд харагдах гэх мэтээр хуурамч мэдээлэл цахим алгоритмын тусламжтайгаар түгсээр байна. Тиймээс эргэлзэж буй мэдээллээ бүү идэвхжүүлээрэй.
Хаягийг шалгах
Мэдээлэлд шалгалт хийх хамгийн анхны үйлдэл бол хаяг дээр нь дарж ороод зураг, түүхийг нь үзэх явдал. Тony Alpha гэх хаяг хүнсний бүтээгдэхүүний зургаар нүүр зургаа оруулснаас өөрөөр нээлттэй пост хийгээгүй байна. Харин нээлттэй группүүдэд дээрх мэдээллээс гадна зээл олгох тухай зар оруулсан байна.
Хаягийн мэдээлэлд өөрийн танилцуулгаа бөглөөгүй, хөтөлсөн түүхгүй, нэр зураг нь тодорхойгүй ийм төрлийн хаягаас явуулж байгаа мэдээлэлд болгоомжтой хандаарай.
Зургаар хайх
Постод ашигласан зургийг томруулан харвал мөнгөн дэвсгэртийн цаана “Шуурхай албаны операторын өдөр тутамдаа гүйцэтгэсэн ажлын мэдээ” гэсэн гарчигтай хүснэгт бүхий баримт бичиг байна. Энэ нь эхний 20 хүнд мөнгө өгөхтэй ямар нэг байдлаар холбогдох боломжгүй нь дурын зургийг ашигласан болохыг харуулж байна.