“Гэр бүл салалтад нөхрүүд л буруутай” гэх хэт нэг талыг барьсан хэвшмэл ойлголттой холбоотой баримт шалгалтын хүрээнд гэр бүл цуцлах түгээмэл шалтгааны талаарх сүүлийн үеийн судалгаа, салалтаас үүдсэн эцэг, эхийн эрх, үүргийг хуулиар хэрхэн зохицуулсан хийгээд хүүхдийн өмнө хүлээх хариуцлага тэгш байдаг эсэх, хэн нэг нь буруутан болж, нийгэмд адлуулах нөхцлийг үүсгэсэн эсэх зэрэгт шинжилгээ хийлээ. Гэр бүл цуцлуулах нь хоёр хүний хоорондын таарамж, сэтгэл санааны асуудал хэдий ч нийгмийн бичил эс болох гэр бүлийн бүтэц, түүний “эвдрэлийг” тайлбарлахдаа хэт нэг хүйс рүү чиглүүлж, буруутгах нь амь бөхтэй оршиж, эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн дайралт болсон хэвээр байна. Тиймээс энэхүү сөрөг үзэгдлийг бодит судалгаа, хуулийн зохицуулалтаар дараах байдлаар тайлбарлалаа.
1. Гэрлэлт цуцлахад хоёр тал тэгш оролцоо, ижил нөлөөтэй
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны, шүүхийн журмаар цуцална” гэжээ. Түүнчлэн эхнэр нь жирэмсэн эсхүл хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглодог.

- Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага , хилийн чанадад ажиллаж байгаа МУ-ын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана.
- Тухайн хүсэлтийг дээр дурдсан байгууллага хянан үзэж, 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.
- Гэрлэгчид салахад хүүхэд нь 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн саналыг харгалзан үздэг.
- Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
Хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 хүртэл сараар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авдаг байна. Ингэхдээ эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлдэг. Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болох талаар Гэр бүлийн тухай хуульд заажээ.
ҮСХ-ны статистик мэдээллээр гэрлэлт болон гэрлэлт цуцлалт сүүлийн 10 жилд дараах үзүүлэлттэй байна.

Тоон үзүүлэлтийг харахад, 2017-2019 онд гэрлэгсдийн тоо бусад жилийнхээс өндөр буюу дунджаар 20,500 гаруй байсан бол энэ онуудад дунджаар 4140 орчим гэр бүл салжээ. Харин, сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг харахад жилд дунджаар 17,000 хүн гэрлэж, 4240 гэрлэлт цуцлагдсан байна.
- Эндээс харахад 2017-2019 онд гэрлэлтийн тоо их байсан ч салалтын үзүүлэлт нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэрлэлтээ цуцлуулсан үзүүлэлтээс бага байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд гэрлэгсдийн тоо харьцангуй тогтвортой байгаа ч, гэрлэлт цуцлуулсан үзүүлэлт нь өндөр байна.
2. Гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ
Гэр бүл цуцлалттай холбоотой нийтийн дунд байдаг бас нэг өрөөсгөл ойлголт нь гэрлэгчид салсны дараа хүүхдээ асран хамгаалахаар авч үлдсэн нь, эсвэл салж явсан аль нь ч байсан, “заавал нөгөөгөөсөө илүү үүрэг, хариуцлага хүлээх хэрэгтэй” гэх ойлголт юм.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заажээ. Гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан энэ эрх, үүрэг хэвээр үлддэг бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэхэд шаардлагатай тэтгэлгийг өгдөг байна.
Тэтгэлгийн хэмжээ нь:
- 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар
- 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээтэй тэнцэхүйц байхаар тогтоожээ.
Тэгвэл хүн амын амьжиргааны доод түвшин 2024 оны байдлаар дараах хэмжээтэй байна.
- Баруун бүсэд 447,100₮
- Хангайн бүсэд 447,300₮
- Төвийн бүсэд 446,700₮
- Зүүн бүсэд 446,400₮
- Улаанбаатарт 454,200₮
3. Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын статистик
ҮСХ-ны мэдээллээс харахад 2022 оны байдлаар улсын хэмжээнд 17,407 хүүхэд мөнгөн тэтгэлэг авч байна. Задалбал, 0-11 хүртэлх насны 12,142 хүүхэд байгаа бол 11-16 насны 2565 хүүхэд байна. Тэтгэлэг авагч нийт хүүхдийн 7109 нь тэтгэлгээ тогтмол авдаг бол тэтгэлгээ авч чаддаггүй хуримтлагдсан хүүхдийн тоо талаас дээш хувь нь буюу 7598 байна.

- Нийслэлийн хэмжээнд хэдэн иргэн хүүхдийн тэтгэлэг төлж байгаа болон хүйсийн байдал нь ямар байгаа талаар ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах албаны дэд дарга, хошууч Б.Базарсадаас тодруулахад, “2024.05.02-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 5752 хүүхдийн тэтгэлэг төлөгч иргэн байна. Хүйсийн хувьд 72 нь эмэгтэй, 5680 нь эрэгтэй байгаа” тухай мэдээллээ.
4. Гэр бүл салахад “үзэл бодол таараагүй” гэх шалтгаан дийлэнх хувийг эзэлж байна
2021 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой судалгааны тайланд гэрлэлт цуцлах өргөдөл өгсөн шалтгааныг 2010, 2017 онтой харьцуулан харуулжээ.

Судалгаанаас харахад гэр бүл цуцлалтын шалтгаанд тусдаа амьдрах, таарамжгүй харилцаатай байх, хэрүүл маргаан, үзэл бодол таарахгүй байх, гэр бүлээс гадуурх харилцаа, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл, архидалт зэрэг шалтгаан дийлэнх хувийг эзэлжээ.
- Энэхүү судалгаагаар 7 жилийн зайтай үзүүлэлтийг харьцуулж өгсөн нь гэр бүлийн орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломж гаргаж өгжээ. 2010 онд үзэл бодол таараагүй, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэсэн шалтгаан нийлээд 70 орчим хувийг эзэлж байсан бол 2017 онд таарамжгүй харилцаа, тусдаа амьдарч байгаа гэх шалтгаан 80 гаруй хувийг эзэлжээ. Түүнчлэн 2010 онд салах шалтгаануудын 4 орчим хувийг хадмуудын нөлөө эзэлж байсан бол долоон жилийн дараа 5.2 хувь болж өссөн байна.
Тэгвэл 2022 онд гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзэхэд:
- таарамжгүй харилцааны улмаас 76%
- архидалтын улмаас 12%
- тусдаа амьдарч буй шалтгаанаар 8%
- гэр бүлээс гадуурх харилцааны улмаас 2%
- гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2% нь тус тус гэрлэлтээ цуцлуулсныг ХЗДХ-ийн сайд 2023.11.08-нд олон нийтэд танилцуулсан мэдээлэлдээ дурджээ.
Дүгнэлт
Гэр бүлийн асуудал нь Гэр бүлийн хуулиар хамгаалагддаг тул гэрлэлт цуцлалт бүрийн шалтгаан, буруутай этгээдийг нийтэд мэдээлэх боломжгүй. Тусдаа амьдрах, таарамжгүй харилцаатай байх, маргаантай байх зэрэг шалтгаанаар гэрлэгчид салсныг дээрх судалгаануудад дурдсан байсан. Гэрлэгч бүрийн харилцаа, зан байдал, ёс суртахуун, төлөвшил харилцан адилгүй байдгаас гадна нийгэм, соёлын болоод бусад хүчин зүйлс нь хамтын амьдрал, гэр бүл салалтад ч нөлөөлдөг. Иймд, салах шалтгаан үүсгэх нөхцөл байдлыг аль нэг хүйсэд хамаатуулах, ялангуяа эрэгтэй хүнд бурууг тохох, дийлэнх хариуцлагыг үүрүүлэх, эмэгтэй хүнийг үргэлж хохирогчоор үлддэг гэх хандлага зэрэг нь жендэрийн хэвшмэл ойлголтын нэг болж, цаашид улам бат бөх болох сөрөг үр дагавартай.
Тухайлбал, ийм өрөөсгөл хандлагаас нийгэмд, цахим орчинд бусдын хувийн амьдрал руу өнгийх, гэр бүлийн маргааныг олны дунд хэлэлцүүлэх байдал дэлгэрч, ялангуяа олонд танигдсан хүмүүсийн салалттай холбоотой мэдээлэл гарахад эрэгтэйг нь буруутгах, доромжлох, дарамтлах тохиолдол гарах магадлалтай. Тиймээс жендэрийн хэвшмэл ойлголтоос салж, ижил тэгш, тэнцвэртэй, үнэн бодит байдлыг эрхэмлэх нь чухал юм.