Үндэсний эрх чөлөөний өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 29-нд Sconder Bisola гэх хаягаас “Өнөөдөр буюу 2023.12.29 буюу 100 жилийн азтай өдөр “Азтай” гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Найзын хүсэлтээ илгээж аваарай” гэх пост оруулсны доор 484 коммент бичсэн байна. “Азтай” гэж бичсэн хүмүүст “санхүүжилтээ авахын тулд хувийн мессеж илгээхийг санал болгосон” байна. Энэ нь чатаар харилцаж, урьдчилгаа нэрээр мөнгө залилж авах, эсвэл хувийн мэдээллүүдийг нь авч, хаяг, данс руу нь халдах үйлдэл хийх санаархал юм.
Хаягийг шалгах аргаар хуурамч болохыг мэдэх боломжтой. Sconder Bisola гэх нэр дээр дарж ороход 12 дугаар сарын 22-нд нүүр болон хавтасны зургаа сольсон хоёр пост л нээлттэй байна. Уг зургийг Google-д хайхад ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ажлаа авч байсан үеийн мэдээнд ашигласан зураг байна.
Мөн хаягийг шалгахдаа нэршлийг ажиглаж байгаарай. Ихэнх бодит хүний Facebook хаягийн нэр, линк дэр нэр тохирч байдаг бол шалгаж буй хаягийн нэр Sconder Bisola бол линк дэр нэр нь salem.hitachi гэсэн байна.
Нээлттэй пост оруулаагүй тохиолдолд группүүдэд оруулсан мэдээллийг хайхдаа хаягийн баруун дээд буланд буй гурван цэг дээр дарж, search цэсийг сонгоно. Энд “азтай” гэх үгээр хайхад 15 бүлгэмд оруулсан зар гарч ирлээ.
Тэмдэглэлт баярын үеэр аж ахуйн нэгжүүд азтан шалгаруулж, бэлэг өгөх маркетингийн үйлчилгээ гаргаж болох ч өөрийн албан ёсны хаягаар, олон нийтэд нээлттэй тохиргоотой оруулж, лайв хийх зэргээр идэвхжүүлдэг. Харин шинэ хаягаас группүүдэд олон давтамжтай оруулж, зөвхөн чатаар харилцахыг санал болгосон байвал хуурамч мэдээлэл гэж ойлгоорой.