2023 оны 01 дүгээр сарын 29-нд Delgermaa Beckbat гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч АНУ-ын хилээр нэвтэрч буй цагаачдын асуудал хурцдаж буйтай холбоотойгоор Техас мужид олон тооны ачааны тэрэгний жолоочид цугларч байгаа тухай мэдээлэл нийтэлжээ. Тус хаягийн постод мэдэгдсэнээр “Техасын хил дээр 1 сая шахам хүнд оврын ачааны тэрэг цугларсан байхад ямар ч мэдээллийн суваг мэдээлэхгүй байна гэнэ.” хэмээсэн байна.
Хэдийгээр 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 03 хүртэл “Хилээ буцааж авъя” (Take Our Border Back) гэсэн уриатай машины цуваа үүсгэсэн хүмүүс хилийн аюулгүй байдлын төлөө эсэргүүцлээ илэрхийлэхээр цуглах болсон тухай мэдээлэл байсан ч 1 сая орчим машины цуваа үүссэн тухай баримт байхгүй байна. Түүнчлэн дээрх хаяг нь хэд хэдэн удаа (энд, энд бас энд) худал мэдээлэл тарааж байсныг бид шалгаж байсан бөгөөд энэ удаа үйл явдлын мэдээллийн онцлогийг хэтрүүлэн төөрөгдөл үүсгэх мэдээлэл дахин түгээжээ.
Тодруулбал, АНУ-ын одоогийн засгийн газрын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн хэвлэл мэдээллийн сувгууд (энд бас энд) энэ машины цуваа аяллынхаа туршид дэмжигчдээ цуглуулан 700 мянгад хүрэх тухай хуурамч хүлээлт үүсгэсэн мэдээлэл түгээж байсан байна. Гэхдээ хэтийдсэн хүлээлт нь бодит байдал болоогүй бөгөөд цувааг зохион байгуулагчид анх Виржиниа мужийн Виржиниа эргээс хөдлөн Флорида мужийн Жэксонвилл хот дараа нь Техас мужийн Игл-Пасс хэмээх хилийн хотод очно хэмээн төлөвлөсөн болохыг Newsweek мэдээлсэн байна. Үйл явдлын талаар сурвалжилсан Vice, Wired зэрэг АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага хэдэн арваар тоологдох машин цуваа Жэксонвиллд цугласан байсныг 01 дүгээр сарын 30-нд мэдээлсэн байна.
Үнэхээр 1 сая машин цуваа цугласан гэх мэдээллийг ямар ч мэдээллийн суваг мэдээлэхгүй байгаа нь албаар бус үнэндээ тийм цуваа үүсээгүй байгаа учраас аж.
Өнгөрсөн долоо хоногт Техас мужийн захирагч Грег Абботтын шийдвэрээр мужийн хилийн дагуу тор босгож буй бөгөөд энэ нь АНУ-ын Дээд шүүх, Холбооны засгийн газрын хил асуудлыг эрхлэх эрх мэдлийг дэмжсэн шийдвэртэй зөрчилдөж буй нь улс төрийн томоохон асуудал үүсгээд байна.