2023 оны 09 дүгээр сарын 25-нд Бэхбатын Дэлгэрмаа гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах үеэрээ “сүүлчийн Украин хүнийг дуустал тулалдаарай” гэж захисан талаар мэдээлэл нийтлэжээ.
Хэдийгээр Украины ерөнхийлөгч Зеленксий АНУ-д 09 дүгээр сарын 20-ноос 22-ны хооронд айлчлах үеэрээ Хенри Киссинжертэй уулзсан боловч түүнд дээрх агуулга бүхий зөвлөгөө өгсөн мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь бодит үйл явдлыг гуйвуулан тайлбарласан төөрөгдүүлсэн мэдээлэл бөгөөд дээр дурдсан хэрэглэгч Орос-Украины дайнд Оросын талыг баримталсан хуурамч мэдээллийг өмнө нь түгээж байсан юм (энд, энд, бас энд).
Бидний шалгасан мэдээлэлд ашигласан зургийг анх Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн Телеграм хуудсаараа 09 дүгээр сарын 25-нд нийтлэсэн байна. Тэрээр мэдээлэлдээ Хенри Киссинжер “Энэ дайны өмнө би Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг байсан, учир нь энэ нь яг одоо бидний харж байгаа үйл явцыг эхлүүлэх вий гэж айж байсан. Одоо энэ үйл явц ийм түвшинд хүрсэн үед төвийг сахисан Украин байх санаа нь утгагүй болсон.” гэж Зеленскийтэй хийсэн уулзалтынхаа үеэр хэлсэн болохыг онцолсон байна. Харин үүнээс өөр зөвлөгөө хэлсэн өгсөн мэдээлэл түүний Телеграмд байхгүй байна.
Түүнчлэн, энэ уулзалтын талаар мэдээлсэн Украины Правда, СNN, New York Post зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэлд Хенри Киссинжер Зеленскийд бидний шалгасан мэдээлэлд тайлбарласан шиг зөвлөгөө өгсөн талаар дурдаагүй байна.