Зургаас тэмээг олж чадах эсэхээр Альцхаймерын өвчнийг оношлох боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 966

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Альцхаймерын өвчний тест гэнэ. Та тэмээг олвол энэ өвчин танаас холуур байна гэсэн үг ажээ” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Альцхаймерын өвчний холбооны эрүүл мэнд, шинжлэх ухааны харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч доктор Heather Snyder: “Энэ зураг Альцхаймерын өвчнийг оношлох тал дээр ямар нэг судалгаа, шинжилгээний ажилд ашиглагдаж байгаагүй. Альцхаймерын өвчнөөр өвчлөх боломжтойг оношлох ийм оновчтой, хялбар арга хараахан гараагүй байна” гэжээ.

2024 оны 05 дугаар сарын 5-нд Dens.mn Фейсбүүк пэйж “Альцхаймерын өвчний тест гэнэ. Та тэмээг олбол энэ өвчин танаас холуур байна гэсэн үг ажээ” гэх гарчигтай, зурагтай мэдээллийг түгээсэн нь 93 реакц, 93 сэтгэгдэл авч, 123 удаа цааш түгээгджээ. Мөн үүнтэй ижил агуулгатай мэдээлэл түгснийг энд, энд болон эндээс харж болно.

Уг зургаар Альцхаймерын өвчний шинжийг тогтооно гэх зураг олон жилийн өмнөөс интернэт орчинд тархаж ирсэн ба тухай бүрд нь баримт шалгах байгууллагууд шалгаж, бодит мэдээллийг хүргэж байжээ. Тухайлбал, 2019 онд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Энэтхэгийн Boomlive төвөөс шалгаж худал болохыг мэдээлж байсан бол 2021 онд Ройтерс агентлагийн баримт шалгагчид Альцхаймерын өвчнийг зургаар оношлох боломжгүй талаар онцолсон байна. Альцхаймерын өвчний холбооны эрүүл мэнд, шинжлэх ухааны харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч доктор Heather Snyder энэ талаар “Энэ зураг Альцхаймерын өвчнийг оношлох тал дээр ямар нэг судалгаа, шинжилгээний ажилд ашиглагдаж байгаагүй. Өнөөдрийн байдлаар ирээдүйд хэн нэгэн Альцхаймерын өвчнөөр өвчлөх боломжтойг оношлох ийм оновчтой, хялбар арга хараахан гараагүй байна. Иймд энэ нь худлаа юм” хэмээн Reuters-аас лавласан тодруулгад хариулжээ.

Баримт шалгасныг энд, энд болон эндээс үзээрэй.

Түгээсэн зураг нь хэд хэдэн хувилбараар цахим орчинд тархсан байна. Тухайлбал, зураг дахь морины хойд хөл орчимд цагаан өнгөтэй жижигхэн тэмээний дүрс нэмсэн хувилбар нь гаднын цахим сайтуудаар “тэмээг олно уу”, “нийт хэдэн амьтан байна вэ?” гэх зэргээр Альцхаймерын өвчний тест хэмээн түгээжээ. Харин Монголын цахим орчинд түгсэн зурагт тэмээ огт агуулаагүй аж.

Уг зураг ямар учиртай, хэний зураг вэ?

Бид Google хайлтын системээр уг зургийг хайхад эх хувилбар нь тодорхой биш боловч Италийн зураач Giuseppe-Arcimboldo-ийн төрөл бүрийн зүйлсээр хүний царайг харуулдаг уран бүтээлүүдтэй нь төстэй болохыг доорх зургаас харж болно.

Альцхаймерын өвчний холбоо дараах 10 шинж тэмдгийг вэбсайтдаа дурджээ

  • Өдөр тутмын амьдралын хэв маягаа мартах, байн байн нэг асуултаа давтах
  • Юм төлөвлөх болон асуудал шийдэхэд хүндрэл гарах
  • Өмнө нь хийж байсан зүйлээ хийхэд төвөгтэй санагдах
  • Цаг хугацаа болон орчны баримжаа алдагдах
  • Юм харах, уншихад хүндрэлтэй болох
  • Ярих болон бичгийн чадвар муудах
  • Энд, тэнд тавьсан зүйлээ мартах
  • Юманд анхаарал хандуулах чадвар буурах
  • Ажил, хобби, чөлөөт цагаар хийдэг зүйлсээ хийхээ больж эхлэх
  • Ааш араншин, хувийн зан чанарт өөрчлөлт орох

Хэрэв танд болон таны таньдаг хүнд дээрх 10 шинж тэмдгээс дор хаяж нэг нь илэрвэл мэргэжлийн байгууллагад хандаж тусгай тестээр Альцхаймерын өвчнийг оношлуулах боломжтой.

Дүгнээд хэлбэл, цахим орчимд тархаж буй ямарваа нэг зурган тестэд итгэж, өвчинтэй эсэхээ өөрөө оношлох, цаашлаад дураараа эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхийж, мэргэжлийн байгууллагад хандаж албан ёсны вэбсайтаас нь дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч байхыг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document