2023 оны 06 дугаар сарын 12-нд Бэхбатын Дэлгэрмаа гэх нэртэй фэйсбүүк хаяг нь “Хятадын улсын удирдагч Ши Жиньпин чухал мэдэгдэл хийжээ.” гэсэн гарчигтай пост нийтэлсэн. Үүнд Ши Жиньпин мэдэгдэл хийж буй бичлэг болон түүнийг “Хятадыг Оросод туслаж байна гэх гүтгэлэгээ зогсоо. Хэрэв туслахаар нэгэнт шийдсэн бол бурхан ч та нарт туслахгүй. Бараг бүх дэлхий Украйнд тусалж байна. Дэлхийн 3-р дайны аюул заналхийлбэл бид холбоотондоо (Орос) туслах болно. Гэхдээ одоохондоо тайван байж, Оросууд дэлхийн 50 гаруй улстай ганцаараа тулалдан ялж байгааг бид ажиглаж байна гэж мэдэгджээ.12.06.2023” гэсэн байна.
Мөн постод ашигласан бичлэгт орос хэлээр тайлбар бичиг оруулсан байсан ба үүнд “Россия в одиночку побеждает более 50 стран мира. Но если будет необходимость, наша республика уже завтра может отправить…” гэжээ. Үүнийг орчуулбал “Орос улс дангаараа дэлхийн 50 гаруй орныг ялж байна. Гэхдээ хэрэгцээ байвал манай улс маргааш илгээж болно…” гэжээ.
Уг постыг 5.8 мянга гаруй реакц, 104 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.3 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Хятадын удирдагч Ши Жиньпин дээрх мэдэгдлийг гаргаагүй бөгөөд ашигласан бичлэг нь 2022 оны 10 дугаар сард болсон Хятадын Коммунист намын 20-р их хурлын дараа буюу 10 дугаар сарын 23-нд шинээр бүрэлдсэн Төв хорооны гишүүдийн хамт хятадын болон гадаадын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын бичлэг юм. Энэ үеэр Орос-Украины дайнтай холбоотой ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Харин тус уулзалтын үеэр намын 20-р их хуралд амжилт хүссэн улс орны төлөөлөл, байгууллагуудад талархал илэрхийлсэн болохыг эх бичлэгээс нь харж болно.
2022 оны 10 дугаар сарын 23-нд Ши Жинпин ХКН-ын удирдлагуудтай хамт хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзаж буй нь.
Тодруулбал, түүний үгийг давхар англи хэлээр орчуулж байсан ба эх бичлэгийн 03:11 дэх секундээс 3:27 дахь секунд хүртэлх хэсэг буюу хятадаар ярьсан хэсгийг тасдаж аван ашигласан нь англи аман орчуулгын өмнөх хэсэг юм. Ши Жинпиний хэлсэнийг англиар дараах байдлаар орчуулсан байна (эх бичлэгийн 3:28-3:59 дахь хэсэгт англи орчуулгыг сонсож болно).
“The international community has been following the 20th CPC National Congress with great interest. Political parties in many countries have sent congratulatory messages and letters many of which were from heads of state or government and from leaders of political parties or important organizations. On behalf of the CPC Central Committee I wish to express our heartfelt appreciation to them all.”
Дээрхийг монгол хэл рүү орчуулбал “Олон улсын хамтын нийгэмлэг ХКН-ын 20 дугаар их хурлыг маш их сонирхон дагаж байна. Олон орны улс төрийн намууд баяр хүргэсэн захидал илгээсэн бөгөөд төр, засгийн тэргүүн, улс төрийн нам, чухал байгууллагуудын удирдагчдаас олон захидал ирсэн байна. Тэд бүгдэд ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.” гэжээ.
Өөрөөр хэлбэл бидний шалгасан мэдээлэлд ашигласан бичлэгт Ши Жиньпин Орост туслах талаар мэдэгдэл хийгээгүй байна. Харин бичлэгт оруулсан орос хэл дээрх тайлбар бичгийг Google хайлтын системд хайж үзэхэд дараах илэрцүүд гарч ирж байсан ба Весь Искитим гэх мэдээллийг блог дахь мэдээлэл бидний шалгасан мэдээллийн текстийн Ши Жинпиний хэлсэн үг гэсэнтэй таарч байна. Тус мэдээллийн эх сурвалж гэх холбоос руу орж үзэхэд Ши Жиньпиний Орос-Украины дайны талаарх мэдэгдэл биш харин түүний 2023 оны 06 дугаар сарын 10-нд Өмнөд Африкын ерөнхийлөгч Сирил Рамафосатай утсаар ярих үеэрээ Африкын орнууд Орос-Украины зөрчлийг шийдвэрлэх зорилготой санаачлага гаргасаныг сайшаасан болохыг Интерфакс мэдээлсэн мэдээ байна.