2023 оны 08 дугаар 06-нд Бэхбатын Дэлгэрмаа гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч Орост 5G технологийг хориглосон тухай мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээлэлд тайлбарласнаар “ОХУ 5G-г хориглож орос даяар бүх цамхагуудыг хаажээ. Цахилгаан соронзон долгион нь эрүүл мэндэд, ялангуяа бага насны хүүхдэд асар хортой гэдэг нь батлагдсан тул хоригложээ.” гэжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Харилцаа холбооны 5G технологийг хориглосон шийдвэрийг ОХУ-ын засгийн газар гаргаагүй бөгөөд энэ мэдээлэл нь дээр дурдсан хаягийн түгээсэн хэд хэдэн хуурамч мэдээллийн нэг юм. Бид өмнө нь тус хаягт нийтлэгдсэн хэт нэг талыг барьсан хуурамч мэдээллийг шалган худал болохыг нь мэдээлж байсан (энд бас энд).
2023 оны 08 дугаар сарын 07-нд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин дэд сайд нартай уулзсан уулзалтын үеэр 5G технологийн хөгжилд зориулж энэ жил 3.5 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөсөн ба өнгөрсөн 3 жилд нийт 12 тэрбум рублийг энэ чиглэлд зарцуулсан гэдгийг онцолсон байна. Оросын төрийн ТАСС агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Дижитал хөгжлийн яам 2025 онд 5G технологийг томоохон хотуудад туршихаар төлөвлөсөн байна.
5G технологи нь өндөр хурдны интернэт сүлжээний технологийн хувьд 1 ceкундэд 10 гигабит мэдээлэл татах хүчин чадалтай буюу одоо өргөн хэрэглэгдэж буй 4G технологиос 100 дахин хурдан байхаар тооцоологдож буй юм. Өндөр хурдны сүлжээнээс шалтгаалан радио долгион нь эрүүл мэндийн хүндрэл үүсгэх тухай хуурамч мэдээлэл түгэх тохиолдлууд байдаг. Харин эрүүл мэндийн аливаа асуудлаар баталгаат эх сурвалжуудын нэгд тооцогдох Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр утасгүй сүлжээний технологи “эрүүл мэндийн сөрөг нөлөө үүсгэдэг нь батлагдаагүй” ба “радио долгионы хэмжээ олон улсын зөвлөмжөөс доогуур байгаа үед нийтийн эрүүл мэндийн ямар нэг үр дагавар үүсэхгүй” болохыг онцолсон байна.
Радио долгионы талаарх олон улсын зөвлөмжийг баталдаг Ионжуулдаггүй цацрагаас хамгаалах олон улсын комиссын (The International Commission on Non-Ionizing Radiation Protection) зөвлөмжид тодотгосноор радио долгионы хэмжээг 300 гигагерцээс (300 GHz) хэтрүүлэхгүй байхыг анхааруулдаг байна.
Баримт шалгах Snopes байгууллагын мэдээлснээр ОХУ-д 5G технологийг хориглосон тухай мэдээлэл анх 08 дугаар сарын 05-нд Real Raw News гэх мэдээллийн вэб сайтад гарч байсан гэжээ. Энэ сайт нь танилцуулагадаа хошин, егөөдсөн агуулгатай мэдээлэл нийтэлдэг болохоо тайлбарласан байна.
Бидний шалгасан мэдээлэлд онцолсон шиг ОХУ-д 5G технологийг хориглоогүй. Харин эсрэгээр энэ технологийн хөгжилд Оросын засгийн газар анхаарч, энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө гаргаад байгаа аж.