“Хоол идэхийн өмнө ус уувал жин хасна” гэх мэдээлэлд итгэж болохгүй шалтгаан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 948

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хоол идэхийн өмнө шингэн зүйл уувал жин хасна. Усыг зөв ууж эрүүлжих, жин хасах нууцууд” гэх гарчигтай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаагийн 2019 оны “Уламжлалт анагаах ухаан” сонины №3 (57) дугаарт өгсөн ярилцлагаас хэсэгчлэн авя, агуулгыг төөрөгдүүлсэн байна.

2024 оны гуравдугаар сарын 30-нд Monnews нэртэй Фейсбүүк хаягаас “Хоол идэхийн өмнө шингэн зүйл уувал жин хасна. Усыг зөв ууж эрүүлжих, жин хасах нууцууд” гэх гарчигтай вэбсайтын холбоостой мэдээлэл түгээжээ. Тус пост нь нийт 50 реакц авч, 152 удаа цааш түгээгджээ.

Ярилцлага, зураг нь өөр байгааг олох нь

Уг түгээсэн холбоос руу орж үзэхэд эмчийн зурагтай ярилцлага байх ба агуулгаар нь хайж үзвэл Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаагийн 2019 оны “Уламжлалт анагаах ухаан” сонины №3 (57) дугаарт өгсөн “ТУРАХ ЗОРИЛГООР УС ИХ УУХ НЬ БИЕ ОРГАНИЗМД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ, ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА” гарчигтай ярилцлагын хэсгийг хуулж, ямар ч эх сурвалж дурдаагүй түгээсэн нь харагдаж байна.

Мөн шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь их эмч Ч.Дэлгэрмаагийнх биш бөгөөд онлайн зургийн сан болох Alamy.com-оос “Казакстаны Алмати хотын клиник дээр” гэх тайлбартай зургийг авч ашиглажээ.

Шалгасан мэдээлэл

2019 онд уламжлалтын эмчийн өгсөн ярилцлагын хэсгийг дурын зургийг ашиглан оруулжээ.

“Казакстаны Алмати хотын клиник дээр” гэх зураг

Агуулга төөрөгдүүлсэн нь

“Уламжлалт анагаах ухаан” сонинд өгсөн “ТУРАХ ЗОРИЛГООР УС ИХ УУХ НЬ БИЕ ОРГАНИЗМД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ, ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА” гарчигтай ярилцлагад: “Биеийн шингэний хэмжээг зохистой байлгахад ус чухал боловч хэтрүүлэн хэрэглэх, буруу хэрэглэх нь олон сөрөг үр дагавартай.

Ус их уух нь:

  • бөөрний үйл ажиллагааг гэмтээх,
  • зүрхний ачааллыг ихэсгэх,
  • ходоодны галын илчийг дарах, хямраах,
  • шээс ихээр ялгарах,
  • тархи хавдах зэрэг олон эрсдэлийг үүсгэдэг.

Таргалалтыг бадган хүйтэн өвчин гэж үзэж болно. Бадганыг тэнцвэржүүлэхийн тулд буцалсан халуун ус уух хэрэгтэй. Хүйтэн ус бадганыг дарах чадалгүй учраас хүйтэн ус уух нь тохиромжгүй. Хүмүүс буцалсан ус аягандаа хөргөж тавьчихаад хонуулаад уудаг, бүр өлөн элгэн дээрээ уудаг. Гэтэл хоносон ус нь уламжлалт анагаах ухааны онол ёсоор хорын мөн чанартай бөгөөд өлөн элгэн дээрээ ууснаар ходоодны галын илчийг дарангуйлдаг. Тиймээс турах сонирхолтой хүмүүс хүйтэн ус уух биш буцалсан халуун бүлээн усыг уух хэрэгтэй” гэж ярьсан байна.

Гэтэл гарчигт ус ууж турах боломжтой гэх буруу ойлголт төрүүлэхээр байна.

Дүгнээд хэлбэл, их эмч Ч.Дэлгэрмаагийн “Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна” гэх ярилцлагын агуулга нь “Таргалалт юунаас шалтгаалдаг, мэргэжлийн эмчид хандаж таргалалтын шалтгаанаа оношлуулах, усыг их хэмжээгээр уух нь жин хасдаг эсэх, тураах эм, бэлдмэлийн сөрөг үр дагаврууд, эрүүл хооллолт, таргалалтаас хэрхэн сэргийлэх” гэх зэрэг байхад зөвхөн багахан хэсгийг нь таслан авч “Хоол идэхийн өмнө шингэн зүйл уувал жин хасна. Усыг зөв ууж эрүүлжих, жин хасах нууцууд” гэх гарчигтай түгээсэн нь бодит мэдээллийг хэсэгчлэн авч утга гуйвуулдаг дэгсдүүлсэн мэдээллийн (malinformation) хэлбэр байна.

Түүнчлэн “хадгалаад аваарай” гэж үйлдэлд уриалсан нь клик сайтуудын онцлох шинж гэдгийг та бүхэн мэддэг болсон билээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document