2021 оны 12 сарын 13-нд Roberto Bogi нэртэй цахим хэрэглэгч “Дэлхийд ганцхан байдаг Үүрэг нуурын Хөх Бухыг нутгийн малчин залуу агнасан байна” гэх тайлбартай зураг нийтэлсэн ба түүнийгээ 04 дүгээр сарын 1-нд дахин сэргээж постолсныг 12 удаа шэйрлэсэн байна. Түгсэн байдлыг харахад 2022, 2023 онд ч мөн сэргээн түгээж байсан нь олон улсын хэллэгээр “зомби” хуурамч мэдээлэл болгон ашиглаж, хандалт авах, олон нийтийн анхаарлыг татах оролдлого байна.
Тус мэдээллийг сэргээн түгээх бүрд сонирхолтой эвлүүлэг нь хандалт авдаг бөгөөд, хошин хэлбэрээр хуваалцаж байгаа ч зарим тохиолдолд бодит үнэн мэт итгэх хэрэглэгч байгаа нь хуваалцсан хэлбэрээс харагдаж байна. Егөөдөл, хошин агуулгаар оруулсан мэдээлэл нь олон удаа дахин сэргээж түгээсээр боит үнэн мэт ойлголт төрүүлэх үзэгдэл бий тул баримтаар шалгах шаардлагатай гэж үзлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Зурагт эвлүүлэг хийсэн эсэхийг шалгах нь
Аливаа зураг тухайн үеийн бодит байдлыг буулгасан бол гэрэл сүүдэр, нягтрал, гэрлийн дулаан зэрэг үзүүлэлт ижил байх ёстой. Харин энэ зөрүүг mever хэрэглүүр ашиглан шалгаж үзлээ.
Энэхүү зурагт TruFor алгоритмаар шинжилгээ хийж үзэхэд өөрчлөгдсөн хэсгийг улаан өнгөөр, жинхэнэ хэсгийг цэнхэр өнгөөр тодруулсныг харж болно. Үүнийг Noiseprint++ хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан шүүлтүүр ашиглан илрүүлдэг.
Эх сурвалжийг хайх нь:
Зургийг google-д хайхад үл таних амьтны зургийг Монголд бус АНУ-ын Техас мужид авсан гэх мэдээлэл гарч ирлээ.
Биологич, могой загасны мэргэжилтэн, доктор Кеннет Тиге “Уг амьтан нь соёот могой загас (fangtooth snake-eel) байх магадлал өндөр, гэхдээ энэ нь гарден (garden) эсвэл далайн (conger) могой загас байж болно.
Эдгээр гурван зүйл бүгд Техас мужид байдаг бөгөөд соёо шиг том шүдтэй” хэмээн хэлсэн нь BBC-ийн нийтлэлд дурдагджээ.
Соёот могой загас (aplatophis chauliodus) нь ихэвчлэн Атлантын далайн баруун хэсэгт 30-90 метрийн гүнд амьдардаг, жижиг загас, хавч тэргүүтнээр хооллодог, 83 орчим см урттай байдаг байна.