2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Saagii Sansar хаягаас “ АНУ, ахлах анги. Хичээлдээ бараг шалдан ирсэн сурагчийг багш нь ингэж хувцаслаж болохгүй гэхэд сурагч нь “Энэ миний эрх” гэж маргалдав.” гэх тайлбартайгаар 42 секундийн бичлэг оруулжээ. Бичлэгт багш нь бикини өмссөн сурагчтайгаа зохистой хувцаслаагүй талаар маргалдаж байгаа гардаг бөгөөд бид ижил жүжигчид тоглосон өөр бичлэгүүд хийснийг тогтоосон.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгийг түгээсэн Saagii Sansar гэх хаягаас өмнө нь хэд хэдэн хуурамч мэдээлэл түгээж байсан ба энэ удаа АНУ-д болсон жүжигчилсэн тоглолтын бичлэгийг бодит үйл явдал мэтээр түгээсэн байна. Тодруулбал, Kenyon W. гэх фейсбүүк хуудаст 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Сурагч багш руугаа гутал шидэхэд багш нь уурлаж шавьтайгаа маргаж эхэллээ” гэх тайлбартай бичлэг оруулсан нь бидний шалгаж буй бичлэгт гарсан дүрүүд тоглосон байна. Эдгээр бичлэгүүдийг ажиглахад хичээлийн өрөөний хивс, хананд өлгөсөн газрын зураг, самбар болон ширээнүүдийн байрлал ижил байгааг харж болно.
Өөрөөр хэлбэл бидний шалгасан бичлэг нь Rick Lax болон Kenyon гэх хүмүүсийн бүтээсэн жүжигчилсэн бичлэг бөгөөд тэд ийм төрлийн бичлэгийг янз бүрийн хувилбараар хийж олон нийтэд түгээдэг болохыг тэдний бичлэгүүдээс харж болно (энд бас энд).
Мөн Rick Lax гэх хуудаст 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шалгаж буй бичлэгт гарсан ангид хийгдсэн бичлэгийг нийтэлсэн бөгөөд тайлбар хэсэгтээ “… Энэхүү бичлэгийг Рик Лакс, Кенён нар бүтээсэн.” хэмээн онцолсон байна.
Хэдийгээр бидний шалгасан бичлэгт багш сурагч хоёр хичээлийн танхимд хэрэлдэж буй мэт харагдаж буй ч энэ нь бодит үйл явдал бус зохиол бүхий жүжигчилсэн тоглолт болохыг харж болохоор байна.