Бөгжний эзэн киноны дүрээрээ алдаршсан Америк жүжигчин Элайжа Вүүд Украины ерөнхийлөгч Зеленскийд хандан “Биеэ бод. Архи, хар тамхины донтолтоо АНУ-д ирж эмчлүүл” гэж хэлсэн гэх бичлэгийг Saagii Sansar нэртэй хаягтай фэйсбүүк хэрэглэгч түгээжээ. Бичлэгт Элайжа Вүүд өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан Владимир гэсэн хүнд хандан архи, хар тамхины хэрэглээний асуудалдаа тусламж авахыг хүссэн бичлэг хийснээ оруулсан мэтээр гаргажээ. Бичлэгийн зүүн дээд булан ТМZ гэсэн бичиг байгаагаас гадна Украины далбааг гарган ерөнхийлөгч Зеленскийг (@zelenskiy_official) бичлэгтээ хавсаргасан байхаар харагдаж байна. Мөн бичлэгийн 0:30 дахь хэсэгт www.hazeldenbettyford.org гэсэн линк гарч ирнэ.
Бид дээрх бичлэгийг шалгахад жүжигчин Элайжа Вүүд ерөнхийлөгч Зеленскийд хандан ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй болохыг мэдсэн бөгөөд тэрээр Инстаграм хаягаа зөвхөн хязгаарлагдмал хувийн зорилгоор ашигладаг болохоо энэ оны 03 дугаар сард Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа мэдэгдэж байсан байна. Түүнчлэн түүний талаарх ижил агуулгатай хуурамч мэдээллийг Facta, Newsweek, France 24 зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд шалган зохиомол болохыг нь онцолсон байна.
Тодруулбал, France 24 мэдээллийн агентлагийн мэдээлснээр Америкийн энтертайнмент мэдээллийн TMZ вэб сайтад Элайжа Вүүдийн Зеленскийд хандсан ямар нэг бичлэг нийтлэгдээгүй бөгөөд “хэн нэгэн TMZ-тэй ямар ч холбоогүй зүйлийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна. Бид энэ бичлэгтэй ямар ч хамааралгүй” гэж мэдэгдсэн байна.
Бичлэгт гарж буй Инстаграм хуудасны “elijah.wood.kingring” гэсэн хаягийг хайж үзэхэд ижил нэртэй, 3 хаягийг дагадаг идэвхгүй, зураггүй хаяг гарч ирсэн.
Мөн бичлэгийн баруун дээд буланд “kremlin_russian” гэсэн хаяг бичигдсэн байсан. Бид энэ нэрийг Оросод өргөн ашиглагддаг нийгмийн сүлжээ Телеграмд хайж үзэхэд ижил лого, нэртэй суваг олдсон. Энэ суваг нь голдуу Оросыг дэмжсэн мэдээлэл түгээдэг групп байсан ба тус сувагт бидний шалгасан бичлэгтэй ижил бичлэгийг 07 дугаар сарын 20-нд нийтэлсэн байна.
Facta-гийн мэдээлж байгаагаар жүжигчин Элайжа төлбөртэй, тусгайлсан бичлэг захиалж болдог Cameo дээр хэн нэгний хүсэлтийн дагуу бичлэг хийсэн байж магадгүй аж. Тодруулбал, энэ вэб сайтад Элайжа бүртгэлтэй байдаг ба 340 ам.доллар төлөн түүгээр тусгайлсан бичлэг хийлгүүлэх боломжтой байна. Тэгэхээр Cameo дээр хийсэн түүний бичлэгийг тасдаж эвлүүлэн, Зеленскийд хандаж хэлсэн мэтээр өөрчилсөн байх боломжтой байна.
Бидний шалгасан бичлэгт Элайжа Украин эсвэл Зеленский гэх нэр хэлээгүй, зөвхөн Владимир (ерөнхийлөгч Зеленскийгийн овог Володимир) гэж нэг удаа хэлэх ба “Hazelden Betty Ford Foundation” гэх донтолтын эсрэг болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг сангийн мэдээллийг хавсаргасан зэрэг нь хуурамч бичлэг үүсгэхэд нь ашиглагджээ.
Жүжигчин Элайжа Вүүд Украины ерөнхийлөгчид хандан ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Харин түүний бичлэгийг тасдаж эвлүүлэн хуурамч бичлэг үүсгэсэн мэдээллийг Оросыг дэмжсэн хаягууд үүсгэн түгээсэн байх магадлалтай нь дээрх мэдээллүүдээс харагдаж байна.
Зеленскийг хар тамхи хэрэглэдэг гэх хуурамч мэдээлэл, цуурхал 2019 оноос тархаж байгаа энэ нь дахин дахин няцаагдаж (энд, энд бас энд) байсан юм.