АНУ-д жил бүр 800 мянган хүүхэд алга болж байна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #575

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-д жил бүр 800 мянган хүүхэд алга болж байна гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэгийг хийсэн Real American Voice гэх телевизийн сурвалжлагч Антони Агуэро нь “хууль бусаар хүүхэд худалдаалж байхдаа орогнож байсан” гэж тухайн газрын талаар тайлбар хийсэн боловч үнэн хэрэгтээ энэ нь олон зуун мянган хүүхэд хууль бус наймааны золиос болж байгаа талаар биш, АНУ руу орох гэсэн цагаачдын байрлаж байсан газар байна. 

2023 оны 06 дугаар сарын 13-нд Saagii Sansar гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч АНУ-д жил бүр 800 мянган хүүхэд алга болдог тухай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээлэлд хүүхдийн наймаачдын оромжийг харуулсан гэх бичлэгийг ашигласан ба мэдээллийн текстэд хүүхэд алга болдог тухай онцлон “Америкийн хил дээрх хүүхдийн наймаачдын оромж. АНУ-д жил бүр 800 мянган хүүхэд сураггүй алга болж байна!! Тийм ээ, найман зуун мянга. Жил бүр. Энэ бол албан ёсны бичиг баримттай хүүхдүүдийн тоо. Бичиг баримтгүй хүүхдүүд цаана нь бүр их, онгоц онгоцоороо АНУ-д ирж “алга болж байна”. Дашрамд дурдахад НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэж ороогүй, батлаагүй цорын ганц улс дэлхийд байгаа нь АНУ” гэж постдоо оруулсан байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалааFACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалаа

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны алга болсон хүмүүсийн бүртгэлийн статистик мэдээлэлд мэдэгдсэнээр:

  • 2020 онд 0-17 насны 365,348 хүүхэд алга болсон гэх дуудлага бүртгэгдсэн бол
  • 2021 онд энэ тоо буурч 337,195
  • 2022 онд 359,094 хүүхэд алга болсон гэж бүртгэгдсэн байна.

Гэхдээ эдгээр тоо нь зөвхөн бүртгэгдсэн хэргүүдийн тоо бөгөөд сураггүй алга болсон гэх идэвхитэй байгаа хэргүүдийн тоо биш юм. Тодруулбал, 2022 оны эцэс гэхэд 18-аас доош насны хүүхдийн 30,522 хэрэг шийдэгдээгүй байсан нь нийт идэвхитэй хэргүүдийн 31 хувь болохыг АНУ-ын Үндэсний гэмт хэргийн мэдээллийн төв тайлагнасан байна. 

Нийт хэрэг бүртгэлийн тоо ийм өндөр байдаг нь хүүхэд гэрээсээ зугтсан, асран хамгаалах эрхийн маргааны үеэр хүүхдээ авч явах гэх мэт хэргүүд бүртгэгддэгээс шалтгаалдаг байна. АНУ-ын Алга болсон болон Мөлжигдсөн хүүхдүүдийн төлөөх Үндэсний төвийн мэдээлснээр хүүхэд гэрээсээ зугтах, асран хамгаалагч авч явах хэрэг алга болсон хүүхдүүдийн хэргийн олонхийг бүрдүүлдэг ба тэдгээрийн ихэнхи нь шийдэгддэг гэдгийг онцолсон байна.

Харин 2012 оны үед жилд 800,000 гаруй хүүхэд алга болсон дуудлага бүртгэгдэж байсан мэдээлэл байгааг Reuters мэдээлж байжээ. Гэхдээ эдгээр нь өмнө дурдсанчлан сураггүй, огт олдохгүй алга болсон нийт хүүхдийн тоо биш зөвхөн бүртгэгдсэн хэргийн тоо юм. 

Reuters агентлаг 2010 оноос хойш жилд дунджаар 350-иас бага тооны 21 хүртэлх насныхан танихгүй хүнд хулгайлагддаг болохыг 2021 онд мэдээлж байсан байна. Энэ тоо 2022 онд 296 байсан байна.

Ижил буюу төстэй агуулгатай төөрөгдүүлсэн мэдээллийг Reuters, USA TODAY, Washington Post зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд баримт шалгалтаар мэдээлж байжээ.   

АНУ нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид 1995 онд гарын үсэг зуран нэгдсэн боловч АНУ-ын Сенатаар эцэслэн соёрхоогүй байна.

Шалгасан мэдээлэл ашигласан бичлэг нь Real American Voice гэх телевизийн сурвалжлагч Антони Агуэро-гийн Youtube сувагт 2023 оны 05 дугаар сарын 26-нд байршсан бичлэгийн хэсэг бөгөөд энэ телевиз нь улс төрийн агуулгатай хуйвалдааны онол, вакцины талаар хуурамч мэдээллийг дэмжин гаргаж байсан байна. Агуэро бичлэгтээ “хууль бусаар хүүхэд худалдаалж байхдаа орогнож байсан” гэж тухайн газрын талаар тайлбар хийсэн боловч үнэн хэрэгтээ энэ нь олон зуун мянган хүүхэд хууль бус наймааны золиос болж байгаа талаар биш, АНУ руу орох гэсэн цагаачдын байрлаж байсан газар байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооний вэб сайт дахь 2020 онд алга болсон хүмүүсийн статистик мэдээлэл

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооний вэб сайт дахь 2021 онд алга болсон хүмүүсийн статистик мэдээлэл

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооний вэб сайт дахь 2022 онд алга болсон хүмүүсийн статистик мэдээлэл

АНУ-ын Алга болсон болон Мөлжигдсөн хүүхдүүдийн төлөөх Үндэсний төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл

Reuters ‘Missing children in U.S. nearly always make it home alive’

Reuters ‘Fact Check-Tweet overstates number of children who went missing in the United States in 2020’

USA TODAY ‘Fact check: Mask-wearing not connected to child trafficking’

Washington Post ‘Are there hundreds of thousands of sex-trafficked runaways in the United States?’

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн орнуудын мэдээлэл

Шалгасан мэдээлэлд ашигласан бичлэг

Media Matters ‘The website of far-right broadcaster Real America’s Voice is full of QAnon content’

Health Feedback ‘No evidence that COVID-19 vaccination affects placenta, contrary to a claim by Naomi Wolf’

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document