2024 оны тавдугаар сарын 07-нд Dolgormaa Dolgormaa гэх хаягаас “Халамж ба хүүхдийн мөнгө” бүлгэмд “Сонгууль судалгаа бөглөөд 100к авах [(+30 Насныхан)] Байнуу Яг одоо ₮ЧАТ₮” гэх мэдээллийг түгээсэн. Тус пост нь нийт 26 реакц, 103 сэтгэгдэл авчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
Dolgormaa Dolgormaa гэх хаягийн мэдээлэл нууцлалтай байсан учир фейсбүүкээс нэрээр нь хайхад нийтэд нээлттэй бүлгэмүүдэд шалгаж буй мэдээлэлтэй ижил агуулгатай постуудыг олон давтан түгээжээ. Тухайлбал, “Судалгаа бөглөөд 450,000 төгрөг аваарай”, “Нэг бүрчлэн “Тийм” гэж бичсэн эхний 65 хүнд 60 000 000 төгрөгийн эргэн төлөгдөхгүй тэтгэлэг олгоно.” “цагийн 137.000Т цалинтай ажилд 19-60 нас сургаж авна сүлжээ биш цалин өдөртөө”, “Тэтгэвэр авч байгаа хэн бүхэн, иргэн бүрд 900,000 төлбөр нэмэх талаар ярилцлаа 🇲🇳 Чатаар шууд бичээрэй, ингэснээр та хамрагдах боломжтой” гэх мэт мэдээллүүдийг оруулсан.
Түгээсэн ажлын зарын мэдээллүүдэд холбогдох дугаар, ямар ажил хийх зэрэг мэдээллийг огт оруулаагүй, сэтгэгдэл бичсэн хүмүүст зөвхөн өөр лүү нь хувийн чат бичихийг уриалахаас гадна “тэтгэлэг олгоно, хүн бүрийн тэтгэврийн хэмжээг нэмнэ” гэх агуулга бүхий пост оруулсан нь тус хаяг хуурамч бөгөөд санхүүгийн залилан хийх зорилгоор хуурамч мэдээлэл түгээж байж болзошгүйг харуулж байна.
Шалгаж буй мэдээллийг хуулаад фэйсбүүкт хайхад “Gaaniuur Nymhvv”, “Yargui Narantsetseg”, “Narantsetseg Khair” зэрэг өөр хаягуудаас яг ижил мэдээллийг олон удаагийн давтамжтай түгээжээ.
Шалгаж буй хаяг руу чат бичихэд судалгаа бөглөх талаар заавар бус Bolormaa Bayrmaa гэх хаяг руу “Тэр надад 24 цагийн дотор 700,000.00 MNT олоход тусалсан” гэж бичих заавар явууллаа. Bolormaa Bayrmaa гэх хаяг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Г.Гангамөрөний зургийг ашиглаж буй хуурамч хаяг болохыг Гангамөрөн Ганбаатар албан ёсны хаягтаа мэдээлжээ.
Хэрэв та “мөнгө өгнө, тэтгэлэг олгоно, гэрээсээ ажил хийгээд их хэмжээний мөнгө аваарай” гэх мэт мэдээлэлтэй таарвал тухайн мэдээллийн хэсгийг, аль эсвэл мэдээллийг түгээж буй хаягийн нэрийг хуулаад фейсбүүкээс хайгаарай. Тухайн хаягаас оруулж буй олон нийтэд нээлттэй тохиргоотой бүх постууд харагдах учир оруулсан постууд, сэтгэгдэл, түгээсэн давтамж зэргээс хуурамч мэдээлэл эсэхийг харах боломжтой юм.
Шалгаж буй мэдээлэлд “сонгуулийн судалгаа бөглөөд мөнгө аваарай” гэж олны анхаарлыг татсан байна. Энэ төрлийн үйл ажиллагаа хуулиар хориотой болохыг дараах хэсгээс авна уу.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 48.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
- 48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
- 48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
- 48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
- 48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
- 48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
- 48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
- 48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;” гэж заасан байдаг. Иймд сонгуулийн санал авах өдрийг хүртэл сонгуультай холбоотой судалгаа авах хориотой юм.