Шүлтлэг ус хавдрыг устгах боломжтой гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #420

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шүлтлэг ус хавдрыг устгах боломжтой гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ” гэх мэпээдэд гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллага болон нэр хүндтэй хавдрын судалгааны байгууллагууд худал гэдгийг нь онцлон няцаасан байдаг.

2023 оны 01 дүгээр сарын 19-нд ulaanbaatar.me вэб сайт “Шүлтлэг ус хавдрыг устгах боломжтой гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ: бид танд хэрхэн шүлтлэг ус бэлтгэж уух талаар хэлж өгье” гэх гарчигтай мэдээлэл нийтлэсэн. Тус мэдээлэлд “ Ер нь бол pH буюу шүлтийн хэмжээ таны биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Доктор Otto Warburg, хүмүүсийн бие дэх хүчлийн хэмжээ хэт их ихэсснээс болж хорт хавдраар өвчилдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүчлийн хэмжээ их байх нь архаг үрэвсэл үүсгэнэ, жишээ нь чихрийн шижин, үе мөчний өвчин болон зүрх судасны асуудал гэх мэт. Хэд хэдэн судалгаагаар pH хэмжээг ихэсгэх бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал болохыг олж тогтоожээ. Доктор Otto хамгийн анх шүлтийн хэмжээ багасч, хүчлийн хэмжээ биед ихэссэнээр хавдрын эс улам өсөж томордог болохыг баталсан юм” гэж мэдээлсэн байна. Цаашлаад бие дэх хүчлийн хэмжээг ихэсгэхгүйн тулд шүлтлэг ус уухийг зөвлөсөн байна. Үүнд, цагаан гаа, нимбэг, гималайн ягаан давс, өргөст хэмх зэргийг ашиглан шүлтлэг ус бэлтгэхийг санал болгожээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Шүлтлэг усаар хавдрыг устгах боломжгүй бөгөөд хавдрын батлагдсан эмчилгээ биш юм. Энэ худал мэдээллийг PolitiFact, Full Fact зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллага болон нэр хүндтэй хавдрын судалгааны байгууллагууд худал гэдгийг нь онцлон няцаасан байдаг.

Тодруулбал, АНУ-ын Техасын их сургуулийн Андерсоны нэрэмжит хавдрын судалгааны төвийн мэдээлсэнээр хавдрын эс нь хүчиллэг орчинд төлжиж үрждэг талаар судалгаа байдаг боловч тэдгээр нь эсийн өсгөвөр дээр хийсэн судалгаанууд бөгөөд хүний бие дэх хавдарт хэрхэн нөлөөлөхийг шууд дүгнэж болохгүйг мэдэгдсэн байна. Мөн тус мэдээлэлд ямар нэгэн хүнс нь цусны хүчил шүлтлэгийн хэмжээг (pH) өөрчилдөггүйг онцолжээ.

Хүний цусны хүчил шүлтлэгийн хэмжээг уушги, бөөр зохицуулдаг ба хэмжээ нь 7.3- 7.4 хооронд байх шаардлагатай байдаг байна. Хэрвээ цусны хүчил, шүлтлэгийн хэмжээ хүнсний хэрэглээнээс хамааран өөрчлөгддөг байсан бол хүмүүс амьд явахгүй буюу метаболизмд шаардагдах энзимүүдийн таатай орчин байхгүй болохыг Канадын Калгарийн их сургуулийн шим тэжээл судлаач, профессор Танис Фентон (Tanis Fenton) Guardian-д мэдээлсэн байна. Харин шүлтлэг ус нь шээсний хүчлийн хэмжээг бууруулдаг болохыг тэрээр мэдэгджээ.

Хэрвээ шүлтлэг хүнсний хэрэглээг хэт нэмэгдүүлэн, хүчиллэг хүнсний хэрэглээг багасгавал тодорхой уураг, витамины дутагдалд орох эрсдэл нэмэгдэж болохыг Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн вэб сайтад мэдээлсэн байна. 
Түүнчлэн бид шалгаж буй мэдээлэлд дурдагдсан доктор Отто Варбургийн талаар өмнө нь баримт шалгалт нийтэлж байсан. Тэрээр 1931 онд эсийн судалгааны ажлаараа Нобелийн шагнал хүртэж байсан ба хавдрын өсөлт нь глюкозыг задлахад үүсдэг энергиэр тэжээгддэг тухай таамаглалыг дэвшүүлсэн. Харин хүчиллэг орчин хэт ихэссэнээс хавдрын өвчлөл үүсдэг гэсэн нь түүний таамаглалыг гуйвуулсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хүчиллэг орчин нь хавдар үүсгэхгүй харин хавдрын эсүүд нь бага хүчилтөрөгчтэй, хүчиллэг орчинг үүсгэхэд оролцдог байж болох талаар судалгаа байдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document