Хорт хавдар үүсгэдэг 8 хүнс гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Элсэн чихэр, сахар орлуулагч, боловсруулсан мах утсан хоол, устөрөгчжүүлсэн тос зэрэг , бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хавдар үүсгэдэг гэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн эрүүл мэндийн сөрөг нөлөөний талаарх мэдээлэл нь батлагдаагүй.

2022 оны 08 дугаар сарын 22-нд lantuu.xyz вэб сайт “Хорт хавдрын эмч нар эдгээр 8 хоолыг идэхгүй байхыг уриалж байна: Тэд хорт хавдар үүсгэдэг!” гэх гарчигтай мэдээлэл гарсныг 11 дүгээр сарын эхээр дахин шэйрлэж идэвхжүүлээд байна.

2022 оны 08 дугаар сарын 22-нд lantuu.xyz вэб сайт “Хорт хавдрын эмч нар эдгээр 8 хоолыг идэхгүй байхыг уриалж байна: Тэд хорт хавдар үүсгэдэг!” гэх гарчигтай мэдээлэл гарсныг 11 дүгээр сарын эхээр дахин шэйрлэж идэвхжүүлээд байна. Тус мэдээлэл 2022 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар 4090 реакц, 194 коммент, 5,650 гаруй удаа цааш түгээгдээд байна. Сайт дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 9,934 хариу үйлдэл авсан байна. Мэдээлэлд хавдар үүсгэдэг гэж тайлбарласан 8 хүнсийг нэрлэж хорт хавдрын эмч нар тэдгээр хүнснээс татгалзахыг зөвлөдөг мэтээр бичжээ. Мэдээлэлд дараах бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн байна. Элсэн чихэр, сахар орлуулагч Боловсруулсан мах /хиам, зайдас, гахайн утсан мах/ Фермийн загас Даршилсан, утсан хоол Устөрөгчжүүлсэн тос Төмсний чипс Печь-д халаасан попкорн Цэвэршүүлсэн цагаан гурил Дээрх мэдээллийг буюу хавдар үүсгэдэг хүнсний талаарх мэдээллийг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай AFP, Africa Check, Full Fact зэрэг баримт шалгах байгууллагууд худал буюу төөрөгдүүлсэн гэдгийг нь тогтоосон.

1. Элсэн чихэр, сахар орлуулагчийн хэрэглээ хавдар үүсгэдэг нь батлагдаагүй

Бидний шалгаж буй мэдээлэлд тайлбарласнаар хорт хавдар нь элсэн чихрээр хооллодог ба энэ тухай нээлтийг Германы Нобелийн шагналт эрдэмтэн Отт Варбург 1931 онд нээсэн гэжээ. Түүнчлэн элсэн чихэртэй адилаар хиймэл чихэр нь хорт хавдар үүсгэдэг гэж мэдээлжээ. Отто Варбург нь 1931 онд respiratory enzymes-ийн үйл ажиллагааны талаарх нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр эсийн биологи үүнд, хавдрын метаболизмийн талаар дагнан судалгаа хийж байсан ба 1931 онд биш 1924 онд хавдрын өсөлт нь глюкозын задлахад үүсдэг энергиэр тэжээгддэг тухай таамаглалыг дэвшүүлсэн. Энэ таамаг нь хэдийгээр хавдрын судалгааны чиглэлд маргааны сэдэв болсон ч өнөөг хүртэл батлагдаагүй байна. Дэлхийн хавдрын судалгааны сангийн (World Cancer Research Fund International) мэдээлснээр “хиймэл амт оруулагч (artificial sweetener) нь хавдар үүсгэдэг талаар хангалттай баримт байхгүй.” Харин “тамхинаас татгалзах, хөдөлгөөний идэвх, эрүүл хоолоор эрүүл жингээ барих нь хавдрын эсрдэлээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга” гэж мэдэгдсэн байна. Мөн Их Британийн хавдрын судалгааны сан “Cancer Research UK” хиймэл амт оруулагчийн талаарх мэдээлэлдээ “аспартам зэрэг хиймэл амт оруулагч нь хавдар үүсгэдэггүй” ба “өдөр тутамдаа ямар дэглэмтэй, ямар хоол идэж байгаа нь хоолны орц найрлаганд юу орсоноос илүү чухал байдаг” гэжээ. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын харъяа Олон Улсын Хавдарын судалгааны агентлаг (IARC) аспартамыг “цаашид онцгойлон судлах шаардлагатай” зүйлсийн жагсаалтад оруулан шалгаж байгаа аж. АНУ-ын Мейо клиникийн хавдрын талаарх худал, төөрөгдүүлсэн мэдээллийг няцаасан тайлбарт бичсэнээр “биеийн бүхий л эд эс глюкозын ямар нэг хэсгийг шингээдэг бөгөөд хавдрын эсүүд ч шингээнэ” гэсэн ба “Хавдрын эсэнд их чихэр өгвөл хурдан томрохгүй. Үүнтэй адилаар, хавдрын эсэнд чихэр өгөхгүй байвал өсөлт нь удаан болохгүй” гэж мэдээлсэн байна.

2. Тамхи, хеликобактер гэх мэт 122 зүйл багтсан хавдар үүсгэх эрсдэлтэй группэд Боловсруулсан махыг оруулсан боловч тэдгээрийг ямар хэмжээнд эрсдэл учруулахыг тогтоогоогүй

2015 онд Олон улсын хавдрын судалгааны агентлаг боловсруулсан мах буюу амтыг нь сайжруулах, хадгалалтыг нь уртасгах зорилгоор давсалсан, утсан, хатаасан, ферментжүүлсэн махыг хавдар үүсгэгч гэж ангилсан. Олон улсын хавдрын судалгааны агентлагийн монографын хөтөлбөрийн дарга доктор Курт Страйфын мэдээлснээр “боловсруулсан махны хэрэглээнээс болж шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл бага, гэхдээ мах хэрэглэсэнтэй зэрэгцээд эрсдэл нэмэгдэж байдаг” гэжээ. Хэдийгээр боловсруулсан мах хавдар үүсгэх эрсдэлтэй нь тогтоогдсон ч үүсгэх эрсдэл нь тамхиныхаас үлэмж бага байдаг байна. 2015 онд Олон улсын хавдрын судалгааны агентлаг боловсруулсан мах нь шулуун гэдэсний хавдар үүсгэдэг талаар хангалттай баримт үүссэн гэж үзэн нэгдүгээр группын (Group 1) хавдар үүсгэгч буюу хавдар үүсэхэд нөлөөлдөг нь тогтоогдсон зүйлсийн жагсаалтад оруулсан. Энэ группийн жагсаалтад тамхи, тамхины утаа, хеликобактер гэх мэт 122 зүйл бүртгэгдсэн байна. Олон улсын хавдрын судалгааны агентлаг боловсруулсан махыг нэгдүгээр группийн хавдар үүсгэгчид оруулсаны дараа Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулиас мэдээлэл гаргасан. Тус мэдээлэлд Олон улсын хавдрын судалгаа ажлын группийн гишүүн Кана Ву (Kana Wu) “Олон улсын хавдрын судалгааны агентлаг хавдар үүсгэгч гэж бүртгэсэн зүйлийнхээ чухам ямар хэмжээнд эрсдэл үүсгэдгийг дүгнэдэггүй” гэж мэдэгдсэн. Тэрээр цаашлаад “Хэдийгээр тамхи татах, боловсруулсан мах нь хоёулаа нэгдүгээр группт багтсан ч тамхи татах нь боловсруулсан махны хэрэглээнээс мэдэгдэхүйц их эрсдэлтэй. Жишээ нь уушгины хавдар 20 дахин их” гэжээ.

3. Зөвхөн фермийн загас бус бохирдсон усны загас удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд хавдрын эрсдэл нэмэгдэнэ

АНУ-ын Кливландийн клиник вэбсайтад мэдээлснээр зөвхөн фермийн салмон гэж ялгалгүй далайн салмоныг хэт их хэрэглэвэл хавдар тусах эрсдэлтэй гэжээ. Фермийн салмонд полихлорт бифенил (polychlorinated biphenyl – PCB) далайн загасаас 16 дахин их агуулагдах тохиолдол байдаг ба энэ бодисыг фермийн загаснууд хоол, тэжээлээсээ авдаг байна. Цаашлаад бохирдсон усны загасан дахь полихлорт бифенилийн хэмжээ өндөр байдаг байна. Олон улсын хавдрын судалгааны агентлаг тус бодисыг нэгдүгээр группийн хавдар үүсгэгчийн жагсаалтад оруулсан ба их хэмжээгээр буюу удаан хугацаагаар дээрх бодисоор хордсон тохиолдолд хавдрын эрсдэл ихэсдэг тухай судалгаануудыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвийн мэдээлснээр полихлорт бифенилийг бохирдсон загас, мах, сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой байдаг байна.

4. Даршилсан болон утсан хоол гэдэсний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Дэлхийн хавдрын судалгааны сангийн мэдээлснээр давсалж даршилсан хоолны хэрэглээ нь гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй бол утсан буюу боловсруулсан мах нь шулуун гэдэсний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой байдаг байна. Тийм учраас тус байгууллага боловсруулсан мах аль болох бага хэрэглэхийг зөвлөдөг байна. Цаашлаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 5 грамм буюу 1 цайны халбага хэмжээгээр давсны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөдөг байна.

5. Транс тос ба хавдрын эрсдэлийн хооронд шууд хамаарал тогтоогдоогүй

Устөрөгчжүүлсэн тос буюу транс тос нь зарим төрлийн амттан, маргарин, пиццаны орцонд болон түргэн хоол шарахад ашиглаж ирсэн ба транс тос нь судасны бөглөрөлийн эрсдэлийг нэмэгдүүлэх цаашлаад зүрх судасны өвчнийг эрсдэл үүсгэж байсан нь транс тосыг хэрэглээнээс халах шалтгаан болсон. 2006 онд АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) найрлагадаа транс тос орсон бол орцондоо дурдахыг хүнс үйлдвэрлэгчдээс шаарддаг болсон ба 2018 онд транс тосыг хүнс үйлдвэрлэлд хориглосон байна. Саяханыг хүртэл транс тос ба хавдрын эрсдэлийн талаар клиник баримт байхгүй байсан боловч 2021 онд Мишел Матта (Michèle Matta) нарын судлаачид Европын 9 орны өвчтөнүүдийн хөхний хавдрын эрсдэл ба транс тосны хэрэглээний талаар хийсэн судалгаанд транс тосны хэрэглээ нь хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар дүгнэсэн байна. Мөн 2020 Сахар Яммин (Sahar Yammine) нарын судлаачид транс тосны хэрэглээ өндгөвчний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болох талаар дүгнэсэн. Гэхдээ дээрх судалгаануудад транс тос ямар механизмаар хавдар үүсгэдэг болохыг тогтоогоогүй бөгөөд транс тос ба хавдарын хооронд шууд холбоо тогтоогдоогүй байна.

6. Төмсний чипс ба хавдрын харилцан хамаарал тодорхойгүй

Америкийн хавдрын нийгэмлэгийн вэб сайтад мэдээлснээр төмсний чипс, кофе, шарсан төмс, үр тариатай хоол буюу сериал хоол, жигнэмэг зэрэг цардуултай хүнсийг өндөр температурт бэлэн болгох үйл явцад акриламид гэх бодис ялгардаг байна. Түүнчлэн, акриламидыг хоол хүнснээс гадна дам тамхидалтын замаар хүртэх боломжтой байдаг байна. 1994 онд Олон улсын хавдар судлалын агентлаг акриламидыг хоёрдугаар группийн хавдар үүсгэгч бодисын жагсаалтад оруулсан байна. Энэ бүлэгт хавдар үүсгэдэг нь батлагдаагүй ч тэр талаар харгалзаж үзэхүйц баримт цугларсан бодисуудыг оруулдаг. Мөн 2014 онд Мандийп Вирк-Бэйкэр (Mandeep K. Virk-Baker) нарын “Nutrition and Cancer” сэтгүүлд хэвлүүлсэн “Хүнсэн дэхь акриламид ба хүний хавдар: системчилсэн судалгааны тойм” (Dietary Acrylamide and Human Cancer: A Systematic Review of Literature) өгүүлэлд акриламидаас шалтгаалсан хавдрын эрсдэлийг судалсан өмнөх судалгаануудыг дүгнэхдээ акриламид төрөл бүрийн хавдруудын хооронд статистикын хувьд хамаарал ажиглагдаагүй болохыг дурдсан байна. Техас мужийн их сургуулийн Андерсоны нэрэмжит Хавдрын судалгааны төвийн хоол зүйч Кендалл Стелваген (Kendall Stelwagen) төмсний чип болон дээр дурдсан бусад бүтээгдэхүүнээс зайлсхийх шалтгаан нь акриламид биш харин дээрх бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа тохиолдолд “цусан дахь триглецирид болон глюкозын хэмжээ, жин нэмэх” зэрэг болохыг онцолсон байна.

7. Богино долгионы зууханд хийх шаардлагатай попкорны уут хавдар үүсгэх эрсдэлтэй бодис агуулдаг боловч хавдар үүсгэх эрсдэл нь батлагдаагүй

АНУ-ын Калифорнийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн вэб сайтад мэдээлснээр попкорн нь хавдар үүсгэдэггүй харин богино долгионы зууханд хийж бэлэн болгодог попкорны уутанд агуулагддаг химийн нэгдлүүд нь хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг гэжээ. Тодруулбал, богино долгионы зууханд хийх шаардлагатай попкорны уутанд перфторжуулсан органик нэгдлүүд (perfluorochemicals – PFCs) агуулагддаг ба хэд хэдэн эрүүл мэндийн хүндрэлийг үүсгэхээс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой байдаг байна. Перфторжуулсан органик нэгдлүүд тос нэвчихээс сэргийлэх, халуун болон усанд тэсвэртэй бодис байдаг учир цэвэрлэгээний бодис, будаг, бүрээс, хивс, косметик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг байна. Америкийн хавдрын нийгэмлэгийн вэб сайтад мэдээлснээр перфторжуулсан органик нэгдлүүд нь түрүү булчирхай, бөөр болон бусад төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэй байж болохыг онцолсон. Харин Олон улсын хавдрын судалгааны агентлаг хязгаарлагдмал баримт цугларсанаас шалтгаалан тус бүлгийн бодисуудыг хоёрдугаар бүлгийн хавдар үүсгэгчид бүртгэсэн байна.

8. Цэвэршүүлсэн цагаан гурил хавдар үүсгэдэг нь батлагдаагүй

2020 онд Гленн Гэйссэрийн (Glenn A. Gaesser) “Nutrients” сэтгүүлд хэвлүүлсэн “Бүхэл үрийн гурил, цэвэршүүлсэн гурил ба хавдрын эрсдэл: Ажиглалтын судалгаануудын мета-анализын системчилсэн шүүмж тойм” (Whole Grains, Refined Grains, and Cancer Risk: A Systematic Review of Meta-Analyses of Observational Studies) өгүүлэлд гурилын хэрэглээ үүнд цэвэршүүлсэн гурилын хэрэглээ ба хавдар тусах эрсдлийг судрлсан өмнөх судалгаануудыг тоймлон үзсэн бөгөөд тус өгүүлэлд дүгнэснээр цэвэршүүлсэн гурил нь хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг нь нотлогдоогүй аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээ www.facebook.com
  2. AFP Боловсруулсан мах хавдар үүсгэдэг эсэх талаар баримт шалгалт www.factcheck.afp.com
  3. Africa Check Сахар хавдрын өсөлтөд нөлөөлдөг талаарх баримт шалгалт www.africacheck.org
  4. Full Fact Боловсруулсан мах хавдар үүсгэдэг эсэх талаар баримт шалгалт www.fullfact.org
  5. Отто Варбург Нобелийн шагнал хүртсэн тухай мэдээлэл nobelprize.org
  6. Отто Варбургийн намтар болон хавдрын тухай судалгааны өгүүлэл www.ncbi.nlm.nih.gov
  7. Дэлхийн хавдрын судалгааны сан хавдар үүсгэгчийн талаарх мэдээлэл www.wcrf-uk.org
  8. Cancer Research UK Хиймэл чихэр хавдар үүсгэдэг эсэх талаарх мэдээлэл cancerresearchuk.org
  9. IARC Аспартамыг бүртгэсэн тухай мэдээлэл monographs.iarc.who.int 
  10. АНУ-ын Мейо клиникийн хавдар үүсгэдэг бүтээгдэхүүний талаарх баримт шалгалт mayoclinic.org
  11. IARC Боловсруулсан махны талаарх тайлан www.iarc.who.int
  12. Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн вэб сайт боловсруулсан махны талаарх мэдээлэл www.hsph.harvard.edu
  13. АНУ-ын Кливландийн клиникийн вэб сайт дахь салмон загас хавдар үүсгэдэг эсэх талаарх мэдээлэл www.health.clevelandclinic.org
  14. IARC полихлорт бифенилийг бүртгэсэн тухай мэдээлэл www.publications.iarc.fr
  15. CDC Полихлорт бифенилийн талаарх мэдээлэл www.cdc.gov
  16. Дэлхийн хавдрын судалгааны сан даршилса болон боловсруулсан хүнс ба хавдрын эрсдэлийн талаарх мэдээлэл www.wcrf.org
  17. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын давсны хэрэглээг бууруулах зөвлөмж www.who.int
  18. АНУ-ын Мейо клиникийн вэб сайт дахь транс тосны талаарх мэдээлэл www.mayoclinic.org
  19. FDA Транс тосыг хориглосон тухай мэдээлэл www.fda.gov 
  20. Michèle Matta “Dietary intake of trans fatty acids and breast cancer risk in 9 European countries” www.bmcmedicine.biomedcentral.com
  21. Sahar Yammine “Dietary and Circulating Fatty Acids and Ovarian Cancer Risk in the European Prospective Investigation into Cancer and Nutrition” www.aacrjournals.org
  22. IARC Акриламидыг бүртгэсэн тухай мэдээлэл www.monographs.iarc.who.int
  23. Мандийп Вирк-Бэйкэр “Хүнсэн дэхь акриламид ба хүний хавдар: системчилсэн судалгааны тойм” www.ncbi.nlm.nih.gov
  24. Андерсоны нэрэмжит Хавдрын судалгааны төвийн вэб сайт дахь акриламидын талаарх мэдээлэл www.mdanderson.org
  25. АНУ-ын Калифорнийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн вэб сайт дахь попкорны уутанд агуулагддаг перфторжуулсан органик нэгдлүүдийн мэдээлэл www.connect.uclahealth.org
  26. Америкын хавдрын нийгэмлэгийн вэб сайт перфторжуулсан органик нэгдлүүдийн талаарх мэдээлэл www.cancer.org
  27. IARC перфторжуулсан органик нэгдлүүдийн талаарх тайлан www.monographs.iarc.who.int
  28. Гленн Гэйссэ “Бүхэл үрийн гурил, цэвэршүүлсэн гурил ба хавдрын эрсдэл: Ажиглалтын судалгаануудын мета-анализын системчилсэн шүүмж тойм” www.ncbi.nlm.nih.gov
  29. Архивласан хувилбар www.archive.ph

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document