2024 оны дөрөвдүгээр сарын 09-нд World Sports гэх хаягаас “Какагийн экс эхнэр салах шалтгаанаа хэлэхдээ: Кака хэзээ ч намайг хуурч байгаагүй. Тэр намайг үргэлж халамжилж сайн ханддаг байсан. Гэхдээ би аз жаргалтай байгаагүй. Ямар нэг зүйл болохгүй санагдсан. Асуудал нь тэр надад хэтэрхий төгс байсан” гэх тайлбар, зурагтай пост түгээжээ. Тус пост нь нийт 196 реакц, 30 сэтгэгдэл авч, 97 удаа цааш түгээгджээ. Энэ мэдээллийг энд, энд мөн энд түгээсэн байгааг харж болно.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Энэ мэдээлэл анх хэзээ, хаана тархаж эхэлсэн бэ?
Бразилын хөл бөмбөгчин Кака болон Caroline Celico нар 2005 онд гэрлэж, 10-аад жилийн дараа буюу 2015 онд салжээ. Тэрээр салаад 9 гаруй жил өнгөрсний дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Analistas” нэртэй X (твиттер) хэрэглэгч “Кака хэзээ ч намайг хуурч байгаагүй, надад үргэлж сайн хандаж, гайхалтай гэр бүлийг бэлэглэсэн. Гэхдээ ямар нэг зүйл дутагдаад байгаа юм шиг, би аз жаргалтай бус байсан. Асуудал нь юу гэвэл тэр надад дэндүү төгс санагдаж байсан юм.” хэмээн ямар ч эх сурвалжгүй жиргэсэн нь 10.7 сая удаа уншигджээ.
Мөн “Pelada com amigos” нэртэй, 1.5 сая дагагчтай Бразилын Фейсбүүк хуудас яг ижил утга, үгстэй пост оруулсан нь бас ямар ч эх сурвалж дурдаагүй байжээ. Үүнээс хойш Английн Goal.com, Их Британийн The Sun, Энэтхэгийн NDTv, Аргентины Infobae, Бангладешийн Somoy News зэрэг хэвлэл мэдээллийн газрууд ижил утгатай мэдээлэл нийтэлсэн.
Caroline Celico өөрөө юу гэв?
Caroline Celico өөрийн Инстаграмдаа “Надтай холбогдоогүй удсан болон намайг таньдаггүй хүмүүст хэлэхэд:
Ийм хуурамч мэдээлэл, хуурамч эшлэл тархаж байгаад харамсаж байна. Бид 2 бараг 10-аад жилийн өмнө салсан, энэхүү 14 жилийн турш хамт байх хугацаанд бид 2 сайхан хүүхэдтэй болсон.
Одоогийн нөхөр Eduardo-тойгоо нийлээд 8 жил болж байна, ирэх сард бид 2 анхны хүүхдээ өлгийдөн авна.
Би өдий хүртэл амьдрахдаа бүхий л зүйлд талархаж ирсэн. Өмнөх нөхөр болох Кака бид 2 хүүхдүүдээ эрүүл өсгөж, торниулж байна. Үүнд би маш их талархалтай хандаж байгаа.
Миний нийгмийн сүлжээнд тавтай морил. Би эндээ гэр бүл, ажил төрлийнхөө тухай хүндэтгэлтэй, хайр түгээн хуваалцах болно оо.
Баярлалаа” гэсэн стори оруулжээ.
Хэд хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Caroline Celico өөрийн Инстаграм хуудсанд дараах сториг оруулжээ.
“Clickbait гэж юуг хэлдэг вэ?
Цахим орчинд ямар нэг байдлаар хүмүүсийн анхаарлыг татаж лайк, холбоос дээр даруулан ашиг олох сурталчилгааны нэг төрөл юм.
Өөрөөр хэлбэл, энийгээ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭР дамжуулан хийдэг.
Гэнэн загас байхаа больцгооё…” гэсэн байна.
“Clickbait” гэж юу болох талаар манай өмнө нь оруулсан баримт шалгалтаас дэлгэрэнгүй уншаарай.
Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) гишүүн байгууллага болох Бангладеш улсын “Rumor Scanner” энэ мэдээлэлд баримт шалгалт хийсэн бөгөөд тэрээр Caroline Celico-той и-мэйлээр холбогдон энэ талаар тодруулахад “Би огт ингэж хэлээгүй. Бүхэл бүтэн 10 жилийн дараа хүмүүс ийм яриа гаргахыг бодоход бид дэндүү гоё хосууд байжээ” хэмээжээ. Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
Эдгээрээс үзвэл нийгмийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байгаа Caroline Celico-ийн хэлсэн үгс гэх эшлэл нь ямар ч эх сурвалжгүй, худал болох нь харагдаж байна.