2024 оны 02 дугаар сарын 21-нд Rei Media гэх хаягтай фэйсбүүк хуудас “Диснейг үүсгэн байгуулагч Уолт Дисней нас барахдаа өөрийгөө хөлдөөсөн болон тус компани энэ мэдээллийг интернэт дэх хайлтаас арилгах зорилгоор хүүхэлдэйн киногоо “Frozen” хэмээн нэрлэсэн” гэх бичлэг түгээжээ. Бичлэгт тайлбарласнаар “Алдарт Уолт Дисней 1966 онд нас барахдаа өөрийн биеийг хөлдөөсөн гэх цуурхал олон жилийн турш яригдсаар ирсэн билээ. Түүний хөлдөөсөн биеийг Диснейн үзүүлэнгийн доор нуусан ч гэх цуурхал бий. Волт хүнийг нас барах үед нь ч хөлдөөх технологийг маш их сонирхдог байсан бөгөөд ирээдүйд түүний хөлдөөсөн биеийг ахин сэргээж амь оруулах боломжтой хэмээн итгэдэг байв. Түүнчлэн паркын ажилтан Уолтын хөлдөөсөн биеийн зургийг олон нийтэд цацсан ба одоог хүртэл жинхэнэ эсэхийг баталж чадаагүй байгаа. Үүнээс болоод Дисней компани Уолтын хөлдөөсөн биеийн хайлтыг Google-ээс алга болгож бууруулахын тулд Frozen анимейшныг бүтээсэн гэх ч яриа бий. Иймээс хүмүүс Google-ээс Frozen гэж хайх үед Уолтын хөлдөөсөн биений оронд хүүхдэд зориулсан анимейшн гарч ирдэг болсон ба Уолтын мэдээлэл бараг харагдахааргүй далд оржээ.” хэмээн тайлбарласан байна.
Энэ бичлэг нь 02 дугаар сарын 29-ний байдлаар 7,100 орчим лайк авч, 272 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Уолт Дисней өөрийгөө хөлдөөсөн гэх цуурхал олон жилийн турш тархаж байгаа бөгөөд баримт шалгах төв болон хэвлэл мэдээллийн байгууллагууд тус мэдээлэл худал болохыг удаа дараа няцааж байжээ. Бид Rei Media гэх хуудсын мэдээллийг өмнө нь нягталж байсан ба энэ удаа дахин баримтгүй худал мэдээлэл түгээжээ.
Уолт Дисней 1966 оны 11 дүгээр сард уушгины хавдраар оношлогдон 12 дугаар сарын 15-нд хавдрын хүндрэлээс болж нас барсан байна. Түүнийг нас барснаас хоёр хоногийн дараа цогцсыг нь шатаан АНУ-ын Калифорни мужийн Глендейл хотын Форрест Лаун гэх оршуулгын газрын Диснейн гэр бүлийн бунханд оршуулсан талаар PBS болон Los Angeles Times мэдээлж байсан байна.
“Frozen” хүүхэлдэйн киноны продюссер Петр Дел Вечо 2013 онд өгсөн ярилцлагадаа “Frozen” гэх нэрийг киног бүрэн илэрхийлэх учраас өгсөн гэсэн ба “Кинонд мөс, цас их гардаг боловч кино нь хөлдсөн харилцааны тухай болон хөлдсөн зүрхийг гэсгээх тухай юм” хэмээн тайлбарлаж байсан байна.
Өөрөөр хэлбэл “Frozen” хүүхэлдэйн киног Уолт Диснейн тухай цуурхлыг дарах гэж биш харин киноны сэдэвтэй холбон нэр өгч танилцуулсан ба түүнийг “дахин сэргээхээр хөлдөөсөн” гэх мэдээлэл нь баримтгүй, худал цуурхал болж таарч байна.