Сибирийн цэвдэгээс олдсон вирус нь зомби гэх зохиомол дүртэй холбоогүй ба хүнд халдварлахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #659

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сибирийн цэвдгээс илрүүлсэн вирус нь зомбитой холбоотой байх магадлалтай гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Сибирийн цэвдгээс олдсон вирус хүнд халдахгүй, холбогдох судалгааны материалуудыг нээлттэй танилцуулсан байна.

2023 оны 08 дугаар сарын 31-нд Rei Media нэртэй пэйжид “Вирус алдагдвал та хамгийн түрүүнд юу хийх вэ?” гэх тайлбартай дамран бичлэг /reel/ оруулсан нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 11.8 мянган реакц, 844 сэтгэгдэл авч, 1.4 мянган удаа цааш хуваалцсан байна.

Бичлэгт “Эрдэмтэд Сибирийн цэвдэгээс 48,500 жилийн турш хөлдсөн байсан зомби вирусийг сэргээсэн”, “Вирусийг зомбитой холбоотой байх магадлалтай нь тогтоогдсон”, “Мөн 13 өөр вирус илрүүлсэн”, “Зомби вирусийг хүн төрөлхтний эсрэг зэвсэг болгож ашиглаж болзошгүй ба холбогдох судалгааг олон нийтэд ил болгоогүй” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

2 ба түүнээс дээш жил хөлдсөн ч идэвхтэй хэвээр байдаг вирусийг зомби гэж нэрлэдэг

Уран зохиолд гардаг зомби гэх ойлголт нь өнөөгийн шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй хэвээр байна. Гэвч эрдэмтэд, судлаачдын дунд “Зомби вирус” гэх нэр томьёо нь тийм ч шинэ биш.

Үхсэнийхээ дараа ч хөдөлдөг, иддэг, гэвч оюун ухаангүй зомби үүсгэх аюултай учраас зомби вирус гэж нэрлээгүй. Харин хэт удаан буюу 2 ба түүнээс дээш жил хөлдүү байсан ч устаагүй вирусийг зомби гэж нэрлэдэг байна.

Зохиолд гардаг зомби-ийн талаар АНУ-ын Cleveland Clinic төвийн эмнэл зүйн микробиологич, доктор Аниша Мишра “Өнөөгийн шинжлэх ухаанд уран зохиолд гардаг шиг зомби гэх ойлголт боломжгүй хэвээр байгаа. Үхсэн амьтныг эргэж амилуулж чадахгүй бол зомби ч байх боломжгүй. Иелийн их сургуулийн эрдэмтэд гахайг үхсэнээс 1 цагийн дараа хэд, хэдэн эрхтний эсийг сэргээсэн нэг л тохиолдол бий. Гэтэл хэн нэгэн хүн нас барлаа гэхэд түүний тасалдсан зүрхний үйл ажиллагааг яаралтай сэргээхгүй л бол эргэж амь оруулах боломж байхгүй” гэжээ.

Сибирийн цэвдгээс олдсон 13 вирус нь хүнийг халдварлуулахгүй

Шалгаж буй бичлэгт ашигласан дүрсүүд нь бодит амьдрал биш, киноны хэсгүүдээс авсан байна. Харин Сибирийн цэвдгээр вирус олдсон гэх мэдээлэл нь үнэн юм.

Францын Экс-Марселийн их сургуулийн хүндэт профессор Жан-Мишел Клавери 2022 онд Сибирийн мөнх цэвдэгээс 13 эртний вирус илрүүлжээ. Клавери өмнө 2015 онд ч 30000 жил хөлдсөн байсан вирусийг сэргээж байв.

Гэхдээ эдгээр вирус нь хүнд аюулгүй болохыг Клавери өөрөө мэдэгдсэн байна. 2022 оны 11 сард Клавери Newsweek агентлагт өгсөн ярилцлагадаа:

“Миний илрүүлсэн вирусүүд зөвхөн амёба/хуурмаг хөлтэй нэг эст амьтан/-ыг л өвчлүүлж байсан. Эдгээр вирус нь хүнд халдахгүй. Учир нь хүн амёбаас хэдэн тэрбум жилийн хувьслын ялгаатай. Хүнд халдварлахгүй юм бол бид яагаад эдгээр вирусийг судалж хөрөнгө, цаг хугацаа зарцуулах ёстойг та бүхэн гайхаж байж магадгүй. Хэрвээ амёбыг өвчлүүлэх боломжтой вирус оршин тогтносон хэвээр бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа мөнх цэвдэгүүд нь хүн, амьтанд халтай идэвхтэй вирусийг ч тээж байж болзошгүй. Өмнө нь хүн амьтанд халтай вирусийг идэвхгүй хэлбэрт нь олж байсан тохиолдлууд бий. Дэлхийн дулаарал эрчимжсэн энэ үед хүн, амьтанд шууд халдварлах аюултай вирус мөнх цэвдэг хайлах үед хяналтгүй тархвал аюул үүсгэж болзошгүй нь мэдээж. Гэвч саяхан илрүүлсэн эдгээр вирус нь хүнд халдварлахгүй” гэсэн байна.

Мөн шалгаж буй мэдээлэлд дурдсан “Вирусийн талаарх судалгааны үр дүнг олон нийтэд ил болгоогүй” гэх агуулга худал байна. Жан-Мишел Клаверигээр ахлуулсан судлаачдын баг холбогдох судалгааны материалыг 2022 оны 10 сард олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хүлээлгэн өгж, 2023 оны 02 дугаар сард ниийтлүүлжээ. Судлаачдын өмнөх мэдэгдлүүд болон судалгааны материалуудад нь ч вирус нь зомбитой холбоотой гэх мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document