Сэлэнгэ аймагт их хэмжээний алт ухаж олсон гэх бичлэг Монголд биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #862

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сэлэнгэ аймгийн Бугант сумын Шаазгайтын голоос алт олдсон гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэгийн дүрс болон аудиог өөр өөр бичлэгээс эвлүүлэн Монголд болоогүй үйл явдлыг болсон мэтээр түгээжээ.

2024 оны хоёрдугаар сарын 12-ны өдөх “Тусгаар Тогтнол” хуудсанд “Сэлэнгэ аймгийн Бугант сумын Шаазгайтын голын алтыг нь ухаад голыг нь ширгээжээ. Ийм их алт ухсан байна.” гэсэн тайлбартай богино бичлэг оруулжээ. Бичлэгт нэгэн эр шаргал өнгөтэй хүнд зүйлийг ухан гаргаж ирж байгаа гарах ба үүнийг алт хэмээн Сэлэнгэ аймгийн Бугант сумаас олдсон гэжээ. Энэ бичлэг 2024 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар фэйсбүүкт нийт 900 гаруй реакц, 160 сэтгэгдэл авч, 6500 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Бид өмнө нь “Тусгаар тогтнол” гэх хуудаст нийтлэгдсэн Хөвсгөл аймагт нефть олдлоо гэх мэдээллийг шалган худал болохыг нь нягтлан мэдээлж байсан. Энэ удаа Сэлэнгэ аймагт алт олдсон гэх монголд хийгдээгүй бичлэгийг ашиглан хуурамч мэдээлэл түгээжээ.

Шалгаж буй бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад @amygrapkc1900 гэх TikTok хэрэглэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан бичлэг гарч ирсэн. Мөн Youtube, Instagram зэрэг платформуудад ижил бичлэг хуулбарлагдан түгжээ (энд, энд, бас энд). 

Бид үргэлжлүүлэн дээрх TikTok хаяг дахь бусад бичлэгүүдийг ашиглан бичлэгийн анхны эх сурвалжийг зургаар хайхад Youtube дэх “Maximov Ro” гэх хаягтай алт олсон гэх олон төрлийн бичлэгүүдийг нийтэлдэг хуудсыг олсон. Энэ хуудаст бидний шалгасан бичлэгтэй ижил хийцтэй бичлэг байгааг доорхоос харж болно.

Дээрх хуудасны хөтлөгч нь олон бичлэгтээ оросоор ярьж байгаа сонсогдох бөгөөд зарим нэг бичлэгээ Казакстаны Алматы мужид (область) хийсэн гэдгээ мэдэгдэж байсан байна.

Харин бидний шалгасан бичлэгийн аудио дээрх дурдагдаж буй “Шаазгайтын гол” гэх түлхүүр үгээр фэйсбүүкт хайхад 2020 оны 07 дугаар сарын 05-нд нийтлэгдсэн “Шаазгайтын гол үүрд мөнх алга боллоо…Цаанаас нь устгаад байна share-лээрэй хүмүүсээ” гэх тайлбар бүхий бичлэгийн аудиог ашиглан шалгаж буй бичлэгийг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний алт олсон гэх бичлэг нь огт хамааралгүй бичлэгийн дуу яриаг ашигласан байна. 

Үргэлжлүүлэн бичлэгт бичигдсэн “Сэлэнгэ аймгийн Бугант сумын Шаазгайтын голын алтыг нь ухаад голыг нь ширгээжээ. Ийм их алт ухсан байна.” гэх агуулгыг нягтлахад Сэлэнгэ аймагт Бугант гэх сум байхгүй бөгөөд Google-ийн газрын зургаас хайхад Ерөө сумын Бугант тосгон гэж гарч ирнэ. Мөн Шаазгайтын гол нь Сэлэнгэ аймагт бус Дархан-Уул аймгийн Шарын гол сумд байрлалтай ажээ. 

Сэлэнгэ аймагт их хэмжээний алт олсон гэх бичлэг нь монголд хийгдээгүй мөн хамааралгүй үйл явдлын дуу яриаг ашиглажээ. Дээр тайлбарласан хуурамч мэдээлэл түгээгчдээс сэрэмжлэн мэдээллийн найдвартай эх сурвалжийг илүүд үзээрэй..


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document