Хөвсгөл аймгийн Үүрийн голын хөндийгөөс нефть олдсон гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #860

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хөвсгөл аймгийн Үүрийн голын хөндийгөөс нефть олдлоо гэх тайлбартай бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэг нь Хятадын Хар мөрний мөсийг хагласны дараах ус оргилж буй бичлэг юм.

2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Тусгаар тогтнол хуудсанд “Хөвсгөл нутгийн Үүрийн голын хөндийгөөс нефть олдлоо” гэх тайлбартай богино бичлэгийг фэйсбүүкт түгээжээ. Бичлэгт голын мөсийг цоолоход хар бараан өнгөтэй шингэн зүйл ундарч гарах бөгөөд үүнийг нефть хэмээн тайлбарлан бичлэгийн коммент хэсэгт Тусгаар тогтнол гэх хуудас “Даваасүрэн гишүүн Хөвсгөлд баахан Хятадууд оруулж ирсэн” хэмээсэн байна. Тус бичлэг нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар нийт 6,100 гаруй реакц, 1300 сэтгэгдэл авч, 1200 гаруй удаа цааш түгээгдэж, 550 мянга гаруй хэрэглэгч үзжээ.

Шалгаж буй бичлэгийн TikTok платформ дээр хийсэн бичлэг байсан тул баруун доод буланд харагдах @jasonmoments гэх хэрэглэгчийн нэрээр хайхад “нефть гарч ирж буй” гэх бичлэг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нийтлэгдсэн байсныг олсон. Үргэлжлүүлэн, бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад @Warm_Talking гэх X (хуучнаар Твиттер) хаягт 2024 оны 01 дүгээр сарын 26-нд ижил бичлэг нийтлэгдсэн байсан. Энэ жиргээнд “Хар луу мөрний [Хар мөрөн] голдиролд ялзмаг ихтэй хар хөрс элбэг байдаг тул тунгалаг газрын усыг ч хар өнгөтэй болгодог.” гэх тайлбарын хамт нийтэлсэн байсан ба тус хаягаас оруулсан бичлэгийн дээд буланд @Jason.Chai гэх Douyin (Хятадын TikTok хувилбар) хаягийг харж болно.

Бид дээрх @Jason.Chai гэсэн хаягаас бичлэгийн эх хувилбарыг олсон бөгөөд тус хаяг нь хятадын зүүн хойд бүс нутаг дахь Жилин мужид бүртгэлтэй болохоо мэдэгдсэнийг нүүр хуудсаас нь харж болохоор байна. 

Тус хаяг дахь хар шингэн оргилж буй бичлэг нь 2024 оны 01 дүгээр сарын 13-нд “Зүүн хойд нутгийн эрчүүдийн өвлийн аз жаргал” гэх тайлбартай нийтлэгджээ. Түүнчлэн энэ хаяг нь өвлийн загас агнуурын өөр бичлэгүүд нийтэлдэг болохыг харж болохоор байна.

Бид цааш хаана, юу ундарч гарч ирсэн талаар тодруулан судлахад хар өнгөтэй шингэн зүйл нь нефть биш харин Хар мөрний ус болохыг тогтоосон.

Хар мөрнийг оросоор Амур мөрөн харин хятадаар Хар луу мөрөн буюу Хэйлунжян мөрөн гэж нэрлэдэг. Хар өнгөтэй усаараа онцлог тус мөрөн нь Орос, Монгол, Хятад гурван улсыг дамжин өнгөрдөг. Хар мөрний зарим хэсэг хар өнгөтэй болдог тухайд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газар зүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны институт тус мөрний тухай мэдээнд “хар ялзмагтай хөрс нь голын устай холилдон хар, хар хөх өнгийг бий болгодог” тухай тайлбарласан байна. 

Хөвсгөл аймагт нефть олдсон гэх бичлэг нь үнэндээ хятад дахь Хар мөрний мөсийг хагласны дараа харласан ус оргилж буй бичлэг юм. Түүнчлэн, хятадууд Хөвсгөл аймагт нефть олсон үүнд УИХ-ын гишүүн Даваасүрэн тусалсан баримт байхгүй бөгөөд дээрх хэв маягаар хуурамч мэдээлэл түгээн төөрөгдүүлэхийг зорьжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document