Нэгэн хурлын үеэр нүүрний будгаа янзалж, юм идэж буй эмэгтэйн бичлэгийг түгээж, өндөр хандалт аваад байна (энд бас энд). Тус бичлэгийн тайлбарт “энэ авгайн оронд юм ойлгох чадамжтай залуус суусан бол хийцгүйрэхгүй илүү бүтээмжтэй байх байсан даа…” хэмээн бичсэн байсан ба бичлэгт гарсан хүмүүс болон хурлын орчныг ажиглахад Монголд хийсэн бичлэг мэтээр ойлгогдохоор байна.
Бид бичлэгийн эх сурвалжийг Yandex системд хайхад энэ нь Монголд болсон үйл явдлын бичлэг биш, харин 2021 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын парламент буюу “Жогорку Кенеш”-ийн хуралд оролцож байсан хөндлөнгийн экспертийн бичлэг болохыг тогтоосон.
Киргизийн “Kaktus Media” вэбсайтын мэдээлснээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны парламентын хурлын үеэр прокурорын тухай хуулийг хэлэлцэж байхад энэхүү бичлэгийг хийсэн байна. “Vest”’ зэрэг тус улсын зарим хэвлэл бичлэгт гарсан эмэгтэй нь хурал оролцож байсан Киргиз-Оросын Славийн сургуулийн хууль зүйн ухааны доктор Венера Табалдиева болохыг мэдээлсэн байна.
- Түүний бичлэгийг тухайн үед Киргизийн хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээж байсан байна.
Учир шалтгаан нь юу байв?
Гэнэт эх сурвалж нь тодорхойгүй, хаана хэзээ болсон нь ойлгомжгүй бичлэг түгээж олон нийтийн сонирхлыг татаж /зарим тохиолдолд автоматжуулалтаар түгээж/, цахим орон зайг тань эзлээд ирвэл та дараах асуултыг тавьж, эргэцүүлж үзээрэй:
- Яг одоо ямар чухал үйл явц өрнөж байгаа билээ? /Нэг мэдээллийг нөгөө мэдээллээр дарах оролдлого байж болзошгүй/
- Удахгүй ямар шийдвэр гарах гэж байгаа билээ?/Олон нийтийн зайлшгүй мэдэх шаардлагатай чухал шийдвэр, эсвэл шүүмжлэл дагуулахуйц зохицуулалт гэх мэт иргэдийн хяналт тавих асуудлыг анхаарлын төвөөс холдуулах зорилгоор түгээж байж болзошгүй/
- Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээлэл замхраад байгаа юм биш биз? гэх мэт
Өнгөрсөн хугацаанд багш нарын цалин нэмүүлэх эсэргүүцэл, жагсаалын үеэр “Казахстанд залуухан эрэгтэй багш сурагчаа зодож” буй бичлэг болон “Малайзад болсон багш нарыг зодож буй аав”-ын бичлэг зэргийг гадаад улсад болсон талаарх ямар ч тайлбаргүйгээр түгээж, олон нийтийн үзэл бодлыг багш нарын эсрэг чиглүүлэх, маргааны сэдэв болгон түгээж байсныг санаарай.
Тэгвэл шалгаж буй бичлэгийг түгээсэн өдөр буюу 01 дүгээр сарын 20-нд нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, зорчигчдын бухимдал их байсан үе байна.
Эдгээр асуултад хариулт олж, түгээсэн хаягуудын хөтөлсөн түүхийг харснаар тухайн мэдээллийг хаанаас түгээж байгааг таамаглах боломжтой.