Цэцэрлэгт явдаг хүүхдийг нь зодсон гэх шалтгаанаар багш нарыг нь зодсон гэх бичлэг фэйсбүүкт тархан өндөр хандалт аваад байна (энд, энд, энд бас энд). Бичлэгийг түгээсэн зарим постод багш нарыг зодсон үйл явдал Хятадад болсон гэж мэдэгдсэн байна. Тус 28 секундийн бичлэгт хүүхэд тэвэрч зогссон эмэгтэйн хажууд байсан хар хувцастай эр нэгэн эмэгтэйг олон дахин цохиж мөн болиулах гэсэн өөр нэгэн цагаан цамцтай эмэгтэйг цохиж байгаа нь хяналтын камерт үлджээ.
Бид дээрх бичлэгийн эх сурвалжийг шалгаж үзэхэд энэ нь Монголд биш Малайзад болсон үйл явдал болохыг тогтоосон.
Тус бичлэгийн хэсгийг Goolge хайлтын системд хайхад дээрх үйл явдал Малайзад болсон тухай мэдээллүүд илэрцээр гарч ирсэн.
Тодруулбал, энэ оны 08 дугаар сарын 10-нд цэцэрлэгийн багш нарыг зодсон бичлэг Малайзын интернэт хэрэглэгчийн дунд тархан олны анхаарал татсан байна. Энэ талаар Малайзын Sinar Harian, Astro AWANI, OHBULAN! зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна.
Sinar Harian вэб сайтын мэдээлснээр энэ үйл явдал нь Малайзын Кота Кинабалу гэх хотын цэцэрлэгт болсон үйл явдал бөгөөд багш нарыг зодсон аавын хэргийг шалгаж байгаа, ямар нэг баривчилгаа хийгдээгүй гэдгийг тус хэрэг гарсан дүүргийн цагдаагийн газрын дэд дарга Калсом Идрис мэдэгдсэн байна.
Багш нарыг зодсон аавын бичлэг түгэхээс өмнө 08 дугаар сарын 07-нд тус цэцэрлэгт нэгэн хүүхдийг алгадсан, өшиглөсөн, үстсэн бичлэг түгсэн ба Кота Кинабалу хотын дүүргийн цагдаагийн комиссар Мохд Зайдигийн мэдээлснээр тус цэцэрлэгт болсон хэргээс гурван хүн буюу цэцэрлэгийн эрхлэгч, аавд зодуулсан цэцэрлэгийн асрагч мөн хохирогч хүүхдийн ээж дуудлага өгсөн болохыг Малайзын Majoriti вэб сайт 08 дугаар сарын 10-нд мэдээлжээ. Мохд Зайдигийн мэдэгдсэнээр хохирогч хүүхдийн эцэг эх хүүхдийнх бие хэд хэдэн газар гэмтсэн байсныг мэдэн цэцэрлэгийн хяналтын камерыг шүүхэд хүүхдийг нь зодож байсан бичлэгийг олсон байна. Одоогийн байдлаар тус үйл явдалд цагдаагийн байгууллагаас хоёр хэрэг үүсгэн шалгаж байгаа ба дөрвөн настай хүүг зодсон бичлэгийг Малайзын хэвлэлийн байгууллагууд мэдээлсэн юм.
Хүүг нь зодсонд бухимдсан эцэг эх ба цэцэрлэгийн ажилтнуудын хоорондын асуудал даамжирч цэцэрлэгийн багш нарыг зодсон гэх үйл явдал хүргэсэн байна. Цэцэрлэгийн багш нарыг зодсон хэрэг нь Монгол эсвэл Хятадад биш харин Малайзад болсон болохыг тус улсын хэвлэлийн байгууллагуудын мэдээ болон цагдаагийн мэдэгдлээс харж болохоор байна