Ковид-19 цар тахлын үеийн зургийг шинэ өвчний тархалтын таамаглал мэтээр худал тайлбарлажээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #835

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Х өвчний тархалтын таамаглал гэх зургийг байршуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус зураг нь зохиомол Х өвчний тархацын таамаглал бус бөгөөд онлайн эх сурвалжууд дахь Ковид-19 цар тахлын үеэрх зургийг ашигласан байна.

2024 оны 01 дүгээр сарын 19-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “Үхлийн аюултай “Х-өвчин” тархах газрын зураглал…эрдэмтэдийн гаргасан прогноз! Улс орнууд энэ өвчинд эрчимтэй бэлтгэж эхлэхийг. ДЭЗФ уриаллаа! Манайх гайгүй юм шиг байна өө…тэнгэрийн заяатай агуу гентэй үндэстэн!” гэх тайлбартай газрын зургийг оруулж 01 дүгээр сарын 23-ны байдлаар 478 реакц, 117 сэтгэгдэл авч, 247 удаа цааш түгээжээ.

Бид 834 дугаартай өмнөх баримт шалгалтдаа “Х өвчин гэж тухайлсан өвчин байхгүй, аюулын харанга дэлдэж болзошгүй дараагийн шинэ гарч ирэх өвчин юу байж болохыг анагаах ухааны салбар үргэлж анхаарч судалж байх ёстойг сануулсан анхааруулга бүхий нэр томьёо” гэдгийг тайлбарласан.

Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Х өвчний тухай ярилцсан нь үнэн. Гэхдээ энэ тухай ярилцахдаа “Ирээдүйд ковид цар тахлаас 20 дахин их аюултай Х гэх өвчин гарж ирвэл яах вэ? Ийм өвчин одоогоор байхгүй ч судлаач, эрдэмтэд өвчний аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах нь чухал байна. Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын Жон Хопкинс төвийн эмч Амэш Адалжагийн хэлж буйгаар “Хүнээс хүнд халдварлах боломжтой, үхэл эндэгдлийн зэрэг өндөртэй вирус олон” учраас ийм болгоомжлол илүүдэхгүй аж. Ковид-19 цар тахлаас үүдэн 7 сая хүн үрэгдсэн. Ковид-19 цар тахлын үе шиг бэлтгэлгүй байж байгаад 1918 оны томуу өвчний цар тахал шиг өвчинтэй тулгарвал бид яах вэ? Томуу өвчний цар тахал 50 сая амь авч одсон. Анагаах ухааны салбар эсвэл хувийн хэвшил зэрэг бусад салбар бүгд ялгаагүй аюулд бэлэн байх нь чухал” гэсэн юм.

АНУ-ын CBS News агентлаг

Аливаа зургийг бусад эх сурвалжаас авсан эсэхийг шалгах хамгийн хялбар арга бол Google Reverse image search хэрэглүүр. Постод ашигласан “Х өвчний тархалтын прогноз” гэх зургийг тус хэрэглүүрээр хайж үзэхэд Тогтвортой хотуудад зориулсан даян дэлхийн платформ байгууллагын вэбсайтад хамгийн анх буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-нд оруулсан мэдээнд ашигласан зураг байна.

Илэрцэд байршуулсан “Ковид-19 цар тахал ба дэлхийн хотуудын хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ” мэдээлэлд “Үргэлжилж буй цар тахал дэлхийн өнцөг булан бүрд буй хотуудыг туйлдуулж байна. Зөвхөн нийтийн эрүүл мэндийг заналхийлээд зогсохгүй эдийн засаг, хүн хоорондын харилцаанд хүртэл аюул учруулж байна” гэжээ.

Гэтэл уг зургийг анх интернэтэд байршуулснаас 3 жилийн дараа зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хөндсөн Х өвчинтэй холбон, “шинээр зарласан өвчний тархалтын таамаглал” гэж түгээсэн нь худал мэдээлэл байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document