“Цар тахлаас 20 дахин аюултай X вирус дэгдэнэ” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #834

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цар тахлаас 20 дахин аюултай Х вирус гарж ирсэн гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Х вирус нь ДЭМБ-с зарласан зохиомол нэр томьёо бөгөөд дараагийн цар тахал боллоо гэхэд хүн төрөлхтөн бэлэн байх ёстойг сануулсан сануулга. Бодит өвчин биш.

2024 оны 01 дүгээр сарын 19-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “ОНЦГОЙ МЭДЭЭ
Хүн төрөлхтөнд сүйрэл авчрах аймшигтай Х вирус дэгдэх нь тодорхой боллоо. Цар тахлаас 20 дахин их үхлийн эрсдэлтэй гэнэ” гэх пост оруулж 01 дүгээр сарын 22-ны байдлаар 1.1 мянган удаа цааш хуваалцаж 2.6 мянган реакц, 693 сэтгэгдэл цуглуулжээ.

Х вирусийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын вэбсайтад дараах байдлаар тодорхойлжээ.

“ДЭМБ дэлхий дахинд буй, цар тахал үүсгэж болзошгүй өвчний үүсгүүрийн жагсаалтыг шинэчлэхээр шинжлэх ухааны нэгэн үйл хэргийг эхлүүллээ. Үүгээрээ олон улс дахь вакцин, туршилт, эмчилгээнд чиглэсэн санхүүжилт, хөгжлийн судалгааг чиглүүлэхийг зорьж буй. 2022 ны 11 дүгээр сарын 18-ны уулзалтаар 300 гаруй эрдэмтэн хуралдаж 25 гаруй вирусийн овог болон нянг тодорхойлов. Үүний зэрэгцээ “Х өвчин”-ий талаар ч хуралдлаа. Х өвчин гэдэг нь олон улсад цар тахал дэгдээж болзошгүй, үл мэдэгдэх өвчний үүсгүүрийг төлөөлөх тэмдэглэгээ юм. Үүнд илүү их хөрөнгө зарж, судалгаа шинжилгээ хийх шаардлагатай үүсгүүрүүдийн жагсаалтыг эрдэмтэд зөвлөнө. Хамгийн анх 2017 онд баталж, 2018 онд сүүлд шинэчилсэн уг жагсаалтад Ковид-19, Крым-Конгын цусархаг халуурал, Эбола вируст өвчин, Марбург вируст өвчин, Ласса ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром, Амьсгалын замын цочмог халдварт өвчин, Нипа өвчин, Хавцалт хөндийн ханиад, Зика болон Х өвчин нар багтаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, 2022 оны 11 дүгээр сарын 21

Дээрх тайлбараас харвал Х өвчин гэж тухайлсан өвчин байхгүй, аюулын харанга дэлдэж болзошгүй дараагийн шинэ гарч ирэх өвчин юу байж болохыг анагаах ухааны салбар үргэлж анхаарч судалж байх ёстойг сануулсан анхааруулга бүхий нэр томьёо байна.

Энэ мэдээлэл Дэлхийн эдийн засгийн чуулгантай холбогдуулан олон улсад түгсэн байна. АНУ-ын Associated Press агентлаг худал болохыг 01 дүгээр сарын 19-нд анхааруулжээ.

Х өвчин нь жинхэнэ өвчин биш. ДЭМБ энэ тэмдэглэгээг 2018 оны жагсаалтдаа оруулж, нийтийн мэндэд аюул учруулж болзошгүй ямар ч өвчинд бэлтгэлтэй байхад сануулж ашигласан. Ингэснээр ямар ч аюулт өвчний үед дэлхий нийтээрээ бэлэн байхын тулд шаардлагатай чиглэлд хөрөнгө оруулалт, нөөц бололцоог зарцуулах юм. Давосын чуулганаар Х өвчнийг хөндөж ярьсан нь үнэн. Үүнд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус, Бразилын Эрүүл мэндийн яамны сайд Нишиа Триндадэ, Америкийн зүрх судлалын нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Нэнси Браун нар салбар хэлэлцүүлэг хийж, “ирээдүйд ямар нэг цар тахал шинээр гарлаа гэхэд хүн төрөлхтөн хэрхэн бэлэн байх вэ” талаар ярилцсан байна.

Associated Press, 2024 оны 01 дүгээр сарын 19

Давосын чуулганы үеэр болсон хэлэлцүүлгийг ч шүүж үзэхэд Х өвчин гэж тодорхойлсон шинэ өвчин байхгүй, гэхдээ л бид боломжит аюулаас урьдчилсан сэргийлэх ёстой гэх агуулгыг тодотгожээ.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан зохиомол Х өвчин нь ирээдүйд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд бэлтгэхэд уриалсан төлөөллийн нэр томьёо байх тул шинж өвчин үүссэн гэж мэдээлсэн нь ХУДАЛ байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document