2023 оны 11 дүгээр сарын 17-нд Олуулаа.МН нэртэй пэйжид “Хэвлийгээр тураагч наалт” гэх бүтээгдэхүүнийг сурталчилж, бичлэг байршуулсныг 693 хүн үзжээ. Бичлэгт буй ярианы, болон бичлэгийн тайлбарт бичсэн агуулга ижил байсан нь “Хэвлийн хэсгийн өөх, дотор өөх хайлуулах зориулалттай хэвлийн наалт. Нарийн, бүдүүн гэдэсний бохирдол цэвэрлэж хоолны дуршил бууруулна. Дасгал сургуулилт, ажил, гэртээ гээд хаана ч хэрэглэж болно” гэсэн байна. Ижил төрлийн бүтээгдэхүүнийг бусад сувгаар ч сурталчлан борлуулж байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Өмнөх баримт шалгалтын үр дүн
Бид өмнө Тураадаг наалт гэж одоогоор байхгүй нэртэй баримт шалгалтаараа “АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд энэ төрлийн хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулсан“, “Шалгаж буй наалт нь тураах, хор гадагшлуулах үйлчилгээгүй“, “Зориулалтын бус наалт цусан дахь сахрыг бууруулахгүй” зэрэг агуулгыг хөндөж байсан. Тэгвэл энэ удаад анагаах ухааны мэргэжилтнүүд тураах наалтын тухай ямар байр суурьтай байдгийг дэлгэрэнгүй хүргэе.
2. Тураах наалтын тухайд
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Yunique Medical зохицуулах эмчилгээний төвийн тодорхойлсноор “Тураах наалт гэдэг нь арьсны гадаргууд нааж, ‘тураах’ үйлчилгээтэй гэх нэгдлүүдийг арьсны давхаргаас цусанд шингээх зарчмаар ажилладаг гэх бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай, ургамлын найрлагатай орц нь ууж хэрэглэхтэй ижил үйлчилгээг арьсан дээр хэрэглэсэн ч ижил нөлөө үзүүлнэ гэж амладаг. Гэвч найрлагад буй орцуудын молекул нь арьсны давхаргуудаар нэвчих хэмжээний бичил байх тохиолдолд л арьсан дээр хэрэглэх тухайн хоромд л бага зэрэг мэдэгдэж болох ч гарах үр дүн бараг мэдэгдэхгүй. Арьсанд шимэгдэх зарчим одоог хүртэл тодорхойгүйгээс болоод судалгааны үр дүн ч тогтворгүй. Иймд баталгаа өгөхгүй бүтээгдэхүүнүүд нь ямар нэг мэргэжлийн байгууллагын хяналтад багтдаггүй” гэсэн байна.
3. Салбарын мэргэжилтнүүд няцаасан байна
IFCN буюу Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Lead Stories баримт шалгах төв тураах наалтын тухай холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авчээ. 2022 оны 8 сард хийсэн тус баримт шалгалтад:
“Таргалалтын эсрэг нийгэмлэгийн төлөөлөгч, таргалалтын эсрэг эмчилгээний мэргэжлийн эмч, мэс засалч Жихад Кудситай ярилцлаа. Тэрээр “Тураах наалт үр дүнтэй гэж нотолсон судалгааны ажил байхгүй. Ер нь хүчний болон хурдны дасгалаас өөр өөхийг эрчимтэй шатааж, урт хугацаанд үр дүнг барих шалгарсан арга алга. Эдгээрийг дэмжих зорилгоор шаардлагатай буюу ховор тохиолдолд мэргэжлийн эмчийн олгосон жорын дагуу зориулалтын тураах эм уух хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа. Мөн таргалалтын эсрэг мэргэжлийн эмч Чарли Селцертэй холбогдож лавлахад “Ер нь жин хасах хялбар, шуурхай арга гэж байхгүй. Өөх шатааж, жин хасах гэдэг цогц үйл явц. Таргалалтын эсрэг наалт нь ямар ч үр дүнгүй. Ядаж л өдөрт авч байгаа илчлэгээ бүрэн шатаах гэдэг энгийн зармыг баримтлах хэрэгтэй” гэж хариуллаа” гэсэн байна.
Амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зөвлөгөөний Hola! сэтгүүл ч олон нийтийн дунд эрэлттэй байдаг тураах наалтын талаар мэргэжилтнүүдтэй холбогдож асуужээ. Испанийн Кадиз дахь Nuteco шим тэжээл судлалын лабораторын судлаач Алехандро Канова:
“Зарим тохиолдолд эмийн бүтээгдэхүүнийг арьсан дээр хэрэглэх тохиолдол бий, жишээ нь жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх наалт. Тэглээ гээд арьсан дээр наасан болгон үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг биш. Зарим тохиолдолд зөвхөн өөх шатаагаад зогсохгүй бодисын солилцоог сайжруулж, хоол боловсруулах үйл явцыг тэтгэнэ гэж сурталчилсан ч наалт байдаг. Үнэндээ эдгээр нь ямар ч үр дүнгүй. Ийм бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд биед байгаа өөхөө бус хэтэвчинд байгаа мөнгөө л багасгана. Мэргэжлийн зөвлөхүүд ч ийм бүтээгдэхүүн санал болгодоггүйг анхаарна уу” гэх хариултыг өгсөн байна.
XXI зууны өмнө ч ийм бүтээгдэхүүн байсан ба мэргэжлийн судлаачид байнга няцаасаар иржээ. Жишээ нь л гэхэд Оксфордын их сургуулийн цахим архивт хадгалагдсан “Хүнс ба фитнесс: Хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн” сэтгүүлд “Үйлдвэрлэгчид жингийн илүүдэлтэй хүмүүст чиглэсэн өөх шатаах наалт гэх бүтээгдэхүүнийг их сурталчлах болжээ. Эдгээр нь үр дүнгүй болохыг АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг 1988 онд ч анхааруулж байсан. Лондон дахь Эзэн хааны коллежийн шим тэжээл судлалын профессор Том Сандерс ч худалдан авагчдад анхааруулж “Наалт наагаад турах гэж байгаа бол амаа л хаах зорилгоор наах хэрэгтэй” гэж хатуу шүүмжилж байв” гэсэн байна.
4. Баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр эрүүл амьдралын хэв маягаар дамжуулж жин хасах хэрэгтэй
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба жин хасах гэж буй хүмүүст дараах зөвлөгөөг байршуулжээ.
Хийвэл зохих
- Долоо хоногт дор хаяж нийт 150 минутыг эрчимтэй дасгал хөдөлгөөнд зориул
- Өдөрт хамгийн багадаа 80 грамм жимс, ногоо хэрэглэ
- Долоо хоногт 0.5-1кг -аас илүү жин хаях гэж бүү хүчил
- Худалдан авч буй хүнснийхээ орц, найрлага шошгыг сайн унш
- Чихэрлэг ундаанаас татгалзаж ус илүү хэрэглэ
- Өөх тос болон чихэр агуулсан бүтээгдэхүүнээс татгалз, жишээ нь өглөөний хоолондоо чихэрлэг зүйл бага хэрэглэж, бүхэл үрийн бүтээгдэхүүн зоогло
- Жин хасах төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүл
Анхаарах
- Элдэв дэглэм хэрэглэж огцом жин хасах гэж оролдохгүй байх
- Илүү эрүүл сонголт байхад өөрт тохирохгүй бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхий
- Хоол идэхгүй өнжих нь буруу, өлссөндөө зууш, амттан их хэмжээгээр идвэл илүү их илчлэг авч болзошгүй
- Цадсан бол аяган дахь хоолоо заавал дуусгах гэж бүү дайр