2023 оны 10 дугаар сарын 14-нд TTT online shop нэртэй пэйжид “Ердөө ганцхан сарын дотор 5-15кг хасахыг хүсвэл манай галбиржуулан тураах нано наалтыг хэрэглээд хүссэн галбиртаа очоорой. Эрэгтэй,Эмэгтэй гээд бүх насны хүмүүс хэрэглэж болно. Хоолны дуршилыг маш сайн буулгана. Үр дүн маш сайн. Илүүдэл өөхийг хайлуулна. Хүний биеийн Өөх шаталтын Process-ийг нэмэгдүүлж тураана. Хоол хүнсний шингэцийг сайжруулж дархлааны системийг бүхэлд нь дэмжинэ. Бүдүүн шулуун гэдэснээс цусанд шимэгдэх хорт бодисыг гадагшлуулж, элэгний эрүүл байдлыг хангаж биед хуримтлагдсан хорт бохирдол, Сахар илүүдэл өөх тосыг хөлс болон бусад ялгаруулах system -ээр гадагшлуулж Хүний биеийг эрүүлжүүлэн “тураадаг “100% ЭКО наалт” гэсэн сурталчилгааг байршуулж 10 дугаар сарын 24-ний байдлаар 5 реакц, 4 сэтгэгдэл авч, 56 удаа цааш түгээсэн байна. Яг ижил агуулгатай сурталчилгааг 2021 оноос эхлүүлэн олон пэйж эрчимтэйгээр цахим орчимд түгээсээр өнөөдрийг хүрчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд энэ төрлийн хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулсан байна.
Зүгээр л эм ууж, наалт нааж, тос түрхээд жин хасдаг байсан бол үнэхээр гайхамшигтай. Гэвч хүн та өөрийхөө дадал зуршилд өөрчлөлт оруулалгүйгээр турна гэдэг боломжгүй. Зарим бүтээгдэхүүн нь таны биед гаж нөлөө үзүүлж ч болзошгүй. Зар сурталчилгаанд хамгийн өргөн ашиглагддаг хуурамч мэдээллүүд:
АНУ Холбооны худалдааны комисс
-Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр жин хасах /Худал/
-Хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасах /Худал/
-Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахиж жин нэмэхгүй /Худал/
-15 өдрийн дотор 15 кг хасаарай /Худал/
-Хүн болгонд тохирно /Боломжгүй/ гэх мэт үргэлжилнэ.
Элдэв тураах наалт, соронз зэрэг нь хэрэглэгч амаар ууж эсвэл тарилга байдлаар бус зөвхөн арьснаас гадуур хэрэглэж буй тул элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүй л бол зах зээл дээр зарагдаж л байдаг талаар “АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн статистик тайлан 2015”-д дурджээ. Мөн “Органик, байгалийн гаралтай, цэвэр ургамлаар хийсэн зэрэг нь арьснаас гадуур хэрэглэж байгаа бүтээгдэхүүнд төдийлөн ач холбогдолгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг туршсан судалгаа, шинжилгээ хангалттай хийгдээгүй. Үйлдвэрлэгчдийн өөрсдийнх нь хийсэн судалгаа, үр дүнгүүд шинжлэх ухааны шалгуур хангахгүй, зохиомол байх нь элбэг” гэсэн байна.
2. Шалгаж буй наалт нь тураах, хор гадагшлуулах үйлчилгээгүй
2021 онд БНХАУ-ын Боловсролын яамны харъяа Энзимийн молекул инженерчлэлийн лабораторийн эрдэмтэд арьснаас гадуур эмийн бэлдмэл ашиглан тураах аргыг судалсан байна. Судалгааны тайланд “Хэрэв хүний биеийг дасгал хөдөлгөөн, зөв хооллолтгүйгээр гаднаас нь элдэв хэрэгсэл хэрэглэж тураах боломж нээгдвэл шинжлэх ухааны маш том нээлтэд тооцогдоно. Харамсалтай нь одоогоор биеэс гадуур эмийн бэлдмэл, хэрэгсэл ашиглаж жин хасах найдвартай арга байхгүй байна. Турах гэдэг бол бодисын солилцооны үйл явц. Иймд арьсан дээр түрхдэг, наадаг ямар ч бүтээгдэхүүн мэдэгдэхүйц жин хасахгүй. Цаашид ямар нээлт хийхийг хэлэх боломжгүй ч, одоогоор зах зээл дээр буй бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй юм” гэсэн байна.
Манай төв өмнө нь хөлийн уланд нааж хор гадашлуулах наалтны сурталчилгаанд баримт шалгалт хийсэн. Баримт шалгалтаар “Амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, зөв нойр зэрэг нь хүний биед хэрэггүй бодисийг шүүх, гадагшлуулах боломжийг олгодог. Тус үүргийг элэг, бөөр голчлон гүйцэтгэнэ. Арьсанд байх хөлсний булчирхай биеэс зарим хаягдал бодисыг хөлсөөр л гаргахаас биш хүнд металл, хорт бодисыг ялгаруулахгүй” гэх дүгнэлт гарч байв. /Дэлгэрэнгүйг эндээс уншаарай/
3. Зориулалтын бус наалт цусан дахь сахрыг бууруулахгүй
IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Factly баримт шалгах төв 2022 оны 10 сард тураах болон сахар багасгах үйлчилгээтэй гэх наалтны сурталчилгаанд баримт шалгалт хийсэн байна. Тайланд:
“Арьсандаа зүгээр л нааж хэрэглэдэг цусны сахар буулгах бүтээгдэхүүн одоогоор байхгүй. Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг инсулины наалт нь дотроо маш жижиг зүүтэй. Түүгээрээ дамжуулан тогтмол давтамжтай инсулиныг биед шахаж цусны сахар хэтрэхгүй байхаас сэргийлдэг. Инсулины наалт нь зориулалтын эмчилгээний хэрэгсэл, харин энгийн зүгээр л арьсан дээр наадаг наалтаар цусны сахрыг бууруулахгүй” гэсэн байна.