2023 оны 04 дүгээр сарын 16-нд Урмын үгс гэх хаягтай фэйсбүүк хуудас “Хэрэгтэй зөвлөгөө: Элгэндээ хайртай бүхэн уншаарай” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд элэгний өвчин эдгээх арга хэмээн “элэгний хатуурал, элэгний усжилт болон бусад элэгний хүнд өвчнөөр өвдсөн хүмүүст хэрэглээд үр дүнгээ сайтар өгсөн Орос ардын шалгарсан арга” гээд сонгины шүүс, элсэн чихрийн холимог уусмал ууж эмчлэхийг зөвлөсөн байна. Үүнд 1 килограмм улаан сонгины шүүсийг 850-900 грамм элсэн чихэртэй хольсон уусмалыг бэлдэх шаардлагатайг дурдсан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид дээрхтэй ижил агуулгатай мэдээллийг 2022 онд шалгаж байсан ба “элэг цэвэрлэх” гэх мэт төөрөгдүүлсэн мэдээлэл нь элэгний өвчнийг эмчлэх батлагдсан эмчилгээ биш юм.
Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, хепатит вирус, чихрийн шижин, таргалалт гэх мэт шалтгаануудаас үүдэн элэгний хатуурал буюу циррозоор өвчлөх эрсдэлтэй болохыг АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайтад мэдээлсэн байна.
Циррозыг эмчлэх тусгайлсан эм, эмчилгээ одоогоор байхгүй бөгөөд энэ өвчний үед өвчлөлийн түвшин, шалтгаанаас хамааран согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах, жин хасах, элэгний вирусийн эсрэг эм уух зэргээр өвчлөлийн шинж тэмдэг, суурь шалтгаануудыг эмчлэх, өвчлөлийг удаашруулах эмчилгээнүүд байдаг болохыг АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн институт мэдээлсэн байна.
Хэдийгээр сонгино нь эрүүл мэндийн ач холбогдолтой био идэвхит бодисууд агуулдагаас үүдэн зүрхний өвчний үед, элэг хамгаалах, хавдрын эсрэг зэрэг эерэг нөлөөтэй гэдгийг онцолсон судалгаанууд байдаг боловч эдгээр нь эсийн өсгөвөр эсвэл хулганад хийсэн туршилт дээр суурилсан дүгнэлтүүд юм. Сонгины эрүүл мэндийн нөлөөг тоймлон дүгнэсэн Амин Галави (Amin Galavi) нарын 2021 оны судалгаанд дурдсанаар сонгинод агуулагддаг кверцетин (quercetin) нь элэгний жин бууруулах буюу элэгний өөхлөлттэй хулганад хийсэн хийсэн туршилтад эерэг нөлөөтэй байсан талаар тэмдэглэжээ.
Цаашлаад бидний шалгасан мэдээлэлд онцолсон уусмал нь чихрийн өндөр агууламжтай байгаа нь элэгний өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэх юм. Чихрийн хэрэглээ өндөр байх нь элэгний өөхлөлт, жингийн илүүдэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Томас Женсен (Thomas Jensen) нарын судлаачид 2018 онд хэвлүүлсэн өгүүлэлдээ онцолсон байна.
Түүнчлэн дээрх жорыг элэгний өвчлөлийн үед хэрэглэхийг зөвлөдөггүй болохыг элэгний циррозын эмнэлзүйн зааврыг баталсан 2021 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаас харж болно. Харин тус тушаалд элэг цөс өвчний үеийн хоолны дэглэм нь “өвчний хөнгөн, хүндийн зэрэг, илэрч буй хүндрэлээс хамааран өөр өөр байна. Элэгний циррозтой тохиолдолд элэг цөсний үйл ажиллагааг хэвийн болгох, өөх тос, холестериний солилцоог зохицуулах, элгэнд гликоген хуримтлагдах үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй хоол байна. Өөх тосыг ялангуяа ханасан өөх тосыг хязгаарласан, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг хэрэглэнэ. Исээгүй, нөөшлөөгүй, даршлаагүй, утаагүй амтлагчгүй хоолыг жигнэх, буцалгах байдлаар хэрэглэнэ. Асцит үүссэн тохиолдолд давс, уух шингэний хэмжээг үе шаттай уялдуулан багасгана” гэж заажээ.
Бидний шалгасан мэдээлэл нь элэгний эмчилгээ гэх батлагдаагүй зөвлөмж бөгөөд хэрвээ таны элэг ямар нэг шалтгаанаар өвдсөн бол мэргэжлийн эмчид хандан, зохих эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна.