Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Чихэр их хэмжээгээр хэрэглэх нь элэгний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг
Бидний шалгаж буй дээрх орцны үндсэн хоёр бүтээгдэхүүн нь чихэр болон сонгино бөгөөд тус хоёрыг холин гарган авсан шүүс нь элгийг цэвэрлэж, “шинэ” мэт элэгтэй болгодог нь батлагдаагүй мэдээлэл юм. Эсрэгээр энэ шүүс нь таны элэгт сөргөөр ч нөлөөлөх боломжтой юм.
Чихэр их хэмжээгээр хэрэглэх нь жингийн илүүдэл, чихрийн шижин болон архины бус шалтгаант элэгний өөхлөлт (АБШЭӨ) зэрэгт хүргэж болох бөгөөд эдгээр өвчлөл нь элэгний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэх боломжтойг 2013 онд Грегори Мишелотти (Gregory A. Michelotti) нарын “Nature Reviews Gastroenterology & Hepatology” сэтгүүлд хэвлүүлсэн “АБШЭӨ, хүндэрсэн АБШЭӨ болон элэгний хавдар” (NAFLD, NASH and liver cancer) өгүүлэлд тайлбарлажээ.
Түүнчлэн, 2018 онд Томас Женсен (Thomas Jensen) нарын “Journal of Hepatology” cэтгүүлд хэвлүүлсэн “Фруктоз ба Сахар: Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн үндсэн шалтгаануудын нэг болох нь” (Fructose and Sugar: A Major Mediator of Nonalcoholic Fatty Liver Disease) өгүүлэлд дүгнэснээр сахар болон фруктозын хэрэглээ ихэссэнтэй зэрэгцээд АБШЭӨ нэмэгдэж байгаа бөгөөд сахар эсвэл фруктозын хэрэглээг багасгах нь АБШЭӨ-өөс сэргийлэхэд тустай байж болохыг онцолсон байна.
2. Сонгинод агуулагдах био идэвхит бодисуудын элэг хамгаалах үйлчилгээ зөвхөн хулгана дээрх туршилтад хязгаарлагдмал хүрээнд эерэг гаржээ
Сонгинод олон төрлийн био идэвхит нэгдлүүд агуулагддаг боловч элэгний өвчин эдгээх эсвэл элэг цэвэрлэж, “шинэ элэгтэй” болох нөлөөтэй гэдэг нь батлагдаагүй байна.
2021 онд Амин Галави (Amin Galavi) нарын “Iranian Journal of Basic Medical Sciences” сэтгүүлд хэвлүүлсэн “Сонгино болон идэвхит хэсгүүдийн бодисын солилцооны синдромд нөлөөлөх нь” (The effects of Allium cepa L. (onion) and its active constituents on metabolic syndrome: A review) өгүүлэлд сонгинын хэсгүүдийн эрүүл мэндийн ач холбогдлын судалгаануудыг тоймлон үнэлсэн бөгөөд уг өгүүлэлд сонгины элгэнд үзүүлэх ач холбогдол нь хязгаарлагдмал хүрээнд байгааг харуулсан байна. Тодруулбал, сонгины элгэнд үзүүлэх нөлөөг зөвхөн хулганад хийсэн туршилтууд дээр үндэслэн дүгнэсэн ба хулгана дахь зарим туршилтад элэгний жин буурсан тухайг дурдсан байна. Цаашлаад сонгинод агуулагддаг флавоноидын бүлгийн кверцетин (quercetin) нь хулганы элэгний гэмтэлд эергээр нөлөөлж байсныг тогтоосон байна.
Дүгнээд хэлбэл сонгины элэг хамгаалах (hepatoprotective) үйлчилгээ нь зөвхөн хулгана дээрх туршилтад батлагдсан бөгөөд одоогийн байдлаар хүн дээр батлагдсан клиник туршилт хийгдээгүй байна гэдгийг АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайтын Элэгний гэмтлийн талаарх 2020 оны мэдээлэлд мэдэгдсэн байна.
Хэдийгээр сонгино нь элэгний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх байлаа ч энэ нь хүн дээрх туршилтаар батлагдаагүй бөгөөд дээр дурдсан мэдээллийн дагуу их хэмжээний сахартай холин хэрэглэх нь “шинэ элэг”-тэй болох бус элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой юм.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод#Think1st