Hyundai Auto Mongolia нэртэй пэйжид “Манай постыг шэйр хийж азын хайрцагны дугаараа авсан хүн бүрт манай компаниас албан ёсоор 5 машин бэлэглэх болно, учир нь ердөө 5 хайрцагт манай машины түлхүүр байдаг. Өдөр бүр нэг ялагчийг тодруулах болно” гэх мэдээллийг давтан байршуулж хандалт цуглуулсаар байна. Тухайлбал 2023 оны 03 дугаар сарын 27-нд оруулсан пост нь 158 реакц, 287 сэтгэгдэл авч, 1.6 мянган шэйр, харин 04 дүгээр сарын 14-ны постоороо 140 реакц, 1.1 мянган сэтгэгдэл авч, 603 шэйр цуглуулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хуурамч гэдгийг нь өмнө тогтоосон эх сурвалж байна
Бидний 2023 оны 02 дугаар сарын 27-ны өмнөх баримт шалгалтад аль хэдийнэ баталгаагүй гэдгийг нь тогтоосон эх сурвалж байна.
MFCC: Үнэгүй машин тарааж байна гэх худал мэдээллээс болгоомжил
Мэдээллийг оруулсан пэйжийн Page Transparency буюу нийтэд нээлттэй мэдээллээс харахад пэйжийг анх 2022 оны 11 дүгээр сарын 20-нд үүсгэжээ. Хэдийгээр үйл ажиллагаа явуулаад гурван сар болсон ч одоог хүртэл танилцуулга хэсэгтээ холбогдох дугаар, байршил, үндсэн мэдээлэл зэргийг мэдээлээгүй байгаа нь хуурамч хаяг гэж сэжиглэх нэг үндэслэл юм.
Бизнесийн байгууллага ойн баярын урамшууллын зараа албан ёсны хуудсаараа биш хандалт багатай, шинэ хаягаар түгээхгүй нь ойлгомжтой.
Hyundai компанийн Монгол улсад бүртгэлтэй борлуулагч нь “Монгол Хьюндай Автомотив” ХХК болон “Хьюндай Моторс Монгол” ХХК гэсэн байна. Аль ч сайтуудад холбосон цахим хаягуудын дунд шалгаж буй “таван машин бэлэглэх” тухай мэдээлэл байхгүй байна.
Иймд Hyundai Auto Mongolia пэйж нь Hyundai компанийн албан ёсны хаяг биш, хуурамч хаяг байна.
Хэрэглэгчийн зүгээс хуурамч гэдэг нь тогтоогдсон эх сурвалжид авах хамгийн эхний арга хэмжээ бол тухайн хаягийг unfollow хийх буюу дагахаа больж, репортлох юм. Хуурамч эх сурвалж удаа дараалан худал мэдээлэл тараах магадлал өндөр тул зүгээр л мэдээд өнгөрөлгүй, зохих арга хэмжээг авах нь хэрэглэгч таны болон бусад хэрэглэгчийн цахим орон зайг аюулгүй болгоход чухал нөлөөтэй.
2. Агуулга, ашигласан зургийг нягтлах
Эхний постод ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад тус зургийн анх хэзээ байршуулсан бүтэн хувилбар нь Hyundai Fans гэх пэйжид 2022 оны 06 дугаар сарын 08-нд байршуулсан постод гарч ирж байна. Тус зургийн арын хэсэгт харагдах Digicel брэнд нь Ямайк болон Карибын орнуудад үйл ажиллагаа явуулдаг, Mario’s pizza болон Trini Fried chicken ресторанууд нь Тринидад ба Тобагогийн арал улсад үйл ажилладаг явуулдаг ажээ. Иймд тус зураг нь “Монголд явуулж буй сугалаа”-тай ямар нэг хамааралгүй байна.
Дараагийн постод ашигласан зураг нь машин худалдан авсан хэрэглэгчийн Hyundai Mongolia албан ёсны пэйжид 04 дүгээр сарын 12-нд байршуулсан зураг байна. Гэтэл шалгаж буй мэдээлэлд уг зургийг ямар нэг сугалаа, хонжворын ялагч болсон мэтээр тайлбарлажээ.
Мөн Hyundai Mongolia албан ёсны пэйжид азтан шалгаруулах сугалаа, хонжвортой холбоотой ямар ч мэдээлэл байршуулаагүй байна.
Та бүхэн энэ төрлийн баталгаагүй эх сурвалжаас түгээж буй худал мэдээлэлд итгэж хариу үйлдэл хийх нь хуурамч хаягийн хандалтыг нэмэгдүүлж, дараа ямар нэг худал мэдээлэл түгээсэн тохиолдолд илүү олон хүнд хүргэх аюултай байдаг тул мэдээлэлд хартай, хариуцлагатай байгаарай. Мөн энэ төрлийн худал мэдээллийг репорт хийж заншаарай.