Үнэгүй машин тарааж байна гэх худал мэдээллээс болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #432

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

KIA корпорацын ойн баярыг тохиолдуулан хуучирсан машинуудыг бэлэглэнэ гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

KIA корпорацыг төлөөлөх эрхгүй, баталгаагүй эх сурвалжаас өөр вэбсайтын зураг ашиглаж, худал мэдээлэл түгээжээ.

2023 оны 02 дугаар сарын 23-нд Hyundai Auto Mongolia нэртэй пэйжид “Манай КИА компанийн 79 жилийн ойг тохиолдуулан бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдахгүй, бүх машин нь бүрэн бүтэн байдал сайтай 300 автомашиныг 2-р сараас өмнө “Дууссан” гэж бичсэн хүнд санамсаргүй түүврээр явуулахаар болсон. Нэрээ баталгаажуулахаа бүү мартаарай. Бүртгэлийг эндээс авна уу” гээд домайны холбоос хавсаргажээ. Уг пост 2023 оны 02 дугаар сарын 27-ны байдлаар 495 реакц, 2.5 мянган сэтгэгдэл авч, 2.5 мянга гаруй удаа цааш хуваалцжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хаяг, эх сурвалжийг нягтлах

Мэдээллийг оруулсан пэйжийн Page Transparency буюу нийтэд нээлттэй мэдээллээс харахад пэйжийг анх 2022 оны 11 дүгээр сарын 20-нд үүсгэжээ. Хэдийгээр үйл ажиллагаа явуулаад 3 сар болсон ч одоог хүртэл танилцуулга хэсэгтээ холбогдох дугаар, байршил, үндсэн мэдээлэл зэргийг мэдээлээгүй байгаа нь хуурамч хаяг гэж сэжиглэх нэг үндэслэл юм.

Нийтэлсэн постод нь “KIA компанийн 79 жилийн ойн урамшуулал” гэсэн ч нийтэлсэн эх сурвалж нь Hyundai Auto Mongolia нэртэй байна. Бизнесийн байгууллага ойн баярын урамшууллын зараа өөр компанийн пэйжээр бус өөрийн үндсэн хаягаар түгээх нь ойлгомжтой. Иймд постын дурдсан байгууллага болон түүнийг түгээсэн эх сурвалжийн нэр хоорондоо зөрчилтэй байна.

KIA корпорац болон Hyundai компанийн албан ёсны вэбсайтаас олон улс дахь албан ёсны борлуулагчдынх нь мэдээллийг харах боломжтой.
KIA корпорацын Монгол улсад бүртгэлтэй борлуулагчийг “Киа Моторс Монгол” ХХК гэсэн байна. “Киа Моторс Монгол” ХХК-ийн бүртгэлтэй албан ёсны вэбсайт, Facebook пэйжийг ч дурджээ.
Hyundai компанийн Монгол улсад бүртгэлтэй борлуулагчийг “Монгол Хьюндай Автомотив” ХХК болон “Хьюндай Моторс Монгол” ХХК гэсэн байна. Аль ч сайтуудад холбосон цахим хаягуудын дунд шалгаж буй мэдээллийг нийтэлсэн эх сурвалж байсангүй. Иймд Hyundai Auto Mongolia пэйж нь KIA корпорац эсвэл Hyundai компанийн албан ёсны хаяг биш, хуурамч гэж үзэж болно.

2. Агуулга, ашигласан зургийг нягтлах

KIA корпорацын вэбсайтын танилцуулга хэсэгт анх үүсгэн байгуулагдсан огноог 1944 оны 12 дугаар сар гэж тэмдэглэжээ. Монгол дахь KIA корпорацын албан ёсны борлуулагчийн пэйжид ямар нэг урамшуулал, бэлэгтэй холбоотой мэдээлэл байсангүй. Гэтэл 79 жилийн ойн баярын хүрээнд гэх урамшууллыг 2 сард баталгаагүй пэйжээр явуулж, KIA корпорацтай хамааралгүй домайн хаягийг дурджээ. Дурдсан холбоос нь cutt.ly буюу урт холбоосуудыг богиносгох зориулалттай платформынх бөгөөд дарж үзэхэд холбоос устсан болох анхааруулга гарч ирж байна.

Ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад Израйль улсад үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэгчдэд оновчтой худалдан авалтын зөвөлгөө түгээдэг Dealscanner.io гэх вэбсайтад 2022 оны 04 дүгээр сард анх байршуулсан байна.

Та бүхэн энэ төрлийн баталгаагүй эх сурвалжаас түгээж буй худал мэдээлэлд итгэж хариу үйлдэл хийх нь таныг болон бусдыг санхүүгийн залиланд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг тул мэдээлэлд хартай, хариуцлагатай байгаарай. Мөн энэ төрлийн худал мэдээллийг репорт хийж заншаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document