Яншуй нь чихрийн шижин, цусны өтгөрөлд онцгой тустай гэх мэдээлэл батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #488

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Яншуй чихрийн шижин, цусны өтгөрөл зэрэг өвчинд онцгойлон тустай” гэх мэдээлэл гаргасан.

Баримт шалгалтын үр дүн

Өнөөгийн байдлаар яншуй, лууван, цоохор майлзын дээр дурдсан эрүүл мэндийн эерэг нөлөөнүүд хүнд туршигдан батлагдаагүй учир эмчилгээний зорилгоор зөвлөдөггүй байна.

2023 оны 02 дугаар сарын 19-нд ehoron.club вэб сайт “Яншуй чихрийн шижин, цусны өтгөрөл зэрэг өвчинд онцгойлон тустай. Хэрэглэх заавар. ХАДГАЛААД АВААРАЙ” гэх гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд тайлбарласнаар яншуйг ардын эмчилгээнд хэрэглэж ирсэн гээд яншуйны эрүүл мэндийн үйлчилгээнүүүдэд цус шингэрүүлэх, зүрх, судас, элэгний үйл ажиллагаа сайжруулах, нүдний өвчнүүдийг эмчлэх, “гэдэсний халдвар, архаг цистит, сарын тэмдэг тогтворгүй болох зэрэгт сайн” гэх зэргээр яншуйг “ахимаг насны хүмүүст тохирох универсал эм” гэж тайлбарласан байна. Хэдийгээр мэдээллийн үндсэн хэсэгт яншуйг чихрийн шижинд тустай гэдгээ дэлгэрүүлэн тайлбарлаагүй ч мэдээллийн гарчигт оруулсан байна.

Дээр тайлбарласан мэдээлэл нь яншуйн эрүүл мэндийн ач холбогдлыг дэгсдүүлж, эмчилгээ мэтээр тайлбарлажээ. Бид энэ мэдээллийг нээлттэй судалгаа, мэдээллүүдийг ашиглан дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

FACTCHECK: 

Бид өмнө нь яншуй нь бөөр эрүүлжүүлэх, хаван буулгах үйлчилгээний талаарх төөрөгдүүлсэн мэдээллүүдийг шалгаж байсан бөгөөд яншуйны дээрх мэдээлэлд дурдсан үйлчилгээнүүд нь одоогоор судалгаа, туршилтаар батлагдаагүй байна. Түүнчлэн бидний шалгасан мэдээлэлтэй ижил агуулгатай мэдээллийг шалган худал болохыг нь Vox Ukraine зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай байгууллага мэдээлж байсан юм.

Хэдийгээр ардын эмчилгээнд яншуйг чихрийн шижин, зүрх судас, шээсний сүвийн өвчин гэх мэтэд хэрэглэж байсан ч энэ хүнсний ногоо нь чихрийн шижин болон цусны өтгөрөлийг эмчлэх батлагдсан эмчилгээний жорын нэг хэсэг биш юм.

2013 онд Мохаммед Хосэйн Фарзаэй (Mohammad Hosein Farzaei) нарын “Яншуй: этнофармакологи, фитохими болон биологийн идэвх” (Parsley: a review of ethnopharmacology, phytochemistry and bio-logical activities) эрдэм шинжилгээний өгүүлэлд яншуйн эрүүл мэндийн ач холбогдлын талаар өмнө хийсэн судалгаануудыг шүүж, тоймлосон бөгөөд үүнд дурдсанаар яншуй нь хулганад хийсэн туршилтаар цусан дахь глюкозын хэмжээ буурсан талаар мэдээлсэн байна. Мөн тус өгүүлэлд цусны өтгөрлийн эсрэг эерэг нөлөөтэй болохыг дурдсан байна. Цаашлаад яншуйн шээс хөөлгөх, хаван эмчлэх үйлчилгээний талаарх мэдээллийг бид шалгаж байсан ба эдгээр нь дээрхтэй адил батлагдаагүй эрүүл мэндийн зөвлөгөө юм.

Бидний шалгасан мэдээлэлд яншуйнаас гадна “яншуй-цоохор майлз-лууван”-гийн шүүсний холимогоор “нүдний эвэрлэг бүрхэвч шархлах, болор цайх, коньюнктивит буюу нүдний холбогч эдийн үрэвсэл, офтальмия- нүдний бүрхэвчийн үрэвсэл, хүүхэн харааны өөрчлөлт” зэрэг өвчнийг эмчилнэ гэсэн нь худал мэдээлэл юм. Яншуй, цоохор майлз, лууван зэрэгт витамин А, лютеин, зеаксантин зэрэг нүдний эрүүл мэндэд тустай витамин, антиоксидантууд агуулагддаг ч эдгээр нь нүдний дээрх өвчнүүдийг эмчлэхгүй юм.
Өнөөгийн байдлаар яншуй, лууван, цоохор майлзын дээр дурдсан эрүүл мэндийн эерэг нөлөөнүүд хүнд туршигдан батлагдаагүй учир эмчилгээний зорилгоор зөвлөдөггүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document