Бөөрөө эрүүлжүүлэх энгийн арга гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #431

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Уг мэдээлэлд яншуйны эрүүл мэндийн ач холбогдлыг дэгсдүүлэн “өдөрт нэг аягыг ууж хэрэглэснээр давс, хорт бодисууд таны бөөрнөөс шээсээр дамжин цэвэрлэгдэж эрүүлжих юм. Яншуй бол байгалийн гаралтай, хамгийн хямд бөөр цэвэрлэгч бодис гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.” гэж мэдээлсэн байна

Баримт шалгалтын үр дүн

Яншуй нь бөөр эрүүлжүүлэх эмчилгээний жор биш бөгөөд эмчилгээний үйлчилгээ нь батлагдаагүй

2023 оны 01 дүгээр сарын 11-нд ehoron.club вэб сайт “Бөөрөө цэвэрлэх, бөөрөө эрүүлжүүлэх маш амархан, энгийн байгалийн гаралтай арга ШЭЙРЛЭЭД АВААРАЙ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд яншуйны эрүүл мэндийн ач холбогдлыг дэгсдүүлэн “өдөрт нэг аягыг ууж хэрэглэснээр давс, хорт бодисууд таны бөөрнөөс шээсээр дамжин цэвэрлэгдэж эрүүлжих юм. Яншуй бол байгалийн гаралтай, хамгийн хямд бөөр цэвэрлэгч бодис гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.” гэж мэдээлсэн байна. Дээрх мэдээллийг Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд Zulaa zul, Аавдаа би хайртай, Эрүүл Нийгмийг Дэмжигчид зэрэг фэйсбүүк хуудсуудаар түгэн өндөр хандалт авсан байна.

Яншуй нь хоолны орцонд ашиглагдахаас гадна уламжлалт анагаах ухаанд элэг, бөөр, хоол боловсруулах өвчний үед гэх мэтээр ашиглагдаж байсан ба яншуйны бөөр цэвэрлэх, бөөр эрүүлжүүлэх үйлчилгээг баталсан шинжлэх ухааны судалгаа байдаггүй байна. Дээрхтэй ижил агуулгатай мэдээллийг Vox Ukraine Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллага худал болохыг мэдээлсэн. Мөн бид яншуйтай холбоотой өмнөх баримт шалгалтдаа яншуйны шээс ялгаруулах үйлчилгээг тайлбарлаж байсан.

Яншуйны хэрэглээ нь шээс ялгаруулдаг тухай судалгаанууд байгаа боловч тэдгээр нь зөвхөн хулгана ба эсийн өсгөвөр дээр хийгдсэн судалгаанууд юм.

Тодруулбал, 2013 онд Мохаммед Хосэйн Фарзаэй (Mohammad Hosein Farzaei) нарын “Яншуй: этнофармакологи, фитохими болон биологийн идэвх” (Parsley: a review of ethnopharmacology, phytochemistry and bio-logical activities) эрдэм шинжилгээний өгүүлэлд яншуйн эрүүл мэндийн ач холбогдлын талаар өмнө хийсэн судалгаануудыг шүүж, тоймлосон. 

Үүнд, яншуй нь калигаар баялаг бөгөөд 2002 онд Савсан Ибрахим Крэйдиеэ (Sawsan Ibrahim Kreydiyyeh) нарын “Яншуйн шээс ялгаруулах нөлөө болон үйлчлэх механизм” (Diuretic effect and mechanism of action of parsley) эрдэм шинжилгээний өгүүлэлд хулганад хийсэн туршилтад үндэслэн тайлбарласнаар кали болон содийн нөлөөгөөр шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг байна. Гэхдээ энэ судалгаа нь зөвхөн хулгана дээр хийгдсэн бөгөөд дээрх үр дүн нь хүн дээр туршигдаагүй буюу давтагдах баталгаагүй гэдгийг тодотгосон байна. 

Бидний шалгаж буй мэдээлэлд бөөрний ямар өвчлөлийн үед яншуй хэрэглэхийг зөвлөөгүй ба хэрвээ таны бөөр ямар нэг шалтгаанаар өвдсөн бол мэргэжлийн эмчид хандан, зохих эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document