#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #381
2022.12.31 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 12 дугаар сарын 29-нд Сайхан ээж нэртэй хаягаар “Jawzka Jaagii 500к азтан боллоо баяр хүргэе Бэлэгтэй пост өнөөдөр ар араасаа орно олон азтан тодрох болтугай
” гэсэн тайлбартай, 2 зурагтай пост оруулсан байна.
FACTCHECK: Дараах байдлаар шалгасныг харна уу.
2022 оны 12 дугаар сарын 31-ний 15:37 цагт шалгаж буй постод азтан болсон гэж зарлагдсан Jawzka Jaagii нэртэй хэрэглэгчтэй чатаар холбогдлоо.
Гэвч тэрээр “Азтан болсон гээд бөөн баяр болсон ч холбоо бариагүй, бүр блок хийсэн байна лээ. Хүнээр ингэж тоглодог сонин хүмүүс юм” гэсэн хариуг бидэнд өгсөн юм.
Азтан болгосон гэх пост буюу “Өглөө сэрээд админаасаа 500,000 төгрөг дансаар авах нь ээ, Хөөрхөн гэргий, EB shop, Хөөрхөн ээжүүд группэд лайк дараарай” гэсэн постоо ч устгасан байна.
Шалгаж буй мэдээллийг оруулсан Сайхан ээж хаягаар Бүсгүй ертөнц группэд азтан шалгаруулна, бэлэг, мөнгө өгнө гэх пост байнга оруулдаг байна. Энэ тухай манай өмнөх баримт шалгалтад оруулсныг унших боломжтой.
Facebook, Instagram-д олон дагагчтай хаягаар өөрсдийн пэйжийг сурталчлуулах зорилгоор лайк дарж дагасан хүмүүсээс азтан шалгаруулж, тухайн байгууллагын зүгээс бэлдсэн бэлгийг өгөх болзолтой маркетингийн шийдэл байдаг.
Гэвч шалгаж буй хаягаар оруулдаг постууд нь “ЕВ shop”, “Хеерхен гэргий”, “Хеерхен ээжүүд”, “Гое ээж” гэх мэт нэртэй пэйжийг идэвхжүүлэх болзолтой ч тэдгээр пэйжид албан ёсны хаяг байршил, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утасны дугаар гэх мэт мэдээлэл байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ямар ч албан байгууллага, хувь хүний маркетинг сурталчилгаандаа зарцуулах боломжтой байж болох зардлаас илүү их хэмжээний мөнгө, эд зүйлийг азтан шалгаруулж өгнө гэх хуурамч мэдээллээр лайк, дагагч цуглуулж байна.
Одоогийн байдлаар дээрх санал болгосон пэйжүүдийн лайк нийтдээ 12 мянга орчим болсон байна. Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай.
Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай.
Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй
Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт бэлэг авахыг хүсэж гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ.
Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.