2022 оны 12 дугаар сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл “Tseebee Alimaa” гэх нэртэй хаягаас “Танд ХААН банк байгаа бол танд 6,000,000 төгрөгийн санал байна. Сайн байна уу гэж хэлээрэй” гэх бичвэрийг мөнгөн дүнгийн хэмжээг өөрчлөн, төрөл бүрийн зураг хавсарган олон гишүүдтэй бүлгэмүүд рүү 30 гаруй удаа нийтэлжээ. Нийтлэлүүд нь:
–175 реакц, 593 сэтгэгдэл
–92 реакц, 323 сэтгэгдэл
–106 реакц, 345 сэтгэгдэл
–92 реакц, 319 сэтгэгдэл
–106 реакц, 345 сэтгэгдэл гэх мэтчилэн их хэмжээний хандалт цуглуулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Хаяг агуулгыг нягтлах
Тухайн хаягийн анх үүсгэсэн өдөр нь 2019 оны 06 дугаар сарын 10-нд гэсэн байна. Хэдийгээр монгол эмэгтэйн зураг, нэртэй боловч профайлын хувийн холбоос fb.com/suraj.raikwar байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-нд арын зурагтаа гадаад эрийн зургийг байршуулжээ. Найзуудын жагсаалтынх дийлэнх нь гадаад хаягууд байна.
Профайл зургийг Google Reverse image search ашиглан хайхад Undral Nyam-Osor гэх хэрэглэгчийн зураг гарч ирлээ. Бусдын зургийг ашиглан, хаягийн нэрээ монгол болгож олон гишүүдтэй цахим бүлгэмүүд рүү гишүүнээр элссэн байна.
Нийтэлсэн постуудад:
-Бидний өмнөх баримт шалгалтаар тогтоосон ХААН Банкны Их хүрээ тооцооны төвийн захирал А.Орхонбаяр
-УБТЗ-ын Албан хаагчийн гэрээс олдсон гэх мөнгө зэрэг зургуудыг хавсаргажээ.
2. Та энэ төрлийн мэдээлэлд итгэн хувийн мэдээллээ хуваалцсанаар санхүүгийн залилангийн хохирогч болох эрсдэлтэй
Хуурамч хаяг үүсгэн мөнгөн дэмжлэг олгоно, бага хүүтэй мөнгө зээлнэ зэрэг мэдээллээр цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж хандалтаа өсгөх, түүнчлэн санхүүгийн залилан хийх ч тохиолдол байдгийг бид өмнөх баримт шалгалтууддаа дурдаж байсан. Шалгаж буй постын доор сэтгэгдэл бичсэн иргэдэд “Найзын хүсэлт явуулаарай”, “Чат бичээрэй” зэрэг байдлаар хариулсан нь хандалтаа өсгөхийн зэрэгцээ бусдыг залилах санаатай үйлдэл байж болзошгүй. Иймд та өөрийн захидал харилцаа, санхүүгийн нууцаа чандлан хамгаалж өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн мэдээг репорт хийж заншаарай.