Цагаан хэрэм нурж Мао Зэдуний үед баригдсан нь илчлэгдлээ гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #444

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагаан хэрэм нурж, эртний биш орчин үеийн буюу Мао Зэдуний үед баригдсан нь ил боллоо гэх мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Цагаан хэрмийн энэ хэсэг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд 1987 онд бүртгэгдсэн байдаг ба Мин улсын үед (1368-1644) энэ хэсэг баригдсан байна.

2023 оны 02 дугаар сарын 18-нд medlegmedee.com вэб сайт Хятадын Цагаан хэрмийн нэг хэсэг нуран дотроос нь нууц зүйлс гарч ирсэн тухай “Их хэмжээний маш хүчтэй аадар борооны улмаас Хятадын алдарт их Цагаан хэрэм нурж, дотор нь байсан нууц ил гарсан байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд Цагаан хэрмийн зарим хэсгүүд буюу Бадалин, Мyтянью дахь хэсгүүдийг 1950-иад болон 1980-ад онуудад тус тус сэргээн засварлаж байсан тухай тайлбарлан, Цагаан хэрмийг эртний биш орчин үеийн буюу Мао Зэдуний үед баригдсан гэж дүгнэн “хэpмийг XX зyyны дyндyyp Маогийн тyшаалааp, хэдэн сая ажилчин боолын хүчээp баpьж босгосон бөгөөд домогт гаpдаг шиг энэ хэpмийг баpьсан гэpч наpыг yг хэpмийн сyypинд хийсэн үү гэдэг нь одоог хүртэл нууц хэвээрээ” гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Цагаан хэрмийн нурсан хэсгийг онцлон “6 метp өндөp овоолсон шаваp болон консеpвын лааз, янз бүpийн yyт, эвдэpхий багаж зэpэг баpилгачдын үлдээсэн зүйлс гарч ирсэн” гээд нурсан хананы зургийг нийтэлсэн байна.

Хэдийгээр Цагаан хэрмийн хэсгүүд нурах үзэгдлүүд гардаг ч дээрх мэдээлэлд онцолсон эд зүйлс болон хэрмийг Мао Зэдуны үед олон сая хүний хүчээр барьсан гэдэг нь худал мэдээлэл юм.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Тус мэдээллийн нүүрэнд ашигласан зураг нь 2012 оны 08 дугаар сарын 6-нд Хятадын Хэбэй мужийн Жанчхүү буюу Хаалган хотын хэсэг дэх Дажин хаалганы ойролцоох хана нурсаны дараах зураг бөгөөд бид Google-н reverse image search функцээр илрүүлсэн.

Цагаан хэрмийн энэ хэсэг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд 1987 онд бүртгэгдсэн байдаг ба Мин улсын үед (1368-1644) энэ хэсэг баригдсан байна. 

Бээжинд байрлалтай ЮНЕСКО-гийн харъяа Байгалийн болон соёлын өвийг төлөөх олон улсын сансарын технологийн төвийн мэдээлснээр олон хоног үргэлжилсэн бороо, үерийн улмаас, мөн ойролцоох газар шорооны ажлаас шалтгаалан нурж унасан байж болохыг мэдэгдсэн байна. Харин энэ нурсан хэсгээс ямар нэг эд зүйл олдсон талаар баримт байхгүй байна.

Нуралтаас хойш орон нутгийн удирдлагууд нурангийг цэвэрлэх, сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэж China Daily мэдээлж байсан аж.

Цагаан хэрмийг яг хэдэн оноос барьж эхэлсэн нь тодорхой биш ч нийтийн тооллын өмнөх VII зууны үеэс хойш Цинь улс (НТӨ 221-206), Хань улс (НТӨ 206-НТ 220) болон түүний дараах Хятадын түүхэн улсуудын үед ханыг үргэлжлүүлэн барих, сэргээн засварлах ажлыг хийж байсан байна. Түүнчлэн, Мин улсын үед өнөөгийн Цагаан хэрмийн үлэмж хэсгийг барьсан байна. 

Мао Зэдуны засаглалын үед буюу ялангуяа Соёлын хувьсгалын үед (1966-1976) Цагаан хэрмийн хэсгүүдийг нураах явдал гарч байсан ба ханын материалуудыг ахуйн хэрэглээ, зам, барилга барихад ашигласны дүнд олон зуун километр хана нурсан гэж түүхч Артур Валдрон дурдсан байна. 

Харин 1956 онд Бээжингээс баруун хойшоо 80 гаруй километрийн зайд байрлалтай Бадалингийн ханыг сэргээн засварлахаар шийдвэрлэж, 1957 онд олон нийтэд нээлттэй болгон өдгөө Хятадын аялал жуулчлалын хамгийн алдартай цэгүүдийн нэг болгосон. 
Мyтянью нь мөн Бээжин хотын ойролцоох Цагаан хэрмийн нэг хэсэг бөгөөд 1983 онд Хятадын засгийн газар сэргээн засварлан, олон нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document