Хүний оюун ухааны чадамж үсний уртаас хамаарахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 936

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино” гэх зүйрлэл олон нийтийн дунд түгээмэл байдаг.

Баримт шалгалтын үр дүн

Дэлхийн хамгийн IQ өндөр хүмүүсийн жагсаалт болон мэргэжилтнүүдийн судалгааны тодруулгаар энэхүү хэвшмэл ойлголт батлагдаагүй.

Олон нийтийн дунд яригдсаар ирсэн хэлц үгсийн нэг болох “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино” гэх зүйрлэл нь хүйсийн тэгш байдлын эсрэг, аль нэг хүйсийг ялгаварлан гадуурхсан агуулгаараа жендэрийн хэвшмэл ойлголтыг амь бөхтэй орших нэг хүчин зүйл болсоор байна.

Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг бодлого төлөвлөлтөд анхаарч тусгахад садаа болж, шударга бус хандахад нөлөөлөх эрсдэл дагуулж байдаг. Тиймээс жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахын тулд энэхүү хэлц үг нь орчин цагийн нөхцөл байдал болон түүхэн сурвалжуудад хэр бодитой үзэгдэл болохыг мэргэжилтнүүдийн тайлбар, олон нийтэд нээлттэй баримтаар шалгалаа.

Олон нийтийн сүлжээнд түлхүүр үгээр хайхад “Эмэгтэй хүний үс урт, ухаан богино” гэх үгийг олон янзаар ашиглаж, тайлбарлаж ирсэн нь харагдаж байна. “Зөв”, “буруу”, “Манж, Хятадаас гаралтай үг”, “Чингис хааны үед үүссэн” гэх мэтээр олон талаас нь хандсан нь уг хэлц нь өөрөө амь бөхтэй байгааг харуулсан үзүүлэлт юм.

Олон улсын баримт шалгах арга зүйд хуурамч мэдээллийг “энэ хуурамч шүү” гэж хуваалцах нь өөрөө тухайн худал зүйлийг мэдээгүй, сонсоогүй хүмүүст түгээж байгаа хэлбэр гэж үзээд идэвхжүүлэхээс татгалзахыг санал болгодог. Тэгвэл шалгаж буй хэлц үгийг ямар ч утгаар тайлбарлаж, ашигласан бай ялгаагүй, нийгэмд оршсоор байхад нь нэмэр болж байгаа хэлбэр юм.

Үсний урт – ухаантай, эсвэл тэнэг байх хамааралтай юу?

Юун түрүүнд хүний оюун ухааны талаарх хэмжигдэхүүнийг судалж үзье. Өнөө цагт оюун ухааныг тодорхой төрлийн хэмжүүрүүдээр чухалчлах болсон бөгөөд тэр дундаа 4 төрлийн хэмжүүрийг түгээмэл ашиглаж байна. Тодруулбал,  

  • IQ (Intelligence Quotient) буюу Оюуны чадамжийн коэффициент 
  • EQ (Emotional Quotient) буюу Сэтгэл хөдлөлийн  коэффициент 
  • SQ (Social Quotient) буюу Нийгмийн коэффициент 
  • AQ (Adversity Quotient) буюу Бэрхшээлийн коэффициент гэж байдаг.  

IQ нь асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх чадвар бол EQ нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан, өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө хянах чадварыг илэрхийлдэг. Харин SQ нь соёлын зохицол, нийгмийн тухай мэдлэг чадварыг харуулдаг бол AQ нь сөрөг нөхцөл байдалтай нүүр тулах, даван туулах чадварыг илэрхийлдэг аж.

IQ нь ерөнхийдөө хүний оюун ухаан, аливаа зүйлийг ойлгох түвшинг хэмждэг учраас энэ чадвар нь бидний шалгаж буй мэдээллийн агуулгатай илүү холбогдож байна. Энэ чадварыг математикийн тэгшитгэл бодох, аливааг цээжлэх, загварыг тодорхойлох, сурснаа эргэн санах зэргийн шалгалтын тусламжтайгаар тодорхойлж, оноогоор хэмждэг. Онолын хувьд IQ оноог хязгааргүй гэдэг ч 200 оноо бол дээд хэмжээ гэж үзэх нь бий аж. Гэхдээ энэ оноог давсан хэд хэдэн ухаантнууд байдаг. 

Дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийн жагсаалтаас… 

Ада Лавлэйс (1815-1852 он)  

Компьютерын программыг анх зохион бүтээсэн.  

Уйллиам Жеймс Сидис (1898-1944 он)  

Математикч, хэл судлаач, түүхч, зохиолч 

IQ оноо: 250-300

Мэрилин Вос Сэвант 

Зохиолч, нийтлэлч

IQ оноо: 228 

 

Кристофер Хирата 

IQ оноо: 225 

Сансар, огторгуйн шинжээч 

Кристофер Лэнган 

IQ оноо: 195-210 

Орчлон ертөнцийн танин мэдэхүйн онолыг үндэслэгч 

Катерин Жонсон 

IQ оноо: 162 

Математикч 

Энэ мэтчилэн оюун ухааны өндөр чадвартай хүмүүс олон байдаг. Энэ ч утгаараа эрэгтэй, эмэгтэйгээр нь болон чадвар, оноогоор нь зааглан хязгаарлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хүний оюун ухааны чадамжийг хүйсээр, бие физиологийн онцлогоос хамаарч хэмжиж, тайлбарлах ойлголт, ухагдахуун байхгүй юм. Түүнчлэн энэ нь хүйсээс гадна үсний уртаар хэмжих ямар ч хамааралгүй болохыг түүхэн суутнуудаас ч харж болно. Тухайлбал Дундад зууны үеийн суут хүмүүс эрэгтэй, эмэгтэй ямар хүйстэй байхаас үл хамааран урт үстэй байсныг түүхэн эх сурвалжуудаас бид хардаг билээ.

Мэргэжилтнүүдийн тодруулга: 

“Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино” гэдэг хэлц үгийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон Жендэрийн бодлого судлалын судлаачаас дараах тодруулгыг авлаа. 

Энэ үг үүссэн үеийн сэтгэлгээнээс одоо ажил үүргийн хуваарь ч өөр болсон

“Нүүдэлчдийн аж байдал, ажил үүргийн хуваарьтай холбогддог учир зүйр, хэлц, сургаал үгс яг хэзээ үүссэнийг тодорхойлоход маш асуудалтай байдаг. “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино” гэх үгийг Хятадаас, Манжаас гаралтай гэж хэлэхэд үндэслэл муутай. Яагаад гэвэл, энэ нь монголчуудын зүйрлэн хэлдэг аргаар үүссэн байгаа юм. “Богино үстэй, богино жолоотой” гэдэг үгс нь хол явдаггүй гэсэн утгыг илэрхийлдэг. Гэтэл “холч морь, холыг харах” гэх ойлголт нь эрэгтэй хүнтэй холбогдоод байдаг. Гэхдээ энэ нь одоогийн үнэлэмжээр бол эмэгтэй хүн муу, эрэгтэй хүн сайн гэсэн ойлголт биш юм. Ажил үүргийн хуваарийн хувьд ч тэр, энэ үг үүссэн үеийн сэтгэлгээнээс өөр болсон. Тэгэхээр хуучны үгийг одоогийн амьдрал, ахуйдаа оруулж ирээд, бат ноттой мэт итгэж, нэгнээ дарамтлах, доромжлох хэрэгсэл болгох эсэх нь өнөөгийн соёлт хүмүүсийн хувьд бодож үзүүштэй асуудал”.

Хүн бүрийг ижил тэгш, хүн гэдэг утгаар нь харж, харилцдаг байдлыг бий болгох хэрэгтэй

“Улс орон бүр өөр өөрийн гэсэн соёлын хүрээтэй. Тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгаатай байр суурьт аваачиж байдаг. Тухайн соёл нь нийгэмдээ төгс эмэгтэй, төгс эрэгтэй хүний дүрийг бүтээгээд, тэр нь нийгмийн сэтгэхүйд нэвчиж, шингэж, төлөвшдөг онцлогтой. Зарим талаар хүмүүс нэгнээ ялгаварлан гадуурхах нэг хүчин зүйл болж байдаг. Магадгүй тогтоосон стандартад хүрч чадахгүй бол эрэгтэй, эмэгтэй аль нь ч ялгаагүй сэтгэл ханамжгүй байдалд хүрдэг. Цаагуураа энэ нь хувь хүнийг дарамт, стресст оруулж байдаг. Эмэгтэй хүнийг дорд үзсэн, олон зүйлийг бодож, шийдэж, тунгаах чадваргүй гэж үзэх энэ хандлага маш олон зүйлээр илэрдэг. Тэгэхээр өөртөө шүүмжлэлтэй ханддаг байх, хүн бүрийг ижил тэгш, хүн гэдэг утгаар нь харж, харилцдаг байдлыг бий болгох хэрэгтэй”

Тархинд нэгэнт үүссэн хэвшмэл ойлголтын замуудыг сольж, өөрчлөх боломжтой

“Хэвшмэл ойлголтууд хүнийг бага наснаас нь эхлээд далд ухамсарт нь сууж эхэлдэг. Ингээд том болох тусам бид ямар нэгэн асуудалд тэр хэвшлээрээ “Энэ угаасаа л ийм” гэх байдлаар шууд автоматаар боддог болчихдог гэсэн үг. Тэгэхээр шүүмжлэлт сэтгэлгээний тусламжтайгаар баримт шалгах маягаар тархинд нэгэнт үүссэн байгаа замуудыг сольж, өөрчлөх боломжтой”

Энэ мэтчилэн өнөөгийн шинжлэх ухаан, нийгмийн ухааны салбарт “Эмэгтэй хүний үс урт, ухаан богино” гэх хэлцийг бодит гэж хүлээн зөвшөөрөх боломжгүйг илэрхийлж байгаа ч нийгэмд оршсоор байгаа хэвшмэл ойлголт нь сөрөг үр дагавар дагуулдгийг анхааруулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 1, 2, 3 

Эх сурвалж: 

Forbes мэдээллийн сайтын нийтлэл 

BBC Science Focus сэтгүүлийн нийтлэл 

Хэл зүйн шинжээчийн тайлбар 

Жендэрийн судлаачын тайлбар 

Тархи, сэтгэл судлаачын тайлбар 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document