“Хүйгээ цөвтүүлж, эрээ мохоосон эмс энэ төрийн мөхлийн үндэс болжихуй…” гэх бичлэгийн агуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #931

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүйгээ цөвтүүлж, эрээ мохоосон эмс энэ төрийн мөхлийн үндэс болжихуй…” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэгт дурдагдсан агуулгыг бэлтгэсэн сэтгүүлч өөрийн үзэл бодлыг бэхжүүлэхийн тулд анхдагч эх сурвалжийн мэдээллийн агуулгыг гуйвуулж, хэт нэг талыг баримталж, тэнцвэргүй, ойлголтын зөрүү үүсгэх байдлаар бэлтгэсэн байна. Хууль эрх зүйн орчин болон түүний хэрэгжилтэд аль нэг хүйсийг хэт давамгайлан дэмжсэн зохицуулалт байхгүй бөгөөд холбогдох судалгаануудад “эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал эмэгтэйчүүдээс үүдэлтэй” гэх дүгнэлт, тайлбар байхгүй байна.

2024 оны 03 дугаар сарын 13-нд ReelNews нэртэй фейсбүүк хаягт  “Хүйгээ цөвтүүлж, эрээ мохоосон эмс энэ төрийн мөхлийн үндэс болжихуй…” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг нь 2023.03.30-ны байдлаар 121 реакц, 13 сэтгэгдэл авч,108 удаа цааш түгээгджээ. Энэхүү бичлэгт дурдсан ерөнхий агуулгыг авч үзвэл сүүлийн 30 жилд манай улсад хэрэгжиж буй жендэрийн бодлого нь алдаатай, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн эрхийг хэт өргөж, тэнцвэрийг хангаагүйгээс эрэгтэйчүүдийн амьдралын чанар буурч байгаа хэмээн ярьжээ.  

Баримт шалгах үйл ажиллагааны журамд баримтаар шалгах боломжгүй мэдээллүүдийг зааж өгсөн. Тодруулбал, журмын 7-р зүйлд  

  • Хувь хүний үзэл бодол 
  • Ирээдүйд болох зүйлийг таамаглан, төсөөлж хэлсэн зөгнөл 
  • Өрнөж буй үйл явцыг шалгах боломжгүй гэж заасан. 

Мөн шалгаж буй мэдээллээр өгч байгаа агуулгуудаас баримтаар шалгах боломжтой хэсгийг үндэслэлгүйгээр орхигдуулж, үзэмжээрээ сонгон шалгахыг хориглодог. Иймд бид шалгаж буй бичлэгт дурдагдсан агуулгуудыг 16 хэсэгт багцалж, тус бүрд нь баримтаар шалгах мэдээллийн шалгуураар анхан шатны үнэлгээ хийлээ.  

Үнэлгээний дүнд 3 багц агуулгыг баримтаар шалгах боломжтой, үлдсэн 13 багц агуулга нь баримтаар шалгах боломжгүй мэдээлэл байна.  

Үнэлгээг дараах хүснэгтээс харна уу. 

Багц агуулга Гол утга  Баримтаар шалгах боломжтой эсэх (тийм, үгүй) 
1-р багц “Эм хүн болбоос эмх цэгц, эр хүн болбоос эрх сүр”. Эмх цэгц үгүй газар эрх сүр үл бадарна, эмх цэгц үгүй газар эе эв үл бүрэлдэнэ. Эмэгтэй хүний мөн чанарын илэрхийлэл болсон энэ холбоо үг нь эм бодьгалын эрчим энергийн зохилдолгоо, энэ хүн төрөлхтний өнөд үргэлжлэхүйн учиг бий. Үгүй:  Зөн билгийн шинжтэй, үзэл бодол шингээсэн мэдээллийг шалгах боломжгүй.  
2-р багц  Харамсалтай нь энэ чанарыг танин гэгээрсэн монгол эмэгтэй нүдний гэм болжээ. Хотын гудамжаар цэх шулуун явдалтай, хацар гоо буюу цээж, бүсэлхийн харьцаа тэнцсэн, эрийг чиглүүлж, эвийг сахиулах удмын чадалтан байхгүй. Сээр нуруугаараа бөгтийж, тахиан шилбэ гуяыг илүүд үзэн, бие, сэтгэл, оюуны гурамсан боловсролыг гээгдүүлсэн нь илэрхий  Үгүй:   Биеийн харьцаа, харагдах байдлаар ухааныг үнэлэх боломжгүй. 
3-р багц  Орчин цагийн эмэгтэйчүүдэд “би”-гийн баталгаа, нотолгоо, давж манлайлах  хүсэл эрмэлзэл, эрх нь дийлсэн авир ааш, эрээ адгуулсан ааш зан л чухалд тооцогдох болсон нь худал биш.  Эрийн эрх сүрийг бадраах монгол эмэгтэйн сав умайн явдал ариун цэвэр байж, сааль сүүний үйлдэл шимтэй, сайх үр хүүхдэдээ энэрэлтэй байх нь энэ улсын өнгөнд илүү тустай.  Үгүй:  Хүний үзэл бодлыг шалгах боломжгүй. 
4-р багц  Эм хүний хэтийдсэн эрх чөлөө, жендэрийн мэдрэмжийг тэнцвэржүүлэх шаардлага манай нийгмийн тулгамдсан бэрхшээлүүдийн нэг болж байна Жендэрийн талаарх ойлголт сүүлийн 30 орчим жилд манай улсад нутагшихдаа эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь улс төр, эдийн засаг гээд нийгмийн тогтолцооны голлох салбаруудад тэдний манлайлах чадвар, өсөлтийг нь илүү чухалчилсан байдаг. Эмэгтэй хүн боловсролтой байхын төлөөх энэ 30 жилийг буруутгаагүй, харин аливаа зүйлийн тэнцвэрийг хадгална гэдэг их ухаан. Тийм:  Сүүлийн 30 жилийн бодлогын баримт бичгүүд, хэрэгжсэн ажлуудыг шүүж, хүйсийн тэнцвэр алдсан тохиолдол байгаа эсэх, түүнийг бүхэлд нь буруутгах хэмжээний үр дагавартай зэргийг нягтлах боломжтой. 
5-р багц  Харамсалтай нь их ухаанаар эгэл ардынхаа ахуй амьдралыг түвшитгэж чадаагүй цөвтсөн засгийн явуулсан бодлогын гажуудал өнөөдөр Монгол орны үндсийн үндэс болсон анхдагч нэгж болсон гэр бүл гэсэн бичил системийг эвдэж орхисон. Энэ бичил систем буюу тогтолцооны тэнцвэр дээр Монголын эзэнт гүрний түүх бичигдсэн юм.   Үгүй:  Хүний үзэл бодлыг шалгах боломжгүй.  
6-р багц  Жендэрийн бодлогоо буруу хэрэгжүүлж байжээ гэдгийг харьцангуй сэхээрч анзаарсан цагаас л Монгол Улс бүтэн сэтгэл зүйг тээсэн ирээдүй хойчийг бүтээх боломжтой. Үгүй: Зөн билэг, зөгнөлийн шинжтэй тул шалгах боломжгүй. 
7-р багц  Эм хүйсийн давуу авирлал, хэтийдсэн эрх чөлөөгөөс улбаатай үүссэн нэг том бэрхшээл бол аав хэмээх хүндлэл, өрх гэрийн эрэмбэ үгүй болж, монгол гэрийн тооныг тогтоох хос багана нурсан явдал. Үгүй:  Хүний үзэл бодлыг шалгах боломжгүй. 
8-р багц  Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэсэн үлгэрээр айдсаа гээсэн хос заяан дээр эр эм нийлж, гал голомтоо бадраадаг.  Айдасгүй гэр бүлийг түвшитгэсэн улс оронд цаг бусын өвчин, цагдаж хорих шоронгийн хэрэг байгаагүйг эзэн Богд Чингис хаан хийгээд түүний хүү аугаа Мөнх нарын дэлхийг амаржуулсан геополитикийн бодлого бүрнээ харуулдаг юм. Үгүй:  Энэ агуулгад баримтын шаардлага хангахуйц түүхийн эх сурвалж хомс. 
9-р багц  Ганц эм хүйсийг дээдэлсэн, тэнцвэргүй жендэрийн бодлогын үр дүнд тооноо тогтоох баганагүй монгол гэр барина гэж зүтгэх гөжүүдлэл газар авлаа  Тийм: Жендэрийн бодлогын баримт бичгүүдэд ихэвчлэн эм хүйсийг дээдэлсэн заалтууд байдаг эсэх, анх ийм байдлаар баталсан эсэхийг шалгах боломжтой. 
10-р багц  Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн хэлсэн үг гэх эшлэл “Аавын аягаар дамжуулан хүндлэл байдаг” агуулга:  “Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчихож. Би алт мөнгөний тухай ярих гэсэнгүй. Аавын аяга гэдэг бол модны үндэс ухаад хийчихсэн зүйл ч байж болно. Аавын аяганд идээний дээж бүхэн ордог. Аавын аяга дандаа дүүрэн байдаг. Дундуур байна гэж ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ аавын аягаар дамжуулаад хүнийг хүндэтгэх, эрэмбээ мэдрэх мэдрэмж, өмчид хандах хандлага энэ бүхнийг хүүхдэд суулгаж өгдөг юм. Эртний сайхан ёс заншлаа умартаж өдгөө аав, хань гэдэг хүнийг хүндлэх гэдэг зүйлээ зарим бүсгүйчүүд мартаад байгаа харагддаг шүү дээ” Үгүй: Хүний үзэл бодлыг шалгах боломжгүй.  
11-р багц  Ахас, эхэсээ хүндлэх нь монгол хүний амин удамшил. Энэ удамшил үгүй аваас бид дээрээ тэнгэртэй, доороо газар шороотой гэдгээсээ хамаарахгүй болчихож байгаа юм.    Чухамхүү тэнгэр газар ч эр, эм амьсгалын нэгдэхүй дор сая хүмүүний ертөнцийн савсалгат орчныг бүрдүүлдэг. Эм эрчим нь шимгүй аваас эр эрчим нь хургүй үзэгдэл байгалийн жамын зохирол. Байгалийн жамыг хүмүүний тавилангийн ухаан болтол нь таньсан нь монголчуудын эцэг өвгөд юм. Үүнээс гажих замгүй, гагцхүү дагаж нүүдэллэх зам байгааг үр ачдаа удамшуулж сургасан учраас л монгол гень хүчтэй гэгддэг болов уу Үгүй:  Зөн билэг, зөгнөлийн шинжтэй мэдээллийг шалгах боломжгүй. 
12-р багц  Хослон жаргаж, хорвоог туулах учиртай эр, эм хүйсийн харилцан биенээ хүндэтгэх, нэг нь нөгөөгөө зүлгэж өнгөлөх, зөөллөж аргадах ухааныг эмэгтэйчүүд биднээс булаагаад авчхаж. Үүний уршгаар монгол эрчүүдэд дараах нэн тэргүүний бэрхшээлүүд тулгарч байна.   1. Эрүүл мэнд:  Эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдээс 9.7 жилээр богино.  10 нас баралт тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэйчүүд байна.  Хөдөлмөрийн насны эрчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин илүү болжээ.   2. Амьдралын дадал зуршил: Хорт зуршил, архи тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар мэдлэг ойлголт дутмаг, хангалтгүй байна.  3. Зам тээврийн болон үйлдвэрийн осол:  Зам тээврийн осолд өртөгсдийн 69%,  мотоциклийн осолд өртөгсдийн 93%,  явган зорчигчдын 61% нь эрэгтэйчүүд байна.  Спиртэнд хордох 82%,  байгалийн хүчин зүйлд өртөж нас барах тохиолдлын 80% болон бусад ослоор нас барагсдын олонхи нь эрчүүд байна.  4. Амиа хорлолт: Эр хүн амьдралаа авч явах ёстой, эр хүн хатуу чанга байх ёстой гэсэн нийгмийн стандарт, дүрмэнд захирагдаж, энэ дүрэмдээ хүрэхгүйгээс болоод эрчүүдийн дунд стресс, сэтгэл гутралд орох үзэгдэл нэмэгдэж, энэ нь дэпресс болж, амиа хорлох шалтгаан болж байна. Нийт амиа хорлосон хүмүүсийн 85% нь эрэгтэйчүүд, тэдгээрийн насны ангилал 25-39 насныхан байжээ.  5. Гэр бүл салалт: Эр хүн уйлдаггүй, эр хүн хатуу чанга байх ёстой гэсэн жендрийн хэвшмэл буруу ойлголтоос болж өөрийгөө буруутган, асуудлыг ярилцаж шийдвэрлэх бус салалтаар шийдвэрлэдэг залуус нэмэгдэж байна.   6. Боловсрол: Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын  88601 эмэгтэй,  56744 эрэгтэй оюутан байна.  Эрчүүд ЕБС-ийг дүүргэсэн атлаа их, дээд боловсролд хамрагдах байдал бага болсон.  Саяын асуудлууд хөрс сууриндаа нийцээгүй хүйсийн бодлогын гажуудлаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд. Тийм:   Статистик тоо баримтуудаар эрчүүдэд тулгамдаж буй асуудлууд эмэгтэйчүүдээс шалтгаалж буй эсэхийг шалгах боломжтой.  
13-р багц  Хөдөөд эхнэргүй эрчүүд олширч, хотод аавгүй хүүхдүүд гудамжаар дүүрлээ.  Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том гэж зүгээр хэлсэн үг биш. Үүний цаана бүтэн гэр бүлийн суурьтай, бүтэн ирээдүйн тухай хүмүүжил давхар явж байна.  Үгүй: Хэмжих боломжгүй, тодорхой тоо баримт дурдаагүй. 
14-р багц  Эмс ариун бол төр ариун Янханлаг эмсийн умайнаас яруу алдарт хаад төрөөгүй, ямба эрхэмсэг ээж нарын хэвлийд Монголын хаадын тархи бүрэлдсэн байдаг юм.  Үгүй: Үзэл бодол шингээсэн мэдээллийг шалгах боломжгүй. 
15-р багц  Ямар цааз, эрх ёсын доор өөрийгөө боловсруулсан гэх ёс зүйн хэм хэмжигдэхүүн нь монгол эмэгтэйн шалгуур болж байсан. Өдгөө энэ шалгуурыг тулгаваас хүний эрх ярьж, гуагачин чарлах эмс олон байна. Тэдний төлөөлөл Монгол Улсын Их Хурлын танхимд сууж, төрийн толгойг гудайлган түмний заяаг харлуулж байна  Төр түшилцэх тусмаа түвшин сайхныг тогтоож, төв явдлыг сахих нь эм хүний энергийн зөв зохирол. Харамсалтай нь төрд сандайлж, түмэн эрсийн эр унжлагад алцайж хэвтэх дур сонирхлоор өдөөгдсөн адгууслаг эмс л өдгөө төрийн эрх барих байгууллагад ажиллаж байна Эмс самуунаар оройлох тусам төр өеөдөж буй. Үгүй:  Хүний үзэл бодлыг шалгах боломжгүй. УИХ-ын эмэгтэй гишүүдийн талаар шалгах боломжтой баримт, үйл явдал дурдаагүй байна. 
16-р багц  Энэ төрийг засах эрдэм эмс охидоо засахаас эхлэлтэй байх ёстой. Зүй нь эдийн засаг, долларын ашиг адаг сүүлд хийгдэх бодлого баймаар, эмийн шинжээ агуулж, эхнэр, ээжийн суудалдаа төв сайхнаар тухлан байгаа ард таныг мөнх тэнгэр ивээх болтугай. Үгүй:  Үзэл бодол шингээсэн мэдээллийг шалгах боломжгүй.  

Баримт шалгалтын хураангуй: 

  1. Манай улс 1921 оноос тэгш байдлыг хангах асуудалд анхаарч эхэлсэн ба жендэрийн асуудал нь зөвхөн сүүлийн 30 орчим жилд нутагшсан гэх ойлголт өрөөсгөл 
  1. Жендэрийн бодлого, хууль эрх зүйд зөвхөн эм хүйсийг дээдэлж, тэдний эрхийг хамгаалдаг, жендэрийн тэнцвэргүй байдлыг үүсгэх нөхцөл байхгүй, харин хүйсийн тэгш байдлыг хангах зорилготой  
  1. Эрэгтэйчүүдийн амьдралын чанарт олон хүчин зүйл (амьдралын хэв маяг, дадал зуршил, ажил мэргэжлийн онцлог, нийгэм, гэр бүлийн харилцаа, уламжлалт ойлголт, хэвшмэл ойлголтууд гэх мэт) нөлөөлдөг 

ШАЛГАСАН АГУУЛГА 1: “Эм хүний хэтийдсэн эрх чөлөө, жендэрийн мэдрэмжийг тэнцвэржүүлэх шаардлага манай нийгмийн тулгамдсан бэрхшээлүүдийн нэг болж байна. Жендэрийн талаарх ойлголт сүүлийн 30 орчим жилд манай улсад нутагшихдаа эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь улс төр, эдийн засаг гээд нийгмийн тогтолцооны голлох салбаруудад тэдний манлайлах чадвар, өсөлтийг нь илүү чухалчилсан байдаг. Эмэгтэй хүн боловсролтой байхын төлөөх энэ 30 жилийг буруутгаагүй, харин аливаа зүйлийн тэнцвэрийг хадгална гэдэг их ухаан” гэжээ.  

  • Энэ хүрээнд манай улсад жендэрийн тухай суурь ойлголт хэдийд тавигдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлыг хуульд хэрхэн тусгасныг авч үзлээ. 

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.1-т “жендэр” гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг хэлнэ гэж заасан

Хүн амын үйл ажиллагаа, онцлог шинжийг илүү бодитой, бүрэн илэрхийлж харуулахад жендэрийн статистик чухал байдаг. Манай улс хүн бүр тэгш амьдрах тухай асуудлыг  хэдийнээс анхаарах болсныг түүхэн хувьсгалын он жилүүдээр задлан, Жендэрийн тэгш бус байдал 2020 тайланд тусгажээ.  

Хүйсийн тэгш байдал, жендэрийн тухай ойлголт Монгол Улсад үүсэж, хөгжсөн нь: 

1921 оноос өмнө: 

  • Ардын хувьсгалаас өмнөх үеийн Монголын нийгэмд эрэгтэй, эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр нарийн хуваарьтай, эцгийн эрхт ёс давамгайлсан, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын нэлээд хэсэгт эмэгтэйчүүд хоёр дахь байр суурийг эзэлж байв. Эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага зөвхөн гэр бүл, ах дүү, эх хүний үүрэг хариуцлагын хүрээнд хязгаарлагдаж байв.  

Ардын хувьсгалаас хойших үе болон социализмын үе: 

  • Монгол Улсын эмэгтэйчүүдийн аж байдалд 1921 оны ардын хувьсгал үлэмж их өөрчлөлт авчирсан гэж үздэг. Тодруулбал, 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуульд “Тус улсын харьяат ард түмэн, иргэн угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаагүйгээр нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” гэж хүйсийн тэгш байдлыг тунхагласан байна. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулж, бие хүнд эрх чөлөө олгож, гэрлэх хүнээ өөрсдөө сонгох эрхийг олгосон зэрэг өөрчлөлт гарчээ.  
  • 1940 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс орныхоо тусгаар тогтнол, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг улам бүр баталгаажуулсан байна. Төрөөс 1960-1989 онд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, боловсрол, бичиг үсэг тайлагдалт зэрэгт онцгойлон анхаарснаар хүйсийн ялгаа мэдэгдэхүйцээр багасчээ. 

1990 оноос хойш үе:  

  • 1992 оны Үндсэн хуульд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах тухай заасан бөгөөд 1990 оноос хийгдсэн нийгмийн шинчлэлтэй холбогдуулан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар илүүтэй анхаарах болжээ. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн 16-р зүйлийн 11-т “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж зааж байв. 
  • 2000 онд Жендэрийн тэгш байдлын асуудал хариуцах Үндэсний зөвлөл байгуулагдаж, 2005 оныг хүртэл “Жендэрийн тэгшбайдлыг хангах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн ба мөн оноос эхлэн Жендэрийн Үндэсний Хороо болон өргөжсөн байна.  

Дүгнэлт:  Дээрх түүхэн үйл явдлуудаас харахад эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэгш байдлыг хангах болоод жендэрийн асуудал нь манай улсад зөвхөн “сүүлийн 30 орчим жилд нутагшсан” гэх ойлголт өрөөсгөл бөгөөд шалгаж буй бичлэгт нэмэлт судалгаагүй ярьсан нь ташаа ойлголт төрүүлж байна. Тодруулбал, эцгийн эрхт ёс, эрэгтэйчүүдийн оролцоо давамгай байсан манай улсад 1921 оноос хойш хувьсал, өөрчлөлт гарч, тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүдийн эрх хөндөгдөж байгааг сөхөх, тэгш байдлыг хангах асуудалд анхаарч эхэлжээ. Ийнхүү түүхэн чухал өөрчлөлтүүд явагдсаар 1990 онд Ардчилсан хувьсгал  гарч, нийгмийн бүхий л салбарт эрэгтэй, эмэгтэй тэгш байх ёстойг илүү чухалчлах болсон байна.  

ШАЛГАСАН АГУУЛГА 2:Ганц эм хүйсийг дээдэлсэн, тэнцвэргүй жендэрийн бодлогын үр дүнд тооноо тогтоох баганагүй монгол гэр барина гэж зүтгэх гөжүүдлэл газар авлаа” гэжээ. 

  • Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй жендэрийн бодлого нь нэг хүйсэд ялангуяа эмэгтэйчүүдийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлд давамгайлсан эсэх, тэнцвэргүй байгаа эсэхийг шалгалаа. 

Хууль, эрх зүйн зохицуулалтууд 

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэнэ” гэж  заажээ. 

Мөн хуулийн 5 дугаар зүйлд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлогыг тусгасан байна. Тодруулбал, жендэрийн эрх тэгш байдал дараах үндсэн зарчимд тулгуурладаг.  

  • жендэрийн тэгш эрхийн зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах; 
  • ялгаварлан гадуурхахгүй байх зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх; 
  • төрийн хариуцлагын зарчим: төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор ногдуулсан үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх; 
  • жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим: хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн бодлогыг жендэрийн агуулгатай болгох; 

Түүнчлэн, эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангахад авах зарим тусгай арга хэмжээг хуульд заажээ. Тодруулбал: 

  • 7.2.1. эх, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр батлах; 
  • 7.2.2. улс төрийн ба удирдах албан тушаалд эрэгтэй, эмэгтэй хүний тэнцвэртэй төлөөллийг хангах зорилгоор суудал хадгалах зэргээр квотын хэлбэрийг хэрэгжүүлэх; 
  • 7.2.3. тодорхой салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгах арга хэмжээ авах, эсхүл аль нэг ажил, мэргэжлийн хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, эсхүл тэтгэлэг тогтоох; 
  • 7.2.4. сургалтын байгууллагын элсэлтийн нөхцөл, шаардлагыг хүйсээс хамааран ялгаатай тогтоох 

Мөн эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм, гэр бүлийн харилцаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд дээрх тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй гэж нэмэлтээр тусгажээ

Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглох хуулийн заалтууд 

Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг “жендэрийн ялгаварлан гадуурхалт” гэдэг. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 6-р зүйлд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг ийн хориглохоор хуульчилжээ.  

  • 6.1.Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглоно. 
  • 6.2.Жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн дарамт нь жендэрийн ялгаварлан гадуурхалтад хамаарна. 
  • 6.3.Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хохирогч, гэрчийн аюулгүй байдлыг хангах, эрхийг нь хамгаалах нөхцөл, журмыг хуулиар тогтооно. 
  • 6.4.Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь шууд ба шууд бус хэлбэртэй байна. 

Жендэрийн ялгаварлан гадуурхалтад үл хамаарах үйл ажиллагаа 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 6-р зүйлийн 6.5-д дараах үйл ажиллагааг жендэрийн ялгаварлан хамааруулахгүй гэжээ.  

  • 6.5.1.зөвхөн нэг хүйсийн онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсролын зэрэг төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх; 
  • 6.5.2.оюутан, сурагчдын дотуур байр, эмнэлэг, асрамжийн байгууллага, амралт, сувилал, хорих газар болон түр саатуулах байр, эрүүлжүүлэх байранд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйсээр ялган байрлуулах; 
  • 6.5.3.орон сууц түрээслэх буюу хамтран хөлслөхөд зөвхөн аль нэг хүйсийн хүнийг сонгох; 
  • 6.5.4.аль нэг хүйсийн гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага байгуулах; 
  • 6.5.5.нэг хүйсийн хүмүүсийг хамруулсан урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах; 
  • 6.5.6.сургуулийн өмнөх боловсролын байгууллага зэрэг байгууллагын ажил, үйлчилгээний онцлогоос хамаарч нэг хүйсийн хүнийг сонгох 

Мөн хуулийн 2-р бүлэгт Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааг заасан байна. Тодруулбал, улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, соёл, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангахыг тус бүрд тодорхой тусгажээ.  

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн өнөөгийн хэрэгжилт 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 2021 онд хийж, тайлагнасан байна. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтийн ололтыг бататгах, хэрэгжилтид дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлжээ.  

Тус ажлын хүрээнд ЖЭТБХтХ-ийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрд үнэлгээ дүгнэлт өгөх нийт 218 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, холбогдох статистик мэдээлэл, тайлан, судалгааг цуглуулан үнэлсэн байна.  

Улс төр, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлын үнэлгээ дүгнэлтийг хүргэж байна. 

ДД Хүрээ, харилцаа Жендэрийн тэгш байдал 
 1  Улс төрийн хүрээ Улс төрийн намын удирдах болон хууль тогтоох түвшин дэх хүйсийн харьцаа гажиж, эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй түвшинд байна. 
   2    Эдийн засгийн хүрээ Эдийн засгийн хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах зарчим алдагдахад хүрчээ. Тухайлбал, цалин, бүтээмж, өсөлт өндөртэй салбаруудад эрэгтэйчүүд голлон ажиллаж, улс, орон нутгийн төсвийг хуваарилах шийдвэр гаргах түвшинд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгчдийн дунд эрэгтэйчүүд давамгайлж байна. 
    3     Соёл, боловсролын салбар Боловсролын байгууллагын ажиллагсад, ялангуяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага, бага, дунд сургуулийн багш нар, их, дээд, мэргэжлийн сургуулийн суралцагчдын хүйсийн харьцаа, жендэрт суурилсан дарамт зэрэг асуудал тулгамдсаар байтал оновчтой, шаардлагатай тохиолдолд тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар идэвх санаачилга дутмаг байжээ. ЖЭТБХтХ-д Соёлын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах үйл ажиллагаа орхигдсон байна. 
   4    Эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, олон нийтийн мэдлэг, хандлага, дадлын дутагдалтай байдлаас шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнд, дундаж наслалтад ихээхэн зөрүүтэй байдал бий болжээ. Эрүүл мэндийн бодлого нь өөрөө жендэрийн мэдрэмжгүй байгаа нь үүний шалтгаан болж байна. 
    5     Гэр бүлийн харилцаа Жендэрийн тэгш бус байдал нэлээд амь бөхтэй байгааг жендэрийн хэвшмэл буруу ойлголтууд болон эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт шууд ба шууд бусаар бий болсон жендэрийн алагчлалаар тайлбарлаж болохоор байна. Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь нөхцөл болж байна. 

Дүгнэлт:  Жендэрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд зөвхөн эм хүйсийг дээдэлсэн, тэдний эрхийг хамгаалсан, жендэрийн тэнцвэргүй байдлыг илэрхийлсэн зохицуулалт байхгүй бөгөөд хүн бүрийг эрх, тэгш оролцоог хангахад чиглэсэн бодлого, зүйл заалтууд тусгагдсан байдаг.  Мөн гэр бүлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн хүрээнд жендэрийн тэгш эрхийн зарчим хангагдаж байгаа гэж үзжээ.

Гэвч хэрэгжилтийн зарим үнэлгээгээр тодорхой заалтуудын хэрэгжилт хангалтгүй, өөрчлөлт шинэчлэл оруулах хэрэгтэй гэж гарсан байна. Тухайлбал,

  • Бодлого, боловсруулах шийдвэр гаргах түвшинд, мөн ААН-ийн өмчлөл болон цалин орлого өндөртэй салбаруудад эрэгтэйчүүд давамгайлсан байна. 
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарт шууд ба шууд бусаар бий болсон жендэрийн алагчлал нь хэвшмэл буруу ойлголтуудаас үүдэлтэй гэжээ.
  • Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь нөхцөл болж байна. 

ШАЛГАСАН АГУУЛГА 3: “Хослон жаргаж, хорвоог туулах учиртай эр, эм хүйсийн харилцан биенээ хүндэтгэх, нэг нь нөгөөгөө зүлгэж өнгөлөх, зөөллөж аргадах ухааныг эмэгтэйчүүд биднээс булаагаад авчхаж. Үүний уршгаар монгол эрчүүдэд дараах нэн тэргүүний бэрхшээлүүд тулгарч байгааг ЖҮХ-оос жагсаасан байх юм” гэжээ.  

  • Энэ хэсгийн агуулгыг харахад монгол эрэгтэйчүүдэд тулгамдаж буй нийгмийн тодорхой асуудлуудад эмэгтэй хүн нөлөөлж байгаа, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хэт жаргалтай, хүндлэлгүй, дэмжлэг үзүүлдэггүйгээс эрэгтэйчүүдэд эдгээр хүнд бэрхшээл тулгарч байна гэсэн ойлголт төрөхөөр байна.  
  • Шалгаж буй мэдээлэлд дурдсан тоо баримтуудыг 2024 оны 03 дугаар сарын 1-нд gogo.mn сайтад гарсан мэдээнээс эшилсэн байх магадлалтай, тоон мэдээлэл болон дэс дараалал нь адилхан байна. Мэдээллийн сайт дахь мэдээний эх сурвалжийг Жендэрийн Үндэсний Хороо гэсэн бөгөөд тус хорооноос “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд өгсөн мэдээлэл байна. 
  • Гэхдээ Жендэрийн Үндэсний Хорооноос өгсөн тус мэдээнд “монгол эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд нь эмэгтэйчүүдийн эрхийг хэт өргөж, эрэгтэйдээ хүндэтгэлгүй хандсанаас үүдэлтэй” гэсэн дүгнэлт, судалгааг танилцуулаагүй.  

Үүнээс харахад, бидний шалгаж буй бичлэгт дурдагдсан агуулгыг бэлтгэсэн сэтгүүлч өөрийн үзэл бодлыг бэхжүүлэхийн тулд анхдагч эх сурвалжийн мэдээллийн агуулгыг гуйвуулж, хэт нэг талыг баримталсан тэнцвэргүй, ойлголтын зөрүү үүсгэх байдлаар бэлтгэж, олон нийтийн сүлжээнд түгээсэн байна. 

Нэмэлт мэдээлэл: 

Маскулин буюу “Эр хүн шиг байх ёстой” гэсэн нийгмийн хортой хэвшмэл ойлголтыг  хүчтэй дагаж мөрддөг монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй, эрсдэлд орох магадлал өндөртэй байдгийг баталжээ 

Дэлхийн банкнаас 2020 онд манай улсад “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт чанарын судалгаа хийжээ. Ингэхдээ чанарын түүврийн судалгаанд нийт 2353 эрэгтэйг хамруулж, 37 ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн 4 ярилцлагыг зохион байгуулжээ. 

“Судалгааны үр дүн нь маскулин буюу “Эр хүн шиг байх ёстой” гэсэн нийгмийн хортой хэвшмэл ойлголтын шинж чанарыг дагаж мөрдсөнөөр эрэгтэйчүүдэд эрсдэлийг нэмэгдүүлдэг, ихэнх эрчүүд уламжлалт зан заншил, хэвшмэл ойлголтын “эр хүний шинж чанар”-ыг өөртөө агуулах хүсэлтэй байдаг гэсэн бусад судалгааны үр дүнтэй таарч байна.  

Судалгаанд оролцогчдын

  • 87.5 хувь нь эр хүн хуулиа дагаж мөрдөх ёстой,
  • 84.8 хувь нь эр хүн нийгэмд хэрэгтэй зүйл хийх ёстой,
  • 85-аас дээш хувь нь хүүхдүүдтэйгээ хамт байж, хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлж, эхнэртээ эелдэг, хүлээцтэй хандах ёстой, найз нөхдөдөө үнэнч байж, ахмад настнууддаа анхаарал тавих ёстой гэж хариулсан байна.

Эрэгтэй хүний хувьд гэр бүл, нийгэм дэх үүрэг хариуцлагын талаарх уламжлалт болон хэвшмэл ойлголт нь насны байдлаас болж өөрчлөгдөх хандлагатай байдаг; залуу үеийнхэн нь эрх тэгш үүрэг хариуцлагын талаарх ойлголттой байдаг бөгөөд тэдний энэ ойлголт нь уламжлалт хэм хэмжээнээс ялгарах нь бий” гэжээ. 

Уг судалгааны бас нэг сонирхолтой зүйл нь эрсдэлт зан үйл, дадал зуршил ба жендэрийн хэм хэмжээ хоорондын хамаарлыг эрэгтэйчүүд хэрхэн үздэгийг корреляцийн анализаар гаргажээ. Маскулин шинж чанарыг хүчтэй дагаж мөрддөг хүн урт хугацаанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг дадал зуршлууд (тухайлбал, тамхидалт, архидан согтуурах, г.м)-ыг илүү их хийж, өөрсдийгөө эрсдэлд оруулах үйлдэлд илүүтэй татагддаг гэж таамаглаж байлаа. 

Эхний таамаглалыг шалгахын тулд оролцогч бүрийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг дадал зуршлын бодит түвшинг Маскулин нормативын тооллогын товчилсон хувилбарын оноотой хамаарууллаа. Хоёр дахь таамаглалыг шалгахын тулд оролцогчдын эрсдэл авах дадал зуршилтай байх магадлалыг Маскулин нормативын тооллогын тохирлын үнэлгээтэй харьцуулав. Хоёр корреляцийн хамаарал (Р<.001) нь ихээхэн хүчтэй байлаа (Зураг 40, 41).

Энэ нь хэт давамгайлсан маскулин шинж чанарууд нь эрсдэл зан төлөв, эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй байхтай таарч байгааг тогтоосон бусад судалгаатай таарч байгаа юм. Энэ нь мөн маскулин шинж чанарыг илүү хүчтэй дагаж мөрддөг монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байх, эрүүл мэндээрээ эрсдэлд орох магадлал өндөртэй байдаг гэсэн судалгааны таамаглалыг баталж байна. 

Энэ нь шалгаж буй бичлэгт ярьсанчлан эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудын гол шалтгаан нь эмэгтэйчүүдээс шалтгаалж байгаа БИШ “эр хүн шиг байх” гэсэн хэвшмэл ойлголтоос үүдэлтэйг харуулах нэг судалгаа юм.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document