Эр хүн уйлж болно

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эр хүн уйлдаггүй” гэх хэвшмэл ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Энэ хэвшмэл ойлголт хөвгүүдэд бага байхаас нь нөлөөлж, том болох тусам уйлах давтамж нь багасдаг гэгддэг. Эрэгтэйчүүдийг уйлбал эмзэг, сул дорой харагддаг, эмэгтэй хүн шиг сэтгэл хөдлөл ихтэй санагддаг гэх мэт үзэл, хандлагаас гадна эрэгтэйчүүд бие физиологийн онцлогоосоо шалтгаалж эмэгтэйчүүдээс бага уйлдаг гэх ойлголт ч бий. Эдгээр ойлголт, хандлагыг шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбар, судалгаагаар баримтжуулан шалгалаа.

Баримт шалгалтын үр дүн

Эрэгтэй, эмэгтэй хүний уйлах хандлага, давтамжийн ялгаа нь өсвөр наснаас эхэлдэг . Бэлгийн бойжилтын үйл явц болон зарим даавар үүнд нөлөөлдөг гэсэн судалгаа, дүгнэлтүүд байгаа ч үүнийг хангалттай өргөн хүрээнд, бүрэн нотолсон нь хомс байна. Нөгөө талаар гэр бүлийн орчин, эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлж буй байдал, хүйсийн хэвшмэл ойлголт зэрэг нийгэм, соёлын нөлөө ч хүний уйлах хандлагад нөлөөлдгийг онцоллоо.

“Эр хүн уйлдаггүй” гэх хэвшмэл ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Энэ хэвшмэл ойлголт хөвгүүдэд бага байхаас нь нөлөөлж, том болох тусам уйлах давтамж нь багасдаг гэгддэг. Эрэгтэйчүүдийг уйлбал эмзэг, сул дорой харагддаг, эмэгтэй хүн шиг сэтгэл хөдлөл ихтэй санагддаг гэх мэт үзэл, хандлагаас гадна эрэгтэйчүүд бие физиологийн онцлогоосоо шалтгаалж эмэгтэйчүүдээс бага уйлдаг гэх ойлголт ч бий. Эдгээр ойлголт, хандлагыг шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбар, судалгаагаар баримтжуулан шалгалаа. 

Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Нулимс нь бидний биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нулимс ерөнхий гурван төрөлтэй байдгийг задлан авч үзвэл,  

  • гол нулимс буюу нүдийг чийгтэй, эрүүл байлгахын тулд гадагшилдаг нулимс; 
  • рефлексийн нулимс буюу хог хаягдал, утаа зэргээс үүдсэн цочролыг арилгаж, нүдийг цэвэрлэдэг нулимс 
  • сэтгэл хөдлөлийн нулимс буюу биеэс стрессийн даавар болон хорт бодисыг гадагшуулдаг нулимс гэж ангилдаг байна. 

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү уйлдаг гэсэн судалгаа илүү байдаг ч энэ ялгаа нь нярай болон бага насанд илэрдэггүйг Клиник сэтгэл судлалын профессор Ад.Вингерхоет 2013 онд хэвлүүлсэн номдоо бичжээ.  

Түүнчлэн, 11 наснаас эхлэн хүүхдүүдийн уйлах давтамжид ялгаа гарч эхэлдэг тухай Нидерландын Тилбургийн их сургуулиас 2002 онд хийж байсан судалгаанд дурджээ. Тодруулбал, уйлахад өсвөр нас, хүйсийн ялгаа хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд 11-16 насны нийт 216 хөвгүүн, 265 охиныг судалгаанд оролцуулжээ. Ийнхүү судлахад хөвгүүд том болох тусмаа уйлах нь багассан дүн гарч, охидын хувьд уйлах хандлага нэлээд тогтвортой болж буй дүн гарчээ. 

Трюижерс ба Вингерхоэтс (1999) болон Бронштейн, Брион, Брүкс, Кован (1996) нарын эрдэмтдийн судалгаанд жендэрийн ялгаатай үүрэг, хэвшмэл ойлголт мэтийн нийгмийн хүчин зүйл нь уйлахад хэрхэн нөлөөлдгийг гаргаж байжээ. Трюижерс, Вингерхоэтсийн 1999 онд хийсэн судалгаагаар хөвгүүд “уйлбал ичгүүртэй байдлыг мэдэрдэг” гэх хариултыг охидоос илүү өгчээ. Нөгөө талаар, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэхийг дэмждэг, хөвгүүд уйлж болохгүй гэх нийгмийн хэвшмэл ойлголтоос ангид гэр бүлд өссөн эрэгтэй хүүхдийн уйлах хандлага өндөр байсныг Бронштейн тэргүүтэй судлаачдын 1996 оны судалгаанд мэдээлж байжээ.  

  • Түүнээс гадна, өсвөр наснаас насанд хүрэх үед эр бэлгийн даавар өөрчлөгддөг учраас хөвгүүд том болох тусмаа уйлах нь багасдаг гэж тайлбарласныг тус судалгаанд онцолсон байна. 

Үүнээс гадна эмэгтэй хүн олон уйлдаг нь эстроген бэлгийн даавар болон бусад даавартай холбоотой эсэхийг илүү өргөн хүрээнд судлах шаардлагатай байгааг онцолсон байна. Хүний зан төлөвт дааврын үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах, бүрэн батлах нь харьцангуй нарийн төвөгтэй байдаг учраас туршилт, судалгаа хийхэд урт хугацаа шаардагддаг аж.  

Эршүүд чанар, эмэгтэйлэг байдал хоорондох өргөн хүрээний ялгаа нь аливаа сэтгэл хөдлөл илэрхийлэлд ч нөлөөлдөг байна. Тухайлбал, эрэгтэйчүүд уур хилэн мэтийн илүү хүчирхэг, дайчин сэтгэл хөдлөл илэрхийлэх хандлагатай байдаг бол гуниглах, ичих зэрэг эмзэг байдлыг харуулсан сэтгэл хөдлөл илэрхийлэх нь бага байдаг. Харин эмэгтэйчүүд уур уцаар гэхээсээ илүүтэйгээр гуньж гутрах, айх, ичих гэх мэт илүү эмзэг сэтгэл хөдлөл илэрхийлэх хандлагатай байдаг байна. Эдгээр хандлага нь эцэг, эхээс хүүхдүүдэд өвлөгдөөд ирэхээрээ хөвгүүд илүү ууртай болж, охид илүү гунигтай, эмзэг болж өсөх магадлалтай болдог аж.  

Эрэгтэй, эмэгтэй хүн нас нэмэх тусмаа уйлах давтамжийн хувьд ялгаатай болдог тухай дээр дурдсан. Мөн тэдний уйлах нөхцөл, байдал нь хоорондоо харьцангуй ялгаатай. Тодруулбал, эмэгтэйчүүд эмзэг, уур бухимдалтай, сул дорой үедээ илүү их уйлдаг бол эрэгтэйчүүд эерэг шалтгаанаар уйлах нь элбэг байдаг байна.  

  • Эмэгтэйчүүд сард дунджаар 2-5 удаа уйлдаг бол эрэгтэйчүүд сард дунджаар 0-1 удаа уйлдаг тухай 2021 онд хийсэн судалгааны тоймд дурджээ.  

Нидерландын Хэрэглээний шинжлэх ухааны судалгааны байгууллагаас хийсэн 2011 оны судалгаагаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой Чили, Швед, АНУ гэх мэт улсад уйлахыг хүйстэй хамаатуулах ойлголт бага байдаг бол харин дарангуйллын дэглэмтэй орнуудад, жишээлбэл Гана, Нигери, Непал зэрэг улсад энэ хамаарал илүү их байгааг гаргаж байжээ.  

Уйлахад нөлөөлөх биологийн хүчин зүйлс

Эрэгтэй, эмэгтэй хүний уйлах ялгаа нь биологийн байдал, ялангуяа дааврын хэмжээнээс шалтгаалж болдог байна.  

Open access шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн 2012 оны судалгаагаар эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн пролактин даавар эрэгтэйчүүдээс 60 хувиар илүү байдаг нь тогтоогдсон байна. Мөн 2018 онд гарсан “Хүний уйлах байдлын нейробиологи” дүгнэлт тоймд эм хүйстэй амьтдын уйлах байдал нь пролактин даавраас шалтгаалдаг гэсэн урт хугацааны таамаглалыг дэвшүүлжээ. Өндөр пролактин даавраас үүдэн сэтгэл хөдлөлийн нулимс илүү гардаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүд яагаад эрэгтэйчүүдээс олон удаа уйлдгийн нэгэн тайлбар байх боломжтой гэжээ. Энэ тайлбар, таамгийг нугас шувуунд хийсэн туршилт, судалгаанд тулгуурлан гаргасан бөгөөд харин хүн дээр бүрэн нотлох хэмжээний туршилт, судалгаа дутагдалтай байгаа юм.

Нөгөө талаар, эрэгтэйчүүдийн бэлгийн хөгжил, хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой даавар болох тестостерон нь эрчүүдийн уйлах байдалд нөлөөлдөг тухай ажиглалт, туршилт, таамгууд байна. Тодруулбал, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээний нэг хэсэг болгож тестостероны хэмжээ бууруулах эм уудаг эрэгтэйчүүд, мөн тестостероны хэмжээгээ багасгахын тулд дааврын эмчилгээ хийлгэдэг трансжендерүүдийн уйлах нь ихэссэн тохиолдол байдаг аж. Энэ тохиолдлуудаас ажиглахад эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээ их байвал уйлах нь бага болдог байж магадгүй гэжээ.  

Үүнээс гадна, “Discover” сэтгүүлд 2022 онд нийтлэгдсэн уйлахтай холбоотой нийтлэлд клиник сэтгэл судлалын профессор Ад.Вингерхоэт ярихдаа “Тестостерон нь уйлахад саад болдог ба хэрэв тестостероны хэмжээ багасвал хүн илүү сэтгэл хөдлөлтэй болдог” хэмээн онцолжээ.  

Ялгаатай үр дүн бүхий судалгаа 

Зах зээлийн судалгааны OnePoll компаниас 2021 онд нийт 2004 америк хүний дунд уйлах давтамжийн судалгаа явуулахад судалгаанд оролцсон эрэгтэйчүүд сард дунджаар дөрвөн удаа уйлдаг бол эмэгтэйчүүд гурван удаа уйлдаг гэсэн сонирхолтой дүн гарчээ.  Түүнчлэн, судалгаанд оролцсон эрчүүдийн 2/3 нь амьдралдаа нэг удаа сэтгэл зүйн мэргэжлийн тусламж авч байсан гэжээ.  

Гэвч, сэтгэл зүйн тусламж авсан эрэгтэйчүүдийн 63 хувь нь сэтгэцийн эрүүл мэндээ эмчлүүлж байгаагаа бусдаас нууж байсан гэж хариулжээ.

Тухайлбал, сэтгэл зүйн тусламж авсан гэдгийг нь хүмүүс мэдвэл 50 хувьд нь санаа зовох мэдрэмж төрөх бол, 40 хувьд нь ичих, 39 хувьд нь айж, эмээх мэдрэмж төрнө гэж хариулсан байна.   

Энэхүү судалгааны дүн нь сэтгэлзүйн тусламж авдаг эрэгтэйчүүдийг ичгүүртэй, сул дорой мэтээр ханддаг ойлголт нийгэмд байсаар байгааг харуулж байна. 

Түүнчлэн, дээр дурдсан ичгүүрийн мэдрэмжүүд нь эрэгтэйчүүдийг хямралаа даван туулахын тулд аливаа донтуулах сөрөг дадалд автах байдлыг нэмэгдүүлдэг байна. Тодруулбал, хямралтай үедээ эрчүүд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь 49 хувиар, мансууруулах бодис хэрэглэх нь 40 хувиар, өөрийгөө гэмтээх үйлдэл хийх нь 35 хувиар ихэсдэг гэж мөн судалгааны дүнд дурджээ.  

Дээрх судалгаа нь тодорхой тооны хүмүүсийн дунд явагдсан учраас бүх хүнд хамаатуулж ойлговол өрөөсгөл юм. Тиймээс цаашид олон улсад хийгдэх өргөн хүрээний туршилт, судалгааны үр дүнг хүлээх шаардлагатай.  

Уйлахын ач тус 

  • Тайвшрахад нөлөөлдөг 

Хүн уйлахад бие махбодын ухамсаргүй үйл ажиллагааг тайвшруулдаг парасимпатик мэдрэлийн систем идэвхждэг байна. Ингэснээр хүн уйлсны дараа амралт, тайвшралын байдалд орж, бие махбод стрессээс ангижрахад тусалдаг аж. Түүнчлэн, уйлах нь өөрийгөө тайвшруулах зан авирын нэг болдог хэмээн АНУ-ын АУ-ны үндэсний номын сан дахь 2014 оны судалгааны дүнд дурджээ.  

  • Бусдаас тусламж авахад нөлөөлдөг 

2016 онд хийгдсэн уйлах, эс уйлахтай холбоотой судалгаанд уйлах нь эргэн тойронд байгаа хүмүүсээсээ дэмжлэг авахад тусалдаг хавсарсан зан үйл гэж тусгасан ба хүн хоорондын болон нийгэмд ч ашиг тустай гэж тайлбарласан байна.  

  • Өвдөлт намдааж, сэтгэл санааг дээрдүүлдэг 

Уйлахад окситоцин болон эндорфин ялгардаг бөгөөд эдгээр даавар нь хүмүүст сайхан мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг өөдрөг болгон бие махбодын болон сэтгэл санааны өвдөлтийг намдаадаг байна.  

  • Хорт бодисыг гадагшлуулж, стресс тайлдаг 

Стресс, бухимдалтай үедээ уйлахад стрессийн даавар болон бусад хэрэггүй бодис нулимсаар гадагшилж, улмаар стрессийг бууруулах тустай гэж судлаачид үзсэн байдаг. Стрессийн даавар гэдэг нь стрессийн хүчин зүйлд хариу үзүүлдэг, дохио өгөгч молекулууд гэдгийг 2017 оны тус сэдэвт холбогдох судалгааны тоймд дурджээ.  

Стрессийн гол дааврууд нь кортизол болон катехоламинууд юм. Кортизол нь стрессийн үндсэн дааварт тооцогддог бол катехоламин нь эпинефрин, норепинефрин зэрэг химийн бодис агуулсан даавруудаас бүрддэг аж. Цусан дахь кортизолын хэмжээг серум кортизолын шинжилгээгээр хэмжин гаргадаг байна. Хэрэв кортизолын хэмжээ маш бага эсвэл маш өндөр байвал эрүүл мэндэд нөлөөтэй гэж үздэг. Мөн архаг стресс нь кортизолыг байнгын өндөр түвшинд байлгадаг учраас цусны даралт ихсэх, чихрийн шижин үүсэх зэрэг эрсдэлтэй аж. Уйлснаар стрессийн даавар нулимсаар гадагшилдаг тухай дээр дурдсан. Иймээс сэтгэл зүйн байдлаа мэдрэх, стресс бухимдалтай үедээ түүнийгээ тухай бүрт гадагшлуулж байх нь тустай гэж үзэж байна.  

  • Бактерийн эсрэг ач тустай 

Уйлах нь бактерийг устгаж, нүдийг цэвэрлэхэд тусалдаг. Нулимсанд лисозим (lysozyme) хэмээх  хадваргүйжүүлэх бодис агуулагддаг ба уйлах үед тэрхүү бодис нүдийг цэвэрлэдэг байна. 

Дүгнэлт 

Эрэгтэй, эмэгтэй хүний уйлах болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ялгаа нь биологийн хүчин зүйл, нийгэм соёлын байдлаас тодорхой хэмжээнд хамаарч байна. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн даавар нь уйлах хандлага, давтамжид нөлөөлдөг гэх ойлголт судлагдсаар, үүнтэй холбоотой олон таамаглалууд гарсаар байна.

Мөн “эрэгтэй хүн уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой” гэх мэт хүйсийн хэвшмэл ойлголтоос гадна эрэгтэй хүн уйлахдаа ичгүүртэй мэдрэмжийг мэдрэх байдал нь нийгэмд байсаар байна. Үүгээр зогсохгүй, эрэгтэйчүүд сэтгэл зүйн хямралаа даван туулахын тулд донтох зан үйлд автах хандлага илүү байдаг, энэ нь цаашлаад ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг дээр дурдсан зарим судалгаанд тусгасан байна. Нөгөө талаар, уйлах нь тодорхой хэмжээнд ач холбогдолтой байж болдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж буй.  

Иймээс “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “эрэгтэй хүн эмзэг, сул дорой байж болохгүй” гэх мэт хэвшмэл ойлголтыг нийтээрээ бууруулж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах боломж, нөхцөлөө эрэгтэй хүн өөрөө хязгаарлахгүй, түүнд өөр хэн нэгэн ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байх нь чухал юм. “Хөвгүүд уйлж болно” гэдэг нь бодит зөв ойлголт бөгөөд, олон талын ач холбогдолтой нь дээрх судалгаануудаас харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document